МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН ЦЭРЭНДЭЖИДИЙН ГАНТӨМӨР
/1935-2016/
Монголын тайз, дэлгэцийн урлагийн алдарт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөр 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, манай театрын уран бүтээлчид, монголын соёл урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.
Цэрэндэжидийн Гантөмөр нь 1935 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт төрж, долоон жилийн дунд сургууль, нийслэлийн нэгдүгээр дунд суруулийг төгсөөд 1954 оноос Улсын хөгжимт драматик театр буюу одоогийн Улсын драмын эрдмийн театрт ажиллаж эхэлснээс хойш театрын урлагт нэгэн жарны турш бүтээлч хөдөлмөрөө зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр, дэлгэцийн 20 гаруй дүрийг авьяас билэг, хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюунаа шингээн урласан дүр бүтээх ухааны их мастер байлаа.
Тэрбээр театрын тайзнаа Л.Ванганы “Тожоо жолооч” жүжгийн Шийнэн, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан” жүжгийн Нанжин, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Зарц өвгөн, Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Салга баян, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Агваан, “Ээдрээ” жүжгийн Сономбаатар, Мөнх-Очир гүн, В.Шекспирийн “Отелло” жүжгийн Отелло, А.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Паратов, Б.Брехтын “Эхийн сэтгэл” жүжгийн Аздак, В.Вишневскийн “Үхэвч үнэн ялна” жүжгийн Алексей, Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийн Дорж, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Хотын дарга, Б.Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийн Галилей, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн Машука хаан зэрэг театрын урын санд сор болон мөнхөрсөн шилдэг дүрүүд, В.И.Ленин, Г.Димитров, Д.Сүхбаатар зэрэг түүхэн хүмүүсийн дүрийг тайзнаа урлан бүтээсэн нь үзэгчид, мэргэжил нэгт нөхөд, театр урлаг судлаачдаас өндөр үнэлэлт авч Гантөмөрийн гэсэн алдрын тодотголтой “Хүний мөр” киноны нисгэгч Чинбатын дүрийг үзэгчдийн сэтгэлд шигтгээ болгон гялалзуулсан ширгэшгүй авьяастан, алтан тайзны аргагүй заяамал нэгэн тод од байсан юм.
Ц.Гантөмөрийн ур ухаан, бүтээлч амьдралаа зориулан бүтээсэн олон шилдэг дүр нь үндэсний театр, киноны урын санг баяжуулж Монголын тайз, дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Халх голын 30 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж 1966 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол, 1990 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2006 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээжээ.
Мөн хоёр улсын театруудын олон жилийн бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь үнэлж ОХ-ны Буриад улсын Ардын жүжигчин, “Жуух бичиг”-ээр шагнасан юм.
Ц.Гантөмөр нь театрын урлагийн алдар хүндтэй жүжигчин төдийгүй уран бүтээлийн залгамж халаа, шинэ залуу авьяастан жүжигчдийг сурган хүмүүжүүлж тэдэнд дүр бүтээх, урлахуйн ухааны элбэг баян уламжлал туршлагаа өвлүүлэн үлдээж театрын ахмад-залгамж хойч үеийн холбоог бэхжүүлэх соён гэгээрүүлэх үйлсэд өөрийн ухамсарт амьдрал, бүтээлч үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн зориулж ирсэн эрхэм хүндтэй багш СУИС-ийн хүндэт профессор байсан.
Монголын театр урлагийн хөгжил дэвшлийн төлөө нэгэн жарны туршид хоёргүй сэтгэлээр зүтгэж, үе үеийн уран бүтээлчид, жүжигчдийн хайрлан хүндлэх, шүтэн бишрэхийн билэгдэл-үлгэр дуурайлал, болсон Их жүжигчний бүтээсэн гавьяат үйлс нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд гэрэлтэн дурсагдсаар байх болно.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон
"Өнөөдөр" сонины хамт олон