Дэлхийн хувцас загварын ертөнцөд Монгол хэмээх нэрийг дуурсгаад өчигдөр эх орондоо ирсэн Т.Шинэтуяатай ярилцлаа.
-Нэр хүндтэй тэмцээнд оролцон эх орныхоо нэрийг өндөрт гаргаад ирсэнд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Би “Гэгээрэл” бүрэн дунд сургуулийн ахлах ангид сурдаг. Энэ жил 16 нас хүрсэн. “Шилмэл загвар” агентлагт гэрээт модель хийдэг. Мөн чөлөөт цагаараа усан спорт, сагсан бөмбөг, гимнастикаар хичээллэдэг.
-“Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцсон талаараа ярихгүй юу?
-Африкийн Блумфонтейн хотод болсон “World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцон 16-19 насны ангилалд тэргүүн байр эзэлж, шилдгийн шилдэгт шалгарч титмийн эзэн боллоо. Энэ тэмцээн гуравдугаар сарын 12-21-нд ес дэх удаагаа болсон бөгөөд гол зорилго нь дэлхийн шинэ дүр төрхийг гаргаж ирэх юм билээ. Харин Монгол улсаас анх удаагаа оролцлоо.
-Хэдэн орны охид оролцсон бэ?
-16-19, 20-30 нас гэсэн ангилалд нийтдээ 40 гаруй орны модель оролцсон.
-“Дэлхийн супер модель” тэмцээний гол шалгуур нь юу байв?
-Оролцогчдын биеэ авч яваа байдал, бусад охидтой хэрхэн харьцаж буй, зураг авхуулахад нүүр царайны хувирал ямар байна гээд бүх зүйлийг нь хардаг юм билээ.
-Монголд чадварлаг модель охид олон байгаа. Эндээс ямар шалгуурыг давж, дэлхийн тэмцээнд явах эрхийг авсан бэ?
-Монголын бүх загварын агентлагийн модель дунд нээлттэй шалгаруулалт явуулсан. Олон чадварлаг охидтой өрсөлдөж энэ тэмцээнд оролцох эрхийг авсандаа маш их баярлаж байгаа.
-Өмнө нь олон улсын чанартай моделийн тэмцээнд оролцож байв уу?
-Би “Шилмэл загвар” агентлагт суралцаад нэг жил болж байгаа. Өмнө нь тэмцээнд оролцож байгаагүй.
-Хаанахын модель хүчтэй өрсөлдөгч чинь байсан бэ?
-“Дэлхийн супер модель” тэмцээнд орон орноосоо шалгарсан шилдэг моделиуд оролцсон болохоор бүгд л хүчтэй өрсөлдөгч байсан. Яг тэр улсын модель миний гол өрсөлдөгч байна даа гэж хараагүй. Харин бид бүгд сайхан найзууд болж чадсан шүү.
-Олон орны охидтой найзууд болсон гэж байна. Хэлний тал дээр хэрхэн ойлголцож байв?
-Би багаасаа Хятад хэлээр суралцаж байгаа. Мөн Англи хэлийг дунд сургуульд орсон цагаасаа эхлэн сурж буй болохоор харилцааны тал дээр ямар нэг бэрхшээл гараагүй гэж хэлж болно.
-Олон улсын чанартай тэмцээнд оролцоход үсчин, гоо сайханч нь цаанаасаа байдаг юмуу эсвэл эндээс баг гаргаж хамт явсан уу? Мисс Т.Батцэцэг бас тус тэмцээнд явсан шүү дээ.
-“Шилмэл загвар” компанийн гүйцэтгэх захирал Тамир болон менежер Мөнхцэцэг, мисс Т.Батцэцэг гээд Монголоос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг тус тэмцээнийг зорьсон. Т.Батцэцэг эгч маань 20-30 насны ангилад эх орноо төлөөлөн оролцож шилдэг 16-д үлдэж чадсан юм. Харин Тамир, Мөнхцэцэг нар бидний арын албыг хариуцан явсан. Үсчин, гоо сайханч байгаагүй ч тэдний дэмжлэгээр хамгийн сайхан харагдах боломж бүрдсэн шүү. Мөн “Шилмэл загвар” компанийн Ж.Цэлмэг дизайнер эгч маань маш сайхан гоёлын даашинз урлаж өгсөн. Харин Т.Батцэцэг эгч маань туршлагатай мисс болохоор олон зүйл дээр зааж сургаж байлаа. Дашрамд хэлэхэд надад үргэлж тусалж дэмжиж байдаг “Шилмэл загвар” компанийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
-Олон улсын чанартай тэмцээнд оролцоход зардал мөнгө их гардаг учраас манай моделиудад их хүндрэлтэй байдаг гэж сонссон. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Тийм шүү. Монголын олон чадварлаг модель санхүүгийн хүндрэлээс болж тэмцээн, уралдаанд явж чадахгүй байх тохиолдол бий. Энэ тэмцээний хувьд ч мөн адил зардал их гарсан. Харин гэр бүлийнхэн болон “Шилмэл загвар” компанийнхан тусалсан учраас явах боломж бүрдсэн юм.
-2015 онд мисс Т.Батцэцэг “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн. Тэгвэл “Дэлхийн супер модель”-ийн тэмцээн “Дэлхийн мисс”-ээс юугаараа ялгаатай байдаг юм бол?
-Хоёулаа дэлхийн том хэмжээний тэмцээн юм. Харин “Дэлхийн мисс” тэмцээн нь дотоод гоо сайхан болон байгалиасаа гоо үзэсгэлэнтэй төрсөн охидын дунд өрсөлдөөн явагддаг бол “Дэлхийн супер модель”-ийн тэмцээний гол шалгуур нь зураг авахуулахад хэрхэн хувирч чадаж байна вэ гэдгийг нэгт тавьдаг. Гэхдээ мөн л хувцасаа хэрхэн амилуулж, хэрхэн биеэ авч явч байна вэ гээд л маш олон шалгуурыг харна. Ерөнхийдөө дээрх хоёр тэмцээнд оролцохын тулд маш олон шалгуурыг давсан байх шаардлагатай байдаг.
-Энэ тэмцээний титмийг гардаж авснаар цаашид ямар боломж бүрдэж байгаа вэ?
-Маш их боломж нээгдэж байгаа. Тодруулбал энэхүү тэмцээний ангилал бүрээс нэг, хоёр гуравдугаар байр шалгаруулсан. Би өөрийн орсон ангилалд нэгдүгээр байр эзэлхийн зэрэгцээ тус тэмцээнд оролцсон бүх охидоос шалгарч шилдгийн шилдэг болсон учраас Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болсон. "Дэлхийн сүпер модель" болсон охидтой тус агентлаг нэг жилийн гэрээ хийдэг боловч намайг өсөх ирээдүйтэй хэмээн үнэлж гурван жилээр гэрээ хийх эрхийг өгсөн. Тиймээс миний цаашдын моделийн кареер маш ирээдүйтэй харагдаж байгаа.
-“Trump Models” агентлагт дэлхийн нэртэй загвар өмсөгч нар харьялагддаг шүү дээ. Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
-Одоохондоо яг хэзээнээс ажиллах шийдвэрээ гаргаагүй байгаа. Монголынхоо нэрээр гадаадад ажиллах учраас гэр бүлийнхэн болон агентлагийнхаа багш нартай ярилцаж байгаад хэлний мэдлэг болон модель, загвар өмсөгчийнхөө чадварыг илүү хөгжүүлсэний дараа явахаар болсон.
-“Дэлхийн супер модель”-ийн шагналыг гардаж авах үеийн мэдрэмжээ хуваалцаач?
-Би өөрийгөө шилдэг 16-д үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байсан хэдий ч нэгдүгээр байрт орж бүр цаашлаад титмийн эзэн болно гэж бодоогүй байсан юм. Тайзан дээр шилдгийн шилдгээр “Mongolia” гээд эх орны минь нэрийг зарлахад өөртөө итгэж ядан баярын нулимас унагасан шүү. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ.
-Нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож титмийн эзэн болоод, дэлхийд нэртэй загварын агентлагт модель хийх эрх авлаа. Муухайгаар хэлэхэд биеэ тоох ч гэдэг юм уу өөрөөрөө бахархах мэдрэмж хэр төрж байна. Нуулгүй хэлээч?
-Би хамгийн мундаг гээд л биеэ тоох мэдрэмж одоохондоо алга. Харин ч хүмүүсийн итгэлийг алдахгүй байх үүрэг ирж байгаа юм шиг санагдаж байгаа шүү.
-Т.Шинэтуяа маань удахгүй ахлах сургуулиа төгсөх гэж байна. Цаашдаа дан ганц модель хийгээд явах уу. Сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Ахлах сургуулиа төгсөөд бизнесийн чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшинэ гэж бодож байгаа. Харин сургуулиа төгсөхөөс өмнө моделийн кареераа хөөж, Монголын нэрийг дэлхий дахинд олон удаа гаргана гэсэн мөрөөдөлтэй байна.
Г.Оюунтогтох
Гэрэл зургийг: Б.Мөнх-Эрдэнэ