УДЭТ-ын уран бүтээлчид “Театр, үзэгч” хөтөлбөр санаачлан, хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйн үзэгчдээ бэлтгэе”, “Театрт тавтай морил”, “Тоглолтын дараа”, Нэг нарны дор“ зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Үүний эхлэл болгож “Тоглолтын дараа” үзэгч, уран бүтээлчдийн уулзалтыг энэ сарын 6-нд “Бид театрт хайртай” ТББ-тай хамтран “Ромео Жульетта” жүжгийн дараа зохион байгуулжээ. Тус жүжгийн ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, С.Болд-Эрдэнэ, Б.Шинэбаяр, О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар 120 гаруй үзэгчтэй уулзсан юм. Тэгвэл тус уулзалт үргэлжлэх нь. УДЭТ-аас хэрэгжүүлж буй “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд энэ сарын 10, 11-нд “Кихот ноён”, 13-нд “Эдип хаан”, 17-нд “Нора”, 26-нд “Гамлет” жүжгийг тус тус толилуулах юм. Тоглолт бүрийн дараа үзэгч, уран бүтээлчдийн уулзалт болох бөгөөд УДЭТ-ын уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, жүжигчин Н.Сувд, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, Б.Баатар, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, найруулагч Ч.Түвшин болон уран бүтээлчдийн төлөөлөл зохион байгуулах аж.