Хүүхдэрхүү төрх, намуухан хоолойтой жүжигчин Т.Баттулга ирэх сард шинэ дүрээр үзэгчидтэй учрах нь. Ажлын гараагаа “Шинэ үе”-ээс эхэлж, “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа түүнтэй ярилцлаа.
-Хүүхэд насны дурсамжаас ярилцлагаа эхэлье. Багадаа хэр сахилгагүй хүү байв?
-Нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан. Миний хүүхэд нас VI бичил хороололд л өнгөрсөн. Байрныхаа найзуудтай бүжгийн хамтлаг байгуулж явлаа. Тухайн үед зохиогдсон бараг бүх л уралдаанд оролцсон доо.
Бас хэсэг хип хоп сонирхож, дуулах гэж оролдож ч байлаа. Ер нь багадаа явж үзээгүй дугуйлан гэж бараг байхгүй дээ. Зургийн дугуйлан, такевондо, карате гээд л явж өгдөг байлаа.
-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх ч олуулаа шүү. Би хоёр эгч, нэг ахтай. Нэг эмэгтэй дүүтэй. Айлын дундах хүүхэд.
-Янз бүрийн дугуйланд сурч байсан хүү яагаад жүжигчин болсон юм бэ?
-Миний аавын төрсөн ах жүжигчин Ч.Хүрэл шүү дээ. “Анхны алхам”, “Гэрлэж амжаагүй явна” киноны дүрээрээ хүмүүсийн сэтгэлд хоногшсон хүн. Тэр ахаараа их бахархдаг байлаа. Урлагийн мэргэжил сонгоход ахын маань нөлөө жаахан ч гэсэн байсан.
Би уг нь аялал жуулчлалын чиглэлээр сурахаар төлөвлөсөн юм. Дэлхийн улсуудын ёс заншил, газар нутагтай танилцах сонирхолтой, аялах дуртай, сониуч хүүхэд байсан. Гэтэл дотнын найзууд маань бүгд СУИС-д элсэлтийн шалгалт өгөхийг ятгасан.
Тэгээд л сэтгэл хоёрдчихсон. Нэлээд бодсоны эцэст Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн Д.Саранхүү багшаар шалгалтдаа бэлдүүлж, тэнцсэн. Гэнэтийн сонголт гэх үү дээ.
-“Энхийн дуу” гэж хамтлагт дуулдаг байсан байх аа...
-Монголд хип хоп урсгал орж ирж байсан үе л дээ. Хүүхэд насны минь сайхан дурсамж болоод үлджээ.
Тэр үед бараг орц болгон л дуу, бүжгийн хамтлагтай байлаа шүү дээ. Энэ хамтлагт байсан минь ч жүжигчин болоход нөлөөлсөн байх.
-Оюутан цагийн дурсамжаасаа хуваалцаач?
-Би 2006 онд СУИС төгссөн. Хоёр дахь гэр л байсан даа. Их сайхан цаг үе юм даа. Бусад сургууль шиг гэртээ хийх даалгавар гэж бараг байхгүй. Үргэлж л сургууль дээрээ бэлтгэлтэй. Нэг нь л байхгүй бол жүжгийн сургуулилалт хийж болохгүй, нэг нэгэндээ их шаардлага тавьдаг байлаа.
Маш их хариуцлагатай мэргэжил гэж ойлгодог. Хамт олон гэдгийг их мэдрүүлдэг байжээ. Манай ангийнхны олонх нь мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү.
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Ганбаяр, Б.Отгонтуяа, “Мөрөөдлийн театр”-ын Г.Алтаншагай, “Parody” хамтлагийн Б.Нямхүү, “Анчин” нэвтрүүлгийн хөтлөгч Баяржаргал, “Х ТҮЦ” хамтлагт байсан Б.Хулан, УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал гэх мэтчлэн ажиллаж байна.
-Сургуулиа төгсөөд л “Шинэ үе” продакшнд ажиллаж эхэлсэн. Гэхдээ анх хувцасны эрхлэгчээр орсон гэдэг.
-Анхны гэсэн бүхэн минь энэ хамт олонтой холбоотой. Дөрөвдүгээр курст байхад манай ангийн Мөнхгэрэл, Ганбаяр, Билгүүн, Отгонтуяа, Алтаншагай гээд таван хүүхэд “Шинэ үе” продакшнд орж байлаа. Нэг өдөр би тэдэнтэй уулзахаар ажил дээр нь очлоо. Тэгэхдээ хувцасны эрхлэгч хайж байгаа тухай нь сонссон юм.
“Шинэ үе”-ийн менежерээс “Эрэгтэй хүн байж болохгүй юм уу. Би оръё л доо. Би чадна” гээд л нэлээд гуйж байж зөвшөөрүүлсэн. Тэр өдөртөө ажлаа хүлээж аваад, хувцасны агуулах руугаа орж байлаа. Хөл, толгой нь мэдэгдэхгүй хувцасны өрөө л санагдаж байсан. Өмд, цамц гээд л ялгаж хураагаад, цэгцлээд л.
Тэгээд маргааш нь нөгөө хувцаснуудаа янзлаад сууж байсан чинь Н.Ариунболд ах байн байн орж ирж хараад л, тэгэх тоолонд нь би сандраад л. Намайг ажиллуулахаа больчих вий гэж айсан хэрэг л дээ.
Ингээд хувцасны эрхлэгчээр бараг жил орчим ажилласан. Тэгж байж тайзан дээр гарсан. Таван жил гаруй энэ хамт олонтойгоо ажилласан. “Буруу эргэлт” кино, “Бүгд унтаж байхад” жүжиг гээд анхны уран бүтээл бүхэн минь “Шинэ үе”-тэй холбоотой.
-Тэгээд яагаад энэ хамт олноо орхисон юм бэ?
-2010 онд би Энэтхэг рүү хэлний сургалтад явсан. Тэнд зургаан cap сурчихаад Швед явсан. Эргээд ирэхэд манай Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нарын залуу уран бүтээлч шинэ хамтлаг байгуулах тухайгаа надад хэлсэн. Би ч нэлээд бодож байгаад тэдэнтэй нэгдэхээр шийдсэн юм.
-Сүүлийн үед тайзныхаас илүү дэлгэцийн уран бүтээлд тоглож байна уу?
-Тэгсэн. Гэхдээ дандаа кинонд тоглоно гэж юу байх вэ. Тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулж ажиллах ёстой юм байна.
-Шинэ кинонд тоглуулах санал хэр ирж байна вэ?
-Ирдэг л юм. Хамтран ажиллах баг, кино зохиол, бүтээж буй студиэ харж байж ажиллах, эсэхээ шийддэг. Сүүлд “Улаанбаатар би чамд хайртай” гэж 20 ангит кинонд тоглолоо. Удахгүй үзэгчдэд хүрнэ. Миний тоглосон хоёр дахь олон ангит кино.
Өмнө нь МҮОНТ-ийн “Нарны жим” 50 ангит кинонд тоглосон. Удаан хугацаанд зураг авдаг болохоор өөр уран бүтээлд ажиллах боломж олдохгүй юм.
-Найруулагч нар танд дандаа эерэг дүр оноох юм аа.
-Харин тийм ээ. Гаднах төрх их нөлөөлдөг байх. Намайг хүүхэд шиг царайтай гээд байдаг. Би найруулагчдад хэзээ ч эсрэг дүрээр харагддаггүй юм шиг байна. Уг нь нэгэнт жүжигчин мэргэжилтэй болсон юм чинь бүх дүрд л тогломоор байна.
-Ямар төрлийн кинонд тоглохыг хүсдэг вэ?
-Тулаант, адал явдалт кинонд тогломоор байна. Харамсалтай нь манайд яг энэ төрлийн кино хийхгүй байна.
-Багаасаа карате, тулааны урлагаар хичээллэдэг байсан болохоор тэр үү?
-Тэр ч нөлөөлөх байх. Өөрийгөө эвсэлтэй гэж боддог шүү. Үнэхээр ийм кинонд тоглохоор болбол орлон тоглогчгүйгээр бүхнийг өөрөө хийхийг хүснэ.
-Дандаа даруухан залуугийн дүрд тоглодог таныг эротик кинонд тоглуулах санал тавибал хэрхэн хүлээж авах вэ?
-Хүлээж авна. Эротик бол порно биш шүү дээ. Ажиллаж үзнэ.
-Таныг “Мөрөөдлийн театр”-аас гарсан сураг сонслоо. Үнэн юм уу?
-Үгүй шүү дээ. Телевизийн олон ангит кинонд тоглож байсан болохоор театрынхаа сүүлийн тоглолтод оролцож амжаагүй. Тэрийг л хүмүүс буруугаар ойлгосон байх. Бид бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр зохиол дээрээ ажиллаж байгаа. Мөн тавдугаар сард шинэ тоглолтоо үзэгчдэд хүргэнэ.
-Хүнийг инээлгэх нь уйлуулахаас хэцүү гэдэг. Тайзан дээр жүжиглэх үедээ хүмүүс инээхгүй бол яана гэж эмээх үе байдаг уу?
-Зөндөө. Одоо үед хүмүүсийн мэдээлэл олж авах, юм үзэх харах суваг ямар олон, нээлттэй болсон билээ дээ. Тэр хэрээр хүмүүс хэр баргийн зүйлийг үзээд инээхээ больсон шүү дээ.
-Зураг авахуулахаас шантарч, энэ мэргэжлийг сонгосондоо харамсаж байсан уу?
-Байхгүй. Гэхдээ хэцүү санагдах үе байсан. Урлагийн мэргэжлийг сонгосон л бол буцаж чаддаггүй юм билээ.
-Яагаад. Юу нь тэгтэл чангаагаад байдаг гэж?
-Гол нь тэндээс авах сэтгэлийн таашаал. Халж, хөрч, шаналж ажиллачихаад эргээд харахад ямар сайхан санагддаг гээч. “Нарны жим”, “Эх орон дуудаж байна” кинонд ажиллахад хүйтнээс их халширч байлаа. Хүйтэнд нимгэн, нойтон хувцастай зураг авахуулах хүнд юм билээ. Даараад эрүү чичрээд, үгээ хэлж чадахгүй.
Гэтэл киногоо үзээд суухад нөгөө даарч хөрсөн нь мартагдчихаж байгаа юм. Тэр үед мэргэжлээрээ улам бахархдаг. Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэсний дараа гүнзгий амьсгаа авч, тайвшрах сайхан.
-Таныг фитнессээр нэлээд удаан хичээллэснийг мэднэ. Харин хэзээнээс йогоор хичээллэх болов?
-Би аминдаа их хайртай хүн (инээв). Эмчилгээний дасгал гэдэг утгаараа йог таалагддаг. Хүнийг дотроос нь эрүүлжүүлдэг шүү дээ. Хичээллээд удаагүй.
-Хэвлэлээр таныг олон бүсгүйтэй холбож бичдэг. Ганц бие болохоор хэвлэлийн бай болоод байна уу?
-Таньдаг, таньдаггүй, хамтарч ажилладаг, нэг уран бүтээлд хамт тоглосон жүжигчид гээд янз бүрийн хүнтэй холбочихсон л байдаг. Би хүмүүстэй аль болох найрсаг, нийтэч байхыг хичээдэг. Энэ занг минь буруугаар ойлгодог юм болов уу. Түүнээс биш би таарсан болгонтой учир ургуулж яваагүй.
-Өөрийнхөө тухай тийм худал мэдээлэл уншихад хэцүү байх даа.
-Эмзэглэдэг. Үнэхээр, эх сурвалжтай, баталгаатай бол хамаа алга, би амаа хамхиад л өнгөрнө. Гэтэл огт болоогүй зүйлийг болсон, хамаагүй юмыг хамаатуулаад биччихсэн л байдаг. Заримдаа хэлдэг, ярьдаг газарт нь хэлмээр санагддаг.
-Та дуучин Наратай үерхэж байсан. Түүнийг ирэх сонгуулиар нэр дэвших болсон тухай хүн болгон л ярьж байна. Та хуучин найз бүсгүйгээ дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Яагаад болохгүй гэж. Хүмүүс сонголтоо өөрөө л хийнэ шүү дээ.
-Та гэрлэлтийн тухай ямар бодолтой явдаг вэ. Энэ тал дээр яарахгүй байна уу?
-Яараад оносон нь хэд билээ. Миний үеийнхэн дунд салалт их байна. Үүнд би их эмзэглэдэг. Хүмүүс энэ тухай надаас их асуух юм. Хүнтэй сууж болно. Тэр бол амархан. Би бат бөх гэр бүл зохиомоор байна. Тийм ч учраас яарахгүй байгаа. Одоохондоо ажилдаа л анхааръя. Цаг нь болохоор гэрлэх байлгүй дээ.
-Найзуудынхаа багын зургийг цуглуулж зургийн цомогтоо хадгалдаг гэсэн. Тэр цомог нь хэр зузаарч байна вэ?
-Найзууд маань миний зургийн цомгийг үзэхээрээ өөрсдийнхөө зургийг хараад “Пөөх ийм зураг байдаг юм уу” гээд л дуу алддаг. Гэхдээ сүүлийн үед зураг нэмсэнгүй ээ.
-Таныхаар найз ямар байх ёстой вэ?
-Тийм ийм байх ёстой гээд хэлэхэд хэцүү юм. Жаргал, зовлонг минь хуваалцаж чадаж байгаа л бол тэр миний найз.
-Цаг хугацааг ухраах ганцхан боломж олдвол та ямар үед очиж, ямар алдаагаа засах вэ?
-Аав минь 2010 онд бурхан болсон. Хэрэв надад тийм боломж олдвол аавтайгаа байх хугацаагаа жаахан ч гэсэн уртасгахыг хүснэ.
-“Нарны жим” кинонд их зориг гаргаж тоглосон байх. Байгалийн гамшиг, осол гээд хүнд нөхцөлд зураг авахуулсан. Та хэр зоригтой хүн бэ?
-Зоригтой байх. Шууд л шийдвэр гаргачихдаг. Удаан бодоод байдаггүй. Ер нь жаахан түргэн зантай.
-Тэрнээсээ болж алдах үе байдаг уу?
-Одоохондоо түргэн шийдсэнээсээ болж алдсан зүйл алга л байна. Харин түргэн уур, бялдууч занд дургүйгээсээ болж асуудалд орж байсан.
-Уур, бухимдлаа хэрхэн гаргадаг вэ. Эр хүн болсон хойно нударга зөрүүлэх үе байдаг л байх.
-Уурлахаараа дуугаа хураачихдаг. Үнэхээр миний зөв бол өөрийгөө өмөөрөөд таван үг хэлчихнэ. Гэхдээ хүнтэй ам зөрж, гар зөрүүлээгүй их удаж байна.
А.ХАЛИУН