Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Эл баярыг угтан МЗЭ, Р.Чойномын “Өд” сан, Хүүхдийн номын ордон хамтран өнгөрсөн баасан гаригт “Яруу эгшиглэнт өдөр” яруу найраг, сонгодог хөгжмийн цэнгүүн зохион байгууллаа. Ардын уран зохиолчдоос эхлээд гурван үеийн төлөөлөл болсон 21 яруу найрагч бүтээлээсээ уншиж, ХБК-ийн XI ангийн утсан хөгжмийн дөрвөл сонгодог хөгжмөөр үзэгчдийн оюуныг мялаасан юм.
Ардын уран зохиолч Ш.Дулмаа “Газар шороондоо хайртай” шүлгээ уншихдаа “Шүлэг бичиж эхэлсэн бага залуу наснаасаа л уншигчдын өмнө тайлангаа тавьж байгаа мэт шинээр бичсэнээ уншдаг, сэтгэл бодлоо уудалдаг байлаа. Үнээний зэлнээс сүүний үйлдвэрт, элдэв наадам цэнгүүнд хүртэл шүлгээ уншиж, ард түмэнтэй уулздаг байсан тэр үе сайхан байжээ.
Зохиолч бид уншигчидтайгаа уулзах нь улам холдсон энэ үед ийм сайхан өдөрлөг зохион байгуулж буйд баярлаж байна. Залуу зохиолчдоо ард түмэнтэй уулзуулж байгаасай гэж бодох юм” хэмээсэн. Энэ үеэр олон зохиолч, яруу найрагчийн өмнө шүлгээ унших боломжийг жирийн уншигчдад олгоход есөн настай М.Номун “Эр хүн” нэртэй бүтээлээ танилцуулж, хүмүүсийн хайрыг татсан юм.
Тэрбээр “Гэгээнтний найз” шүлгийн номоо гаргасан юм билээ. Энэ номынхоо өмнөх үгэнд М.Номун “Би энэ номыг гаргасны учир бол эхэндээ мөнгөтэй болохыг хүссэн юм. Гэвч мөнгө олох тийм ч амар биш бололтой. Эхлээд их зохион байгуулалт хэрэгтэй юм байна. Дараа нь юмыг маш ихээр тунгаан бодож шүлэг болгон бичнэ. Би есөн настай болохоор есийг есөөр үржүүлсэнтэй тэнцэх 81 шүлгээ гаргалаа.
Гэгээнтэн гэдэг нь шүлгүүдээ өргөмжлөн хүндэтгэж байгаа нэр юм” гэжээ. Тэгвэл уг номынх нь мялаалга үгийг бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Номун хүү 17 насандаа Монголын яруу найрагт өөрийн гэсэн дуу хоолойтой орж ирнэ гэдэгт итгэл төгс байна” хэмээсэн байна. 23 дугаар сургуулийн 4в ангийн сурагч М.Номуныг “Дебют” буландаа урилаа.
-Хэзээнээс, яагаад шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Миний эгч 23 дугаар сургуулийн наймдугаар ангид сурдаг, 13 настай М.Байгал шүлэг бичдэг, зохиолч Дэннис Гослинэр Орэнштэйний “Салхи хүчтэй шуурах үед” номыг англи хэлнээс орчуулсан. Одоо бас шүлгийнхээ номыг гаргах гэж байгаа. Түүнээс үлгэр авч, би хоёрдугаар ангиасаа шүлэг бичсэн. Анх ээждээ зориулж бичсэн. Дараа нь “Нар”, “Сар” гээд жоохон хүүхдийн сэтгэлгээгээр төсөөлөөд л шүлгээ бичсэн.
-Хэдэн шүлэг зохиов?
-200 орчим шүлэгтэй. Энэ номоо Ш.Гүрбазар гуайн дэмжлэгээр гаргасан. Миний шүлгүүдийг уншаад “Жаахан хүүхдийн бүтээлд засвар оруулах дэмий байдаг” гэсэн. Дараагийн номоо зохиолч Л.Одончимэд гуайгаас дэмжлэг авч гаргахаар төлөвлөсөн.
-Ямар үед шүлгээ бичдэг вэ?
-Онгод орохоор зохиодог.
-Онгод гэж юу вэ?
-Гэнэт шүлгийн санаа өгдөг, цаанаасаа л шүлэг бичих хүсэл төрүүлдэг зүйл байдаг юм.
-Тэгвэл чиний онгод хэзээ ирдэг вэ?
-Даваа, мягмар, бямба, ням гаригт шүлгийн санаа их төрдөг. Энэ өдрүүдэд би их дуртай.
-Мөрөөдөл чинь юу вэ?
-Би дэлхийн иргэн болохыг хүсдэг.
-Дэлхийн иргэн гэж хэн бэ?
-Олон улсад танигдсан нэр хүндтэй хүнийг хэлдэг. Би дэлхийд алдартай хөлбөмбөгчин, тогооч, яруу найрагч болохыг хүсдэг.
-Ямар уралдаанд оролцож байсан бэ?
-Шүлгийн уралдаанд ийм бага насны ангилал байдаггүй болохоор надад оролцох боломж гардаггүй. Бага ангийнхан зөвхөн уран уншлагын тэмцээнд л орж болдог. Эмэгтэй зохиолчдын уулзалтаар “Эмэгтэй хүн” шүлгээ уншиж байсан.
-Аль шүлэгтээ илүү хайртай вэ?
-Бүтээлүүдээ голж болохгүй, бүгдэд нь хайртай. Гэхдээ “Шөнө” шүлэгтээ илүү хайртай.
Шөнийн тэнгэрт гялалзах одод
Шүлэгч намайг гайхашруулдаг
Шилбэ норгож буусан шүүдэр
Шүлэгч намайг цочоодог
Шөнө надад шүлгээ бичих цаг өгдөг
Шөнө надад бодлоо тунгаах боломж өгдөг
Шөнө шүлгүүд маань төрдөг
Шөнө зүүд маань хөвөрдөг
Бусдад харанхуй болдог шөнө
Бодлыг маань цэгцэлж
Бүтээл төрүүлж намайг гийгүүлдэг...
Б.ДӨЛГӨӨН