-Хүүхдүүдтэйгээ дахин “танилцаарай”-
Гэр бүл гэдэг бол энэ хорвоогийн хамгийн чухал бөгөөд сайхан нэгдэл билээ. Хайраа олж үр хүүхэдтэй болоод өөрийн бүтээн босгосон вант улсдаа аз жаргалтай амьдрах нь бидний олонхын мөрөөдөл болов уу.
Энэ вант улсад шинэчлэл, өөрчлөлт, хөгжил бас чухал нөлөөтэй. Нэг л янзаараа байвал уйтгартай. Бас ямар ч хөрвөх хөдөлгөөнгүй байх аваас шинэ гишүүд үүнтэй эвлэрэхгүй. Гэр бүлийн гишүүн бүрийн сэтгэл хангалуун байдал, итгэлцлээс цаашдын хөгжил шалтгаална.
Эцэг эхээ хайрладаг, дуулгавартай, амжилт сайтай, сайн хүүхэдтэй байхыг хүн бүр л хүсдэг. Гэхдээ хүнийг хэвэнд цутгаж, бүгдэд нь ижилхэн программ уншуулж бүтээгээгүй болохоор үзэл бодол, хандлага, сэтгэн бодох чадвар, зан аашаараа ялгарах нь ойлгомжтой.
Таны хүсэж, тэмүүлж бий болгосон гэр бүл хэмээх чухал нэгдлийг хүүхдүүдийн тань өөрчлөлт үгүй хийж ч байгаа юм шиг, эсвэл тэд тусгаарлалт буюу бие даасан амьдралд яараад ч байх шиг сэтгэгдэл төрж байгаа бол уншигч та анхаарлаа нааш нь хандуулаарай.
“Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн энэ удаа 7-14 настай хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн тухай маш сонирхолтой мэдээлэл өглөө.
ОЙР ЮМ ШИГ ХЭРНЭЭ ХОЛ
Сургуулийн насныхан нийгмийн харилцаанд оролцож, бусдад өөрийгөө илэрхийлэх, гэр бүл, найз нөхдийн хүрээлэлдээ анхаарлаа хандуулж сурсан байгаа.
Өдий насныхан эцэг эхийнхээ харилцаа, зан байдалд шүүмжлэлтэй хандаж, үл ойлголцож, улмаар би төвт үзэл нь ноёлж, найзуудтайгаа илүү дотно байх нь бий.
Тэр дундаа өөрийн байр суурийг бий болгож, өөрийгөө хайж эхэлсэн байгаа. Би хэн бэ, юунд тэмүүлж байна, бусад хүн намайг хэрхэн үнэлж байна вэ, би яагаад бусдаас өөр байна гэх мэтээр өөрийгөө олохоор тэмүүлж байгаа.
Ийм үед нь ээж, аавууд тэднийг сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байвал хүүхдүүд бүтээлч, нийтэч, зөв хандлагатай болж төлөвшдөг тухай судалгаанд дурдсан байдаг.
Харин хаалттай, хязгаарлагдмал харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд үзэл бодол, сэтгэл санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй учраас бүх шийдвэрийг өөрөө гаргаж, ганцаардмал, ойлгогдохгүй хүн болон хувирах талтай. Өөрөөр хэлбэл, бусдад өөрийгөө зөв илэрхийлж, ойлгуулах чадваргүй болно гэсэн үг юм.
Аавынхаа дуу хоолойг ерөөсөө санахгүй байна. Аав их дуу цөөтэй хүн байлаа. Бага байхад аав бид хоёр ерөөсөө ярилцдаггүй байсан. Зарим үед юуг яаж хийхийг надад зааж өгдөг байсан ч надтай чин сэтгэлээсээ ярилцдаггүй байсан юм.
ЭЛДЭВ ДҮРМЭЭС ИЛҮҮ ЧИН СЭТГЭЛ ЧУХАЛ
Аав нар аливаад нухацтай хандаж байна гээд дуугүй байж, ээж нар нь захиран тушаах арга барилаар харилцаад эхэлбэл үл ойлголцол үүснэ. Тэр дундаа уламжлал, зан заншлыг чухалчилдаг хатуу дэг жаягтай гэр бүлд харилцааны үл ойлголцол түлхүү ажиглагддаг.
Эергээр харилцах дараах зөвлөмжийг санал болгоё
• Тэдэнд хэзээ ч битгий худал хэл. Эцэг, эхийн хоорондын харилцаа, санхүүгийн байдлын талаар нээлттэй ярилцаж, бэрхшээл тулгарсан үед хүүхдүүдтэйгээ хамтран шийдвэр гаргаарай. Ингэснээр итгэлцэл бий болно. Та тэдэнд итгэсэн шиг хүүхдүүд чинь ч бас танд итгэх болно.
• Тэднийг найз шиг нь чин сэтгэлээсээ сонс. Хүссэн цагт нь заавал анхаарлаа хандуул. Ингэж чадвал итгэл улам батжина.
• Шүүмжлэхээсээ өмнө тунгаа. Тэдний үзэл бодол, хүсэл мөрөөдөл, шийдвэрийг шууд буруутган шүүмжлэх нь сайн үр дүнд хүргэхгүй. Тэглээ гээд буруу шийдвэрийг нь хүлцэн дага гэсэн үг биш. Аль болох эергээр итгэлийг нь алдалгүй зөвшилцөөрэй.
• Хүүхдүүдтэйгээ харилцахдаа дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, нүдний харцаа эерэг, зөөлөн байлгахыг хичээгээрэй. Эцэг, эхчүүд ч гэсэн цаг ямагт хөгжиж байх хэрэгтэй шүү дээ. Нялх балчир байхад нь тэднийг энхрийлэн, хайрладаг байсан хэрнээ зөрүүдлэх бүрт нь дуугаа өндөрсгөсөөр нэг л мэдэхэд хүүхдүүдтэйгээ харилцдаг хоолойны өнгө, ааш зан тань өөрчлөгдсөн байхыг анзаарах вий дээ.
• Гаргасан амжилтыг бага гэлтгүй анзаарч, бодитоор урамшуулаарай.
• Хүүхдүүддээ цаг гарга. Орой бүр тухайн өдөр хэрхэн өнгөрсөн, ямар байсан, шинэ дурсамжтай үйл явдал болсон эсэхийг асууж ярилцаарай. Оройн хоолоо идэхдээ ширээ тойрон хамт сууж хэвшвэл оновчтой. Энэ үед харилцааны эерэг уур амьсгал бүрдүүлж болно.
• Хүүхдээ бусадтай харьцуулах хэрэггүй. Байгаагаар нь хүлээж ав. Харин өөрчлөх шаардлагатай алдаа дутагдал байгаа бол хүүхэдтэйгээ ижил бодолтой байж, дэмжиж өгөөрэй.
• Тэднийг байнга дэмжиж харилцах нь өөртөө итгэлтэй болгохоос гадна өөрийнхөө мэдрэмжийг таньж, бусдад зөв илэрхийлэхэд нь тусалдаг.
Ж.СОЛОНГО