“Домог” хамтлагийн морин хуурч, хөөмийч Б.Бат-Оршихтой ярилцлаа.
-“Домог” хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөв?
-Бид хамтлагаа 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулсан юм. Тиймээс “Домог” гэж нэрлэсэн. Өнгөрсөн 10 жилд ололт, амжилтаар дүүрэн байлаа.
Ойн хүрээнд өсвөрийн морин хуурчдын уралдаан зохион байгуулах, бие даасан тоглолтоо хийх зэргээр төлөвлөсөн ажил бий. Мөн Япон, БНСУ, Швед, Норвеги, Дани зэрэг улсад тоглоно.
-Танай хамтлаг эх орныхоо нэрийн хуудас болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй байх аа.
-Баярлалаа. Бид олон арга хэмжээ, олон улсын уралдаанд оролцсон. Ихэвчлэн л түрүү магнайгаар шалгарч явлаа. Их бахархдаг шүү. 2013 онд Болгар улсад болсон Дэлхийн ардын урлагийн наадмаас алтан медаль, гран при шагнал хүртсэн.
-Төрийн тэргүүн, улстөрчид гадаадад айлчлахдаа танай хамтлагийг дагуулдаг юм билээ.
-Төрийн түшээдтэй олон улсад очиж, эх орноо сурталчилж байлаа. Уртын дуу, морин хуур, хөөмий, бий бийлгээ, уран нугаралт гээд гадаадынхны нүдийг хужирлах өв соёл бидэнд бий.
-Хустайн нуруунд та бүхэн хэдэн тоглолт хийсэн билээ?
-Долоон жил тасралтгүй тэнд тоглосон. Зуны улиралд өдөр болгон л тоглолттой байдаг юм. Хустайн үндэсний хүрээлэнд гадаад, дотоодын олон зочин, жуулчин ирдэг. Монголд ирдэг жуулчдын 70 хувь нь тэнд заавал зочилж, тахь хардаг гэсэн судалгаа бий. Тэдэнд Монголынхоо өв соёлыг сурталчилдаг даа.
-Гадаадын том тайзан дээр язгуур урлагаа сурталчилж, олон улсын уралдааны шилдгээр шалгараад зогсож байх мөчид юу бодогддог вэ?
-Маш их бахархдаг. “Энэ бол бид шүү дээ” гэсэн омогших сэтгэл төрдөг. Эрт үед морин туурайгаар дэлхийг донсолгож явсан тэр л ард түмэн одоо морин толгойт хуураар соёлыг сурталчилж байна гэж бодохоор сайхан байдаг.
-Таныг өмнө нь “Хөх Монгол” гэж хамтлагтай байсан гэж сонссон.
-Манай хамтлагийн их хуурч Г.Пүрэвдорж бид хоёр Германд амьдарч байхдаа “Хөх Монгол” хамтлагтай байлаа. Монголдоо буцаж ирээд “Домог” хамтлагаа байгуулсан.
-Хамтлагийн таван гишүүн хэрхэн холбогдож, нэгдэв?
-2006 оны хоёрдугаар сард СУИС-ийн урд талын цайны газарт анх уулзаж байлаа. Г.Пүрэвдорж л хамтлагийнхнаа цуглуулсан юм. Тэр өдрийнхөө маргаашнаас Хөгжим бүжгийн коллежид Ё.Батбаяр багшийн өрөөнд бэлтгэл хийж эхэлсэн дээ.
Анхны цомгоо 2007 онд “Домог” нэртэйгээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “B” продакшнд бичүүлж байлаа. Өдгөө 10 жилийн ойдоо зориулсан цомог гаргаж байна.
-Та хаана төрж, өссөн бэ?
-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, Сайхан-Овоо суманд өссөн. Онгийн голын эрэг дээр хүн болсон. Миний аав Ж.Базарваань нутаг усандаа алдартай, Сайхан-Овоо сумын Засаг дарга байлаа.
-Та хэдэн настайгаасаа морин хууртай нөхөрлөсөн бэ?
-1995 онд дөрөвдүгээр ангид байхад минь манайх шинэ гэр барьж, тусдаа гарсан юм. Тэгэхэд аавын найз Бира гуай өөрийнхөө урласан морин хуурыг манайд бэлэглэсэн.
Хуур бэлэглэсний маргааш нь л сумынхаа соёлын төвийн эрхлэгч Мөнхнасанд шавь орж, хуурын таталга заалгаж эхэлсэн. Ерөөлч, магтаалч хүн л дээ.
Тэр үеэс л “Яргуй” хүүхдийн наадамд оролцож, байнга тэргүүн байрт шалгардаг байлаа. Хүүхэд байхдаа олон уралдаанд оролцсон.
-Тэгвэл морин хуурч мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
-Соёлын дээд сургуульд элсэн, Ч.Баатархүү багшаараа хичээл заалган мэргэшсэн. Дараа нь СУИС-д орж, О.Баттөгс багшийнхаа шавь болсон. Би олон мундаг багштай. Морин хуур эгшиглэсэн газарт эрийн хийморь сэтгэж, гэрийн жавар үргэдэг гэдэг шүү дээ. Одоо бол морин хуурыг миний биеийн нэг хэсэг гэхэд хилсдэхгүй.
-Хуураа татахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Яруу найрагч М.Цэдэндорж
“Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдаст багтаасан
Хосгүй нэгэн авьяастан
Азийн цээжинд нутагтай...” гэж шүлэглэсэн. Морин хуур хөгжмийн аялгуу адгуус амьтныг хүртэл уяраадаг ид шидтэй шүү дээ. Хуураа татахад бүгд сайхан болж, бусад зүйл мартагддаг. Яг тийм гээд оновчтой үгээр илэрхийлж чадахгүй байна.
Хуур, хүн хоёр ярилцаж байгаа ч юм шиг санагддаг. Ууртай, сэтгэл тогтворгүй үед тоглоход ерөөсөө дуугарахгүй байх шиг болдог юм.
-Та сэтгэл хөдлөл ихтэй юм аа. Морин хуурын тухай ярихад л хоолой тань зангирах юм.
-Ер нь хөгжимчид, уран бүтээлчид тийм л байдаг байх. Хөгжим хүнийг тийм л уяхан болгодог. Ялангуяа морин хуур. Би хуурыг амьтай гэж боддог.
-Гарын шавь бэлдэж байна уу?
-Шавь гэхээс илүү энэ хөгжмийг үнэхээр тоглож сурахыг хүссэн хүүхдүүдтэй мэдсэн, сурснаа хуваалцахыг хүсдэг юм. Одоогоор хорь гаруй шавьтай. Тэдний түрүүч нь СУИС-ийг төгсөж байна.
Дундговь аймгийнхаа морин хуур сурах хүсэлтэй хүүхдүүдэд мөн тусгайлан заадаг. Хүүхдүүдтэй ажиллах их сайхан шүү. Багш гэхээсээ илүү дотно найз нь байхыг хүсдэг. Ээж, аавдаа хэлдэггүй нандин нууцаа надтай хуваалцдаг.
-Зөвхөн хөгжим гэлтгүй, спортоор мөн хичээллэдэг байсан гэл үү?
-Хөнгөн атлетикаар хичээллэдэг, тэмцээнд ч оролцдог байсан. Хүүхэд насны л сонирхол юм даа.
-Хөөмий гэх агуу зүйлд хэзээнээс суралцав?
-Удаагүй. Суралцаж байгаа бидэнд ч “Юу билээ” гэж бодогдох үе байдаг. Үгээр илэрхийлэх аргагүй зүйл. Энэ хоолойн дотор юу болж, ямар чичиргээнээс тэр авиа гарч байгааг харах боломжгүй. Бас тайлбарлахад хэцүү. Одоо ч сурсаар л байна.
Байгаль, араатан амьтдын дуу чимээнээс л улбаатай зүйл гэж боддог доо. Харамсалтай нь бид өөрсдөдөө байгаа нандин уурхайгаа үнэлж, судалж чадахгүй л байна.
-Залуус барууны хөгжимд хэт татагдаад язгуур урлагаа ойшоохгүй хандлага ажиглагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Харин ч өөр болж байна. Үндэсний, язгуур урлагийн хамтлагууд ч олширч байна. Бид монгол үндэсний хөгжим дэлхийд өрсөлдөх боломжтой гэдгийг харуулахыг л хичээж яваа.
-Морин хуурч гэж яг хэнийг хэлэх юм бэ. Урлагийн сургуульд сурч, энэ хөгжмийг эзэмшсэн хүн үү, эсвэл малынхаа хотонд ахмадаараа заалгаж сурсан хүн үү?
-Мэргэжлийн морин хуурч гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуултад би одоо ч хариулж чаддаггүй. Шинжлэх ухааны үндэстэй, ноот, хөгжмийн онолыг нь үзэж, СУИС-ийг төгссөн морин хуурчийг хэлэх үү, гэртээ, шавь сургалтаар сурч, таталга татан, ерөөл хэлж, тууль хайлдаг хүнийг хэлэх үү. Би бол эдгээрийг хослуулдаг байгаасай л гэж хүсдэг.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Саалийн хэдэн үнээндээ тэжээл, ус дөхүүлэхээс л эхэлнэ дээ. Өдөр нь хамтлагийнхантайгаа бэлтгэл, сургуулилалт хийнэ. Хичээлдээ явна. Амралтын өдрүүдээр хүүхдүүдэд хичээл заана. Өдөр бүрийн хэмнэл өөр өөр.
-Өдөрт хамтлагаараа хэдэн цаг сургуулилалт хийдэг вэ?
-Янз бүр дээ. Тоглолт дөхсөн үед өдөржингөө бэлдэнэ, бусад үед тогтмол 1-2 цаг. Харин гадаадад байх үед байнгын бэлтгэл алдагдчих гээд байдаг юм.
-Та хотоос жаахан зайдуу амьдардаг юм билээ. Энэ их ажлаа амжуулахад хэцүү биш үү?
-Би адуунд их дуртай. 13 нас хүртлээ хурдан морь унасан шүү. Өвөө минь нутагтаа алдартай уяач хүн. Тийм болохоор би адуу малаас хол байж чаддаггүй. Тэгээд л жаахан зайтай байгаа юм. Би өөрөө ч төв газар суурин байхыг хүсдэггүй юм.
Аль болох л суурьшмал амьдралаас холдохыг хичээдэг. “Дээдсээс өвлөгдсөн малчин заяа, дэлхийд ховорхон ганцхан заяа” гээд дуу байдаг шүү дээ. Миний аав бурхны орон руу явтлаа завгүй ажилласан хүн. Би ч өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг.
-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Би хэнээс ч битгий тус гуй гэж хэлэх дуртай. Өөрөө хийж чадах зүйлийг хүнээс гуйж яах юм бэ. Өөрөө өөртөө эзэн болж явах шиг сайхан зүйл хаана байна.
-Та саалийн үнээтэй юм байна. Дэлэнг нь шувтрах эзэгтэй байгаа биз дээ?
-Миний хань О.Эрдэнэчимэг гэж энгийн л нэг монгол бүсгүй бий. Эрхзүйч мэргэжилтэй. Бид нэг охинтой.
-Мал маллаж, хотоос зайдуу амьдарна гэхэд эхнэр тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Мал мэддэг болохоор биш, мэдэхийн тулд намайг дагаад явсан байх. Амьдралыг сөрж давна уу гэхээс, унаж тусаад явбал бүтэхгүй. Бид сөрж л яваа.
-Морин хуур бүр өөрийн түүх, онцлогтой байдаг. Та хэдэн хууртай вэ?
-10 гаруй морин хуур бий. Эхэлснээсээ хойш 20-иод хуураар тоглосон байна. Би хайртай, үнэ цэнэтэй хуураа дотно хүмүүстээ бэлэглэчихдэг. Яагаад ч юм, тэднийд л байх ёстой юм шиг санагдаад байдаг. Хамгийн анх тоглож сурсан хуур аавынд, удаах нь ахынд байдаг.
-Хамгийн үнэ цэнэтэй морин хуураа хулгайд алдсан гэсэн. Үнэн үү?
-Хоёр жил гаруйн өмнө машинаас морин хуурыг минь аваад явчихсан байсан. Хулгайд алдсан гэж хэлэх дургүй. Монголчууд морин хуурыг ямар их дээдэлдэг билээ дээ. Найр, хуримд хөлчүүрхэх хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ хэзээ ч морин хуур тоглож байгаа хүн рүү агсамнадаггүй.
Хуурыг минь авсан хүн гэртээ аваачаад залчихсан байгаа л гэж боддог. Тэр хуурыг надад зориулж хийсэн хүн бурхан болсон. Миний хувьд их л үнэтэй зүйл байсан юм даа. Хайртай хар халзан морио тэр хуурандаа мөнхөлсөн байлаа.
Ээжийнхээ урласан эсгий уутанд хийчихсэн байсан юм. Надад авчирч өг гэж хэлэхгүй. Гэхдээ над шиг хайрлаж, хүндэтгэлтэйгээр залаасай л гэж хүсэж, найддаг. Хайртай зүйлээсээ хагацах хэцүү юм билээ. Хуур минь хаана аргасаж яваа бол гэж хааяа боддог.
А.ХАЛИУН