Гурван жилийн өмнө “Монгол циркийн хөгжлийн төв” нэртэй төрийн бус байгууллага үүдээ нээж, дэлхийн шилдэг циркчдийн десантыг Монголд анх удаа буулгасан юм. Найрамдалт орнуудын циркийн тоглолт хэмээх хөтөлбөрөөс даруй 30 жилийн дараа ийнхүү дэлхийн циркийн урлаг ямар түвшинд хүрснийг монголчууд нүдээр үзсэн.
Анхны ажил нь амжилттай болж, дараа дараагийн хөтөлбөр, шинэлэг тоглолтын буухиаг үргэлжлүүлсээр долоо дахь цуврал хөтөлбөрөө гуравдугаар сарын 26-нд эхлүүлэх гэж байгаа “Монгол циркийн хөгжлийн төв”, тус төвийн тэргүүн Н.Эрдэнэ, Монголын авьяаслаг циркийн жүжигчдийг “Монголын гэгээ”-д онцолж байна.
75 жилийн түүхтэй Монголын циркийн урлагийн түүхийг сүүлийн таван жилд нь бичилцэж яваа Н.Эрдэнийг “Монгол циркийн хөгжлийн төв”-ийг байгуулан энэ салбарт хөл тавихад нь “Том нэртэй, жижиг байгууллагаар далайлган бизнес хийлээ” гэж олон циркчин шүүмжилж байсныг мэдэх юм.
Магадгүй тэр нэг удаа тоглолт хийж, мөнгө олоод зогсчихсон бол энэ “цол” нь мөнх дагалдах байсан биз. Харин унаж, тусаж зүтгэсээр өнөөдөр долоо дахь төслөө хэрэгжүүлэх гэж байгаа болохоор өөр юу ярих билээ.
Анхны тоглолт нь амжилттай болсон хэдий ч араас нь хийсэн дөрвөн уран бүтээл нь түүнийг асар их хэмжээний өрөнд оруулсан гэдэг. Энэ тухайгаа “МN25 дугаар суваг” телевизийн “Амжилт” нэвтрүүлэгт оролцохдоо нэлээд дэлгэрэнгүй ярьсан.
Үнэндээ дөрвөн настай байхаасаа ээжийгээ дагаж циркийн манежинд хөл тавьж, “хөх асарт” бага насны дурсамжаа үлдээсэн болохоор түүнийг “гаднын” хүн гэж хэлэх аргагүй. Ээж нь Монголын циркийн жүжигчин Ц.Сэлэнгэ. Харин аав нь ширээний теннисний спортын мастер, УАШТ-ий дөрвөн удаагийн аварга М.Нэргүй.
Н.Эрдэнэ 1986 онд зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баяраар Улсын циркийн “жүжигчин” болж, Гавьяат жүжигчин Д.Батсүхийн бага насны дүрд тогложээ.
Ээжийгээ Буриадад ажиллахаар явахад ч тэр цирктэй холбоотой амьдарч, тэр ч бүү хэл жонглёрын жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, тэр ажлын төлөө “шатаж” явсан гэсэн. Гэхдээ ээж нь хүүгээ жүжигчин биш сайн менежер болгохоор, гадаад хэлж сурч, дээд боловсрол эзэмших замд хөтөлжээ.
Орос, герман хэлтэй Н.Эрдэнэ одоо бол энэ сонголтоо хамгийн зөв байсан төдийгүй Монголын циркийн урлагийн төлөө илүү ихийг хийх боломжийг нээж өгсөн хэмээн талархаж буй.
Одоо хийж буй ажилдаа энэ залуу сэтгэл хангалуун байгаа. Унах бүртээ эргэж босох гэж хичээж, өмнөх алдаандаа дүгнэлт хийж явсаар “Монгол циркийн хөгжлийн төв” өөрийн гэсэн жүжигчин, багш, менежертэй болж өргөжсөн.
Итгэлтэй баг хамт олны дунд дэлхийн циркийн амжилтыг эзэмшиж байгаа авьяаслаг жүжигчин Т.Номуунбаатар байгаа. “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэр өдгөө дэлхийд ховорт тооцогдож, тэр хэрээр энэ үзүүлбэртэй холбоотой дээд амжилтуудыг манайхан л эзэгнэх боломж бүрдэж байна.
Шидэх банзнаас үсэрч зургаан удаа эргэсэн, яг одоо энэ трюкийг хийж байгаа ганц хүн нь Т.Номуунбаатар. Тэрбээр 2014 онд эх орондоо энэ амжилтаа танилцуулж, жилийн дараа олон улсын тэмцээний үеэр давтсан бөгөөд ОХУ-ын цирк шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч, тус улсын сэтгүүлчид түүний тухай телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна.
“Монгол циркийн хөгжлийн төв” 2013 онд байгуулагдсан хэдий ч Н.Эрдэнэ гадаад харилцаагаа сайжруулах ажлаа бүр 2006 оноос эхлүүлжээ. Нэг удаагийн тоглолт болон тэмцээний шалгаруулалтад 300-400 бичлэг хүлээн авч, сонголт хийдэг дэлхийн циркийн урлагийн менежер, продюсерүүдэд тоогдоно гэдэг амаргүй.
Уйгагүй холбогдож, бичлэгээ өгч, хийж буй ажлаа танилцуулсны эцэст 2011 онд анхны тэмцээний урилгаа авч, Б.Золбаяр ахлагчтай жүжигчдийг 2012 онд Испанид болсон анхдугаар тэмцээнд оролцуулжээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Энэ тэмцээнээс тэд алтан цом хүртсэнээр Итали, Францын тэмцээнд ч амжилтын буухиа аялуулжээ.
ТОГЛОЛТ
2013.03 “Дэлхийн цирк Монголд”
2013.09 “Кабаре цирк”
2013.12 “Мөсөн цирк”
2014.06 “Мадагаскар”
2014.12 “Шидэт толины нууц”
2015.03 “Дэлхийн цирк Монголд 2015”
2016.03 “Дэлхийн цирк Монголд 2016”
“Монгол циркийн хөгжлийн төв”-ийн зохион байгуулсан зургаан цуврал тоглолтыг ойролцоогоор 250 мянган хүн үзжээ.
Гуравдугаар сарын 26-нд эхлэх долоо дахь цувралаа тэд долоо хоногийн турш үзэгчдэд хүргэнэ.
ТЭМЦЭЭН
2012 Б.Золбаяр ахлагчтай жүжигчид Испанийн Фигүрес хотноо болсон олон улсын циркчдийн анхдугаар наадамд оролцож алтан цом хүртэв.
•Б.Золбаяр ахлагчтай жүжигчид Италид болсон тэмцээнээс хүрэл цом гардав.
•Мөн тэд Францын тэмцээнд амжилттай оролцож алтан цом хүртсэн байна.
2014 ОХУ-ын Ижевск, Испанийн Фигүрес хотноо болсон тэмцээнд Ц.Сэлэнгэ багш, уран нугараачид амжилттай оролцов.
•ОХУ-д болсон “Идол 2014” тэмцээнд уран нугараач О.Цэцэглэн, Г.Нямгэрэл нар оролцож тусгай шагнал хүртэв.
•БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн тэмцээнд Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу багштай уран нугараачид оролцож мөнгөн цом хүртэв.
2015 ОХУ-д болсон “Идол 2015” тэмцээний мөнгөн цомыг Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид хүртэв.
2016 Францын Маззи хотод болсон олон улсын циркчдийн тэмцээний алтан цомыг Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид авсан байна.
•Испанийн Фигүресийн тэмцээний алтан цомыг Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид “Монгол нүүдэлчид” үзүүлбэрээрээ хүртэв.
•ОХУ-ын Ижевскт болсон тэмцээний алтан цомыг Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид гардав.
Энэ хугацаанд Испани, Франц, Итали, ОХУ, БНХАУ-д болсон олон улсын циркчдийн 15 наадамд монголчууд амжилттай оролцож таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл болон үзэгчдийн нэрэмжит тусгай шагналуудыг хүртжээ. Менежер, продюсер Н.Эрдэнэд энэ бүх амжилтад хөтөчилсөн гавьяа нь ногдоно.
ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ
2016 Францын Маззи, Испанийн Фигүрес, ОХУ-ын Ижевск хотод болсон олон улсын циркчдийн тэмцээний шүүгч нарын бүрэлдэхүүнд анх удаа монгол хүн орж ажилласан бөгөөд тэр нь Н.Эрдэнэ юм. Энэ онд тэрбээр хоёр ч тэмцээний шүүгчээр ажиллана. Түүнчлэн зургадугаар сард жүжигчдээ дагуулан АНУ-д аялан тоглох аж.
ПРОДЮСЕР
Энэ нь Монголын циркт бол нэлээд шинэ гэмээр нэршил юм. Үзүүлбэрийг ахалж байгаа жүжигчин, эсвэл тэдний багш л уран бүтээлчдээ хөтөчлөн тэмцээн, уралдаанд оролцуулдаг байсан жишгийг циркийн продюсерийн ажил өөрчилсөн.
Жүжигчид уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулж, харин менежер, продюсерүүд тоглолтыг нь үзэгчдэд хүргэж, тэмцээнд оролцуулах үүрэг хүлээнэ.
Амь дүйсэн, эрсдэлтэй, бас хамгийн чин шударгаар “амьд” тоглолт үзүүлдэг циркчдийн нэг үзүүлбэрийн цаана хагас жилээс хоёр жил хүртэлх хугацааны хөдөлмөр шингэсэн байдаг. Тийн хөдөлмөрлөчихөөд уран бүтээлээ танилцуулах гэж үзэгчдээ хайж тэвдэж явах нь харамсалтай.
Энэ ажлыг хөнгөвчлөх нь “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн хийх ажлын нэг юм. Олон улсад энэ ойлголт хэдийнэ суурьшиж, өдгөө гэрээ хэлэлцээрийг продюсерээр дамжуулан хийдэг болжээ.
ОНЦГОЙ ҮСРЭЛТҮҮД
• Дэлхийн циркийн урлагийн түүхэнд гуравхан хүн хийж байсан шидэх банзнаас үсэрч зургаан удаа эргэсэн трюкийг өдгөө ганц хүн хийж байгаа нь Т.Номуунбаатар. Энэ амжилтаараа өнгөрсөн онд соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
• Шидэх банзнаас үсэрч, хоёр эргээд, дөрвөн давхар хүн дээр буудаг трюкийг монголчууд л хийж байна.
• Нэг банзнаас хоёр эмэгтэй жүжигчин зэрэг үсэрч дөрвөн давхар руу гарч байгаа нь мөн л ховор тохиолдол.
• Дээсэнд хэвтээ таван давхар, босоо дөрвөн давхар хүн үсэрсэн амжилтыг Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид эзэмшдэг. Тэд 2011 онд болсон Залуу циркчдийн анхдугаар наадамд энэ трюкээрээ илүүрхэж, тэргүүлсэн бол Францаас алтан цом хүртсэн байна. “Гиннес”-ийн амжилтад бүртгүүлж ч болох ховор тохиол энэ болов.
ТАЛ ХАЙРЦАГ ТАМХИНЫ ҮНЭТЭЙ ТОГЛОЛТОД ҮЗЭГЧИД ИРЭЭГҮЙ
Гадаадын авьяаслаг жүжигчдийг эх орондоо урихаас гадна монголчууд ч бас маш гайхамшигтай тоглолт үзүүлж чадна гэдгийг нотлохоор тус төвийнхөн “Мадагаскар”, “Шидэт толины нууц” тоглолтыг хийсэн. Хүүхдэд зориулсан жүжигчилсэн зохиомжтой “Мадагаскар” тоглолтыг хийхийн тулд Чехээс нүүдлийн цирк худалдан авч, Үндэсний соёл амралтын хүрээлэнд барьсан хэдий ч тал хайрцаг тамхины үнэтэй тоглолтын тасалбарыг худалдан авч, хүүхдүүдээ баярлуулах хүн тийм ч олон байгаагүй. 2500 төгрөг байхгүйдээ биш сэтгэлээс нь цирк холдсондоо л тэр болов уу. Хэдий энэ мэтээр ажил нь түүнийг сорьж байсан ч санхүүгийн алдагдлаа тэр ололт хэмээн үзэж, гурван охин, эхнэртээ зориулах мөнгөө циркт зориулсаар л байсан. Анхны тоглолтыг нь дэмжиж тусалсан ССАЖЯ, Эм-Си-Эс групп, хамт олон найз нөхөддөө тэр үргэлж талархдаг юм билээ.
МОНГОЛ ЖҮЖИГЧИД ОХУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ
Олон улсын циркчдийн чансаатай тэмцээнийг ирэх жил эх орондоо зохион байгуулна гэж төлөвлөчихөөд, ажил хэргээ эхлүүлчихсэн яваа түүний хувьд аливаа нэгэн зүйлийг боломжгүй гэж хойш тавих утгагүй. Өнгөрсөн жил тэрбээр ОХУ-ын Циркийн сургуулийн захиралтай уулзаж, Монголд Циркийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийг сүүлийн хоёр жилд нь ОХУ-д сургаж, мэргэжил дээшлүүлэх боломжийг нээжээ. Эдүгээ нэг ч хүүхэд явж суралцаагүй байгаа ч энэ хэлцэл нь хэтдээ хэрэгжиж Монголын циркийн урлагийн залгамж, халаа тасралтгүй бэлтгэгдэх биз ээ.
“ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД 2016”
Өмнөх жилүүдэд ирсэн үзүүлбэрээ давталгүй шинэ, содон бүхнийг монголчуудад үзүүлдэг нь энэ тоглолтын онцлог. Энэ удаа Казахстаны сургуультай арслан, Узбекистаны циркийн сургуультай сармагчин, одой морь, Румыний сургуультай нохой, лам гөрөөс “Дэлхийн цирк Монголд” тоглолтод зочилно.
Долоо хоногийн турш монголчуудыг баясгах эл тоглолтод агаарын гимнастик, газрын үсрэлтийг хослуулсан Беларусийн жүжигчид ирж оролцоно. Дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг Монголын авьяаслаг жүжигчид ч энэ шоуны нэг хэсэг байх болно.
Ж.СОЛОНГО