Учиргүй даруухан, ичимхий гэх муу “зуршилтай” би тавдугаар ангидаа санамсаргүйгээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн нэрэмжит хүүхдийн найрал дууны уралдаанд сургуулийнхантайгаа оролцсон.
Бага насны хамгийн сайхан дурсамжуудыг минь тээсэн тэр л үед олонтой нөхөрлөж, муу зуршлаасаа ч салж, дуу хуур, урлагт элэгтэй болсон. Яагаад ч юм бэ найрал дуу сонсохоор хүүхэлдэйн кинонд дүрсэлдэг шиг диваажин санаанд эрхгүй бууж, дуучдыг нь тэнгэр элч мэтээр төсөөлдөг юм.
Бусдыг нэг хүн шиг нэгтгэж, тэнгэр элчийнх мэт сонсголонтой хоолой хоршуулдгаараа найрал дуу гайхамшигтай. Ариун, увдистай, олон ач холбогдолтой энэ урлагийг хөгжүүлэхээр насаараа зүтгэж яваа найрал дууны удирдаач Т.Тельмантай ярилцлаа. Түүний шавь хэдэн зуугаар тоологдоно гэсэн.
Учир нь тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос төрдөг авьяастнуудад хөгжмийн цагаан толгой буюу онол, сонсгол, найрал дуу, түүний найруулга зүйн хичээл заадаг юм билээ.
-Мэргэжлийн урлагийнхан тухайн сонгосон чиглэлээрээ багаасаа суралцдаг. Тэгэхээр мэргэжлээ ч сонгож амжаагүй байхад нь уран бүтээлч болох замыг эцэг, эх нь чиглүүлдэг. Та урлагтай хэрхэн холбогдсон бэ?
-Миний аавын төрсөн дүү Дарьзав Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилдаг байсан болохоор намайг урлагт хөтөлсөн. Би Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид суралцаж, 1973 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хийлийн ангид элссэн ч дуурийн найрал дууны удирдаач болж төгссөн.
Хоёрдугаар дамжаанд байхдаа мэс засалд орж, сар гаруй сургууль хийгээгүй. Алдсанаа нөхөхөөр олон цаг хийл тоглосноос болж хуруу татсан юм. Төгсөж ирээд Соёлын яамны томилолтоор Дархан-Уул аймгийн Залуучууд театрт, дараа нь Сэлэнгийн долгио, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад хормейстерээр ажиллаж байгаад 1989-1996 онд Хөгжмийн багшийн коллежид, 2000 оноос сургуульдаа багшилж байна.
2007 онд Хавайн арлын найрал дуучид ирж, манай оюутнуудтай хамтран ДБЭТ-т тоглосон. 2009 онд Францад болсон олон улсын найрал дууны наадамд оюутан, сурагчидтайгаа оролцсон. 130 гаруй орны найрал дууны бүрэлдэхүүн тус наадамд бичлэгээ илгээж, 15-ыг нь сонгож дуулуулсан юм билээ.
-Орон нутагт байхдаа наадам, уралдаанд хэр их оролцож байв?
-Олон улсын уралдаанд оролцох боломж, нөхцөл орон нутгийнханд байгаагүй л дээ. Улаанбаатарт “Соёл урлагийн 10 хоног” арга хэмжээ зохион байгуулдаг байхад Залуучууд театрынхантайгаа оролцож байлаа.
Ардын дууны хоёр найруулга бичсэнийг минь манай дуучид толилуулсан. Сэлэнгийн долгио чуулгад байхдаа “Миний нутгийн од” тоглолтод дуучдаа бэлтгэж, монгол зохиомжтой а капелла дуулуулж байлаа.
-Найрал хөгжмийн удирдаач болъё гэж бодож байсан уу?
-Энэ тухай бодож байсан ч боломж гараагүй. Гэхдээ найрал хөгжмийн зэмсэгт зориулж зохиол, бүтээл туурвихаар оролдож байгаа. Мэдээж мэргэжлийн түвшинд бичихийн тулд хөгжмийн зэмсгүүдийг маш сайн судлах шаардлагатай.
Хөгжим, дууны найруулгын төрлийг бие дааж их судалж байгаа. Би 26 настайгаасаа Монголын найрал дууны урлагт зүтгэж иржээ. Монголд мэргэжлийн найрал дууны удирдаач цөөнгүй. Гэхдээ найрал дууны зохиол үгүйлэгдэж байна.
Тиймээс найрал дууны зохиомжийг мэргэжлийн түвшинд хүргэх зорилго тавьж, цаашид энэ чиглэлээр амжилт гаргахын төлөө зүтгэнэ.
-Та хөгжим хэр их бичдэг вэ?
-Миний зохиосон хөгжим цөөхөн дөө. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг”, “Од” шүлгийг ашиглан найрал дуу, симфони оркестрт зориулсан кантат (магтуу, цөөхүүл дуулахад зориулсан бүтээл) бичсэн. 2007 онд ДБЭТ-ын найрал дуучид Улсын филармонийн хөгжимчидтэй “Од” кантатыг тоглож байлаа.
Яруу найрагч Доржпаламын шүлгээр “Эх орон” кантат бичсэнийг өнгөрсөн онд ХБК-ийнхон “Алтан намар” наадмын үеэр дуулсан. “Гоолингоо”, “Юндэн Гөөгөө”, “Хоёр сэтгэл” зэрэг хэд хэдэн ардын дууны найруулга бичиж, а капелла дуулуулж байлаа.
Францад болсон найрал дууны наадамд манайхан “Гоолингоо”-г дуулахад хүмүүс “Монгол найрал дуу их гоё юм. Дахиулъя” гэсэн. Найрал дууг бараг дахиулдаггүй болохоор надад онцгой сэтгэгдэл төрж билээ.
Манай ардын дуу гайхамшигтай аялгуутай болохоор сайн зохиомж бичээд аль ч улсад тоглоход Монголын найрал дууны урлагийг түгээж чадах юм байна гэж тэр үед бодсон.
-Сургуулиа төгсөөд ирэхэд хотод хуваарилсан бол хувь заяа тань хэрхэн өөрчлөгдөх байсан талаар боддог уу?
-Миний үеийнхнээс цөөн хүнийг хөдөө хуваарилсан. Ганцхан ДБЭТ л мэргэжлийн найрал дууны ангитай байсан болохоор намайг тэнд л хуваарилна гэж таамаглаж байлаа. Хувь тавилангаар Дарханд ажиллаад муудаагүй ээ, уран бүтээл, амьдралын их туршлага хуримтлуулсан.
Гэхдээ тухайн үед Залуучууд театрт гоцлол дууны багш илгээсэн бол илүү тохиромжтой байсан гэж боддог. Яагаад гэвэл тэнд найрал дуучид биш, гоцлоочид байсан.
-Цахимаас хайхад хормейстерийн өгсөн ярилцлага, энэ талаарх монгол мэдээлэл бараг байдаггүй юм билээ. Үнэлэмж нь их муу бололтой.
-Монголд сонгодог урлаг хөгжсөн цагаас л найрал дуунд анхаарлаа сул хандуулсан гэж боддог. Хэрвээ мэргэжлийн найрал дууны урлагийг сурталчилъя гэвэл өндөрсгөсөн шат тавиад, олон хүний бүрэлдэхүүнтэй тоглолт толилуулах хэрэгтэй болно. Монголд анхнаасаа л ийм тоглолт цөөн тавьж байсан.
Өнгөрсөн онд Красноярскт болсон олон улсын найрал дууны удирдаачдын уралдааныг шүүсэн юм. Тэндээс юу ажигласан бэ гэхээр дэлхийн олон орны хөгжмийн дунд сургууль найрал дууны тэнхимтэй, энэ чиглэлийн мэргэжлийн бүх хичээлийг хүүхдүүдэд заадаг юм билээ.
Харамсалтай нь манай мэргэжлийн их сургуульд ч найрал дууны тэнхим байхгүй. Тиймээс мэргэжлийн уралдаанд амжилт гаргах боломж бүрхэг. Ноот мэдэхгүй хүүхдүүдэд найрал дууны урлагийг ойлгуулахад бэрхшээлтэй.
Өндөр хөгжсөн оронд багаас нь энэ төрлийн хичээл заадаг болохоор ноот хараад шууд унших эрдэмд суралцдаг. Мэргэжлийн байгууллагын найрал дуучдын боловсролыг нь ч илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай.
Бодлого л дутагдаад байгаа болохоос биш, манай хүүхэд, залуучуудад авьяас, сайхан хоолой байгалиас заяасан гэж боддог.
-Та энэ талаар ямар санаачилга гаргаж, хэрэгжүүлж байгаа вэ?
-Мэргэжлийн найрал дуучдын урын санг баяжуулах, харилцан биенээсээ туршлага солилцох боломж олгох, энэ чиглэлийн олон уран бүтээлч төрүүлэх зорилгоор 2005 оноос “Найрал дууны хаврын баяр” зохион байгуулж байна.
ДБЭТ, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, СУИС, ХБК, Соёлын дээд сургууль, “Сити” дээд сургууль зэрэг мэргэжлийн байгууллага, урлагийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулийнхан оролцдог.
-ДБЭТ-т дуурь үзээд найрал дуучдынх нь талаар ямар дүгнэлт гаргадаг вэ?
-Мэдээж дуурийн тухайн хэсгүүдийн илэрхийллийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, дуулдаг. Орон тооны асуудалд л анхаарах хэрэгтэй байна даа. ДБЭТ-т 63 найрал дуучин байдгийг хоёр дахин нэмэх зайлшгүй шаардлагатай.
Сопрано, альт, тенор, баритон гэх найрал дууны дөрвөн төрлийн хоолойгоор тус бүр 20-25 дуучин дуулж байж мэргэжлийн түвшинд харьцаа нь бүрдэнэ. Зөвхөн найрал дуу ч гэлтгүй бүжигчин, хөгжимчдийн тоог нэмэх хэрэгтэй.
Социализмын үетэй харьцуулахад манай улсын хүн ам өссөн учир урлагийн боловсон хүчний тоогоо ч үүнтэй уялдуулах хэрэгтэй.
-Таныхаар хөгжмийн урлагт нүүрлэж болох хамгийн том аюул юу вэ?
-Хэрвээ сэтгэл, зүтгэл гаргаж, өдөр бүр хөдөлмөрлөж, хийж бүтээж, туурвихгүй бол аль ч урлагт аюул нүүрлэнэ. Сэтгэлээ зориулж өдөр бүр системтэй ажиллаж, ирээдүйгээ харан, бусадтайгаа хамтарч хөгжүүлэхийн төлөө зүтгэвэл уруудахгүй.
-Соёлын өвөө тээгчид цөөрч байгаа нь монгол “үнэртүүлсэн” бүтээл төрөх ирээдүйд нөлөөлөх үү?
-Цөөн хүн үүнд сэтгэл зүтгэл гаргасан ч эдийн засгийн хөшүүрэг, бодлогоор дэмжих, ахмадуудаас суралцах уламжлалаа орхигдуулчихвал тун ярвигтай асуудал.
-Уралын Хөгжмийн их сургуульд 1973 онд элссэн гэхээр З.Хангал, В.Боролдой, Ц.Нацагдорж, Р.Энхбазар нартай хамт сурсан байх нь ээ?
-Хөгжмийн зохиолч Хангал, Нацагдорж, Боролдой, хормейстер Чойбаатар, Алтантуул гээд олон шилдэг оюутан байсан. Тэр дундаа Нацагдорж хөдөлмөрч, ном их уншдаг боловсролтой, энгийн даруу хүн байж дээ. Бид гадаад кино их үздэг, хөгжмийн онолын тухай ном уншиж, зохиол бүтээл сонсож хоорондоо тэр тухай ярилцдаг байсан.
Хангал пянз тоглуулагчаар дуурь, симфони үргэлж сонсоно. Хормейстер Ж.Хайдавыг найрал дууны хичээлд дуулахад нь багш, оюутангүй бүгд “Ямар сайхан аргил хоолойтой юм бэ” гэж шуугилддаг байсан сан.
-Гончигсумлаа, Мөрдорж, Лувсаншарав, Хангал, Билэгсайхан, Шарав, Жанцанноров гээд л авьяаслаг хөгжмийн зохиолчдыг нэрлээд байвал олон.
Дээхнэ үед үнэхээр олон авьяастан төрсөн юм уу, эсвэл боловсон хүчнээ гадаадад бэлтгэдэг байсантай энэ холбоотой юу?
-Яах аргагүй нийгмийн байдлаас шалтгаалсан. Тухайн үед иргэдээ гадаадад боловсрол эзэмшүүлэхэд их анхаарч байснаас гадна дээхнэ үеийнхэн их хөдөлмөрч, шаргуу, нийгэм, эх орон, мэргэжлийнхээ төлөө үнэхээр зүтгэдэг байснаараа давуу талтай. Одоо улсаас цөөхөн хүн гадаадад сургаж, олонх нь хувийн зардлаар өөр оронд суралцаж байна.
Социализмын үед Соёлын яам гурван орлогч сайдтай, олон хэлтсийн дарга нар нь чиглэл тус бүрийн асуудлаа хариуцаж ажилладаг байсан. Одоо манайх шиг соёлын бие даасан яамгүй улс нэг ч байхгүй.
Яамгүй л бол бодлогын асуудлуудыг шийдэж чадахгүй. Хэдэн жилийн өмнө хэдхэн хүн томилж яамтай болсон байсан ч урьдынх шиг бүтэц, зохион байгуулалтгүй болохоор яамны дайтай ажиллаж чадахгүй шүү дээ.
-Таны хүү “A-sound”, “Арга билэг” хамтлагийн гишүүн, төгөлдөр хуурч Пүрэвсүх. Хүүгээ симфони зэрэг том хэлбэрийн бүтээл туурвиж чадах хүн гэж боддог уу?
-За даа, хөгжмийн зохиолч залуучууд заавал бүх төрлөөр бүтээл хийх албагүй. Өөрийн хүслээрээ, зорилгодоо хүрэхээр хөдөлмөрлөх нь хамгийн зөв.
-Түүний нөөц бололцоог хэрхэн үнэлдэг вэ?
-“Дуурь бичих юм сан” гэдэг бол зөвхөн мөрөөдөл. Хүмүүсийг хийж бүтээснийх нь дараа л үнэлнэ шүү дээ.
-Пүрэвсүх аав, ээжийнхээ санаачилгаар ХБК-ийн төгөлдөр хуурын ангид элссэн гэдэг. Өөрийнхөө чадаагүйг хүүгээрээ гүйцэлдүүлэх хүсэл байсан уу?
-Тухайн үедээ тийм бодол байгаагүй. Гэхдээ хүү минь одоо миний хүслийг гүйцээж байна. Миний үеийнхнээс эстрад, жааз урлагт дургүй хүн байхгүй. Миний дуртай төрлөөр мэргэжлийн түвшинд уран бүтээл хийж байгаад сэтгэл хангалуун явдаг.
-Таны эхнэр хөгжимчин байх аа?
-Миний хань Хөгжим бүжгийн дунд сургуулийн контрабас хөгжмийн ангийг 1978 онд төгсөөд, Уралын Хөгжмийн их сургуульд суралцсан. Соёлын яамны томилолтоор Дарханд хөгжимчнөөр ажиллаж байгаад одоо ХБК-д багшилдаг.
Контрабас хэр баргийн хүн тоглодог хөгжим биш. Гадаадад эмэгтэй контрабас хөгжимчин цөөн ажилладаг юм билээ. Түүнийг энэ зэмсгийг эзэмшиж, багшилж байгаад нь баяртай байдаг.
Б.ДӨЛ