“Эмоушн” хамтлагаас гараагаа эхэлж, өдгөө бие даан уран бүтээл туурвиж буй дуучин Т.Солонготой холбогдлоо. Тэрбээр энэ сарын 18-нд “Хотын болзоо” хэмээх бие даасан анхны тоглолтоо үзэгчдэд хүргэнэ.
-Удахгүй болох тоглолтынхоо талаар тодруулна уу?
-“Эмоушн” хамтлагаасаа гарсны дараа бие даасан тоглолт хийж амжилгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс цэргийн өдрийг тохиолдуулан “Хотын болзоо” тоглолт хийхээр товлосон. Ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулж олон тоглолт хийдэг хэрнээ эрчүүддээ зориулсан нь бараг үгүй шүү.
-Тоглолтод “Sweetymotion” хамтлаг, дуучин С.Сэрчмаа оролцоно гэсэн. Тэгэхээр “Эмоушн” бүрэн бүрэлдэхүүнээрээ хэдэн жилийн дараа тайзан дээр гарах гэж байна вэ?
-Тэр өдөр бүгд цуглана. Гэхдээ хамтдаа дуулах, үгүйгээ хараахан шийдээгүй байна. Мөн гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Б.Баярцэцэг, Э.Энхзол нарын уран бүтээлч тоглолтод урилгаар оролцоно. Мөн “Vatame” хамтлагийн залуус хөгжимдөнө. Эрчүүддээ олон гэнэтийн бэлгүүд бэлдэж байгаа шүү.
-Та амаржсанаасаа хойш шинэ уран бүтээл хийж амжив уу?
-Хүүгээ төрүүлээд уран бүтээлээ түр хойш тавьсан. Хүү маань одоо ой зургаан сартай, гараас овоо гарч байна. Тиймээс би оны өмнөөс шинэ дуунуудаа бичүүлж эхэлсэн. Таван шинэ дуу бичүүлчихсэн байгаа. Тоглолтынхоо дараагаас сонсогчдод хүргэж эхэлнэ.
-Тэгэхээр тун удахгүй анхны цомгоо ч гаргана гэсэн үг үү?
-Цомгоо гаргахаар төлөвлөж байгаад амжилгүй хүүгээ төрүүлсэн юм. Энэ онд багтааж хоёр ч цомог гаргана. Нэлээд дуншиж байж гарах цомгууд учраас чанартай уран бүтээлүүд багтаахыг хичээж байна.