...Авч гарсан чулуу минь
Алганд хөлрөөд байх юм аа
Нутгаа би чинь санав уу
Нутаг минь намайгаа санав уу... Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн бичсэн “Нутгийн чулуу”-г Улаанбаатараар овоглосон “нутаггүй” би хүртэл сонсоод эрхгүй мэлмэрүүлчихэв. Дууны увдис гэдэг ийм буюу. Даанч түүний бүтээлээс миний мэддэг нь энэ, тэгээд “Үүлэнзаяа” дуурь.
Уг нь тэрбээр “Өгөөдэй хаан”, “Гэсэр”, “Гүн гэрийн гүнж” дуурь, “Гүюг хаан”, “Нүүдэл” бүжгэн жүжиг, “Тунгалаг Тамир” мюзикл, таван симфони, “Найрагчийн нигүүсэл” оратори, “Хөдөөгийн сайхан” дөрвөн ангит симфони чуулбар, “Өргөөний баяр наадам” зэрэг симфони найрал хөгжимд зориулсан 10 шахам удиртгал, найраглал, төгөлдөр хуур болон найрал хөгжмийн концерт, морин хуур хөгжмийн гурав, ёочин, шанз, хуучир, лимбэ, эвэр бүрээ, ятга тэргүүтэй үндэсний хөгжмийн зэмсэг тус бүрт зориулсан симфони найрал хөгжимтэй концерт, цөөхүүл хөгжмийн олон арван бүтээл, 30 гаруй кино, жүжгийн хөгжим, 80 гаруй дуу, романс бичиж, хөгжмийн бусад зохиолчийн 150 гаруй туурвилыг симфони найрал хөгжимд зориулан найруулсан гээд бодохоор 350 орчим бүтээлийн арвин сан хөмрөгтэй юм санж.
Хэдэн аятайхан дуу бичээд олонд хялбархан танигдах авьяас чадвар уг нь түүнд хангалттай байсан. Гэхдээ тэрбээр “Орчин үеийн зохиолын дуу бол хүрээний богино дуунаас үндэстэй. Гэтэл миний дуу сонгодог чиглэлээс салж өгөхгүй болохоор хүнд хүрэх нь жаахан тийм. Би симфони, дуурь, балет л бичих ёстой.
Өөрөөр хэлбэл мэргэшсэн чиглэлээрээ том бүтээл хийхгүй юм бол биднээс өөр туурвих хүн 30 жилдээ мөд гарахгүй” хэмээн 2004 онд “Улаанбаатар таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Дэлхийн хөгжмийн түүхэнд Монгол Улсын хөгжмийн зохиолч бичсэн гэгдэх бүтээлл хийх сэн. Энэ л миний амьдралын үнэ цэнэ” хэмээж, энэ том зорилгодоо ч хүрэхээр зүтгэн зүтгэсээр насан эцэслэжээ, энэ агуу хүн.
Агуу хүмүүс л том зорилготой, амьдарч байгаа цаг үе, нийгэм, хүрээллээсээ хамааралгүй сэтгэдэг дээ. Түүнийг монголчууд Балхжав, Ангирмаа, Цэцэрлэгийг мэддэг шигээ таньдаггүйн шалтгаан магадгүй энэ.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Нацагдоржийн бүтээлүүдэд Төрийн шагнал өгсөн нь сайхан хэрэг. Нацагдорж хөгжмөө зохиохдоо үнэ цэнэтэй юм бичиж байна гэх итгэл үнэмшилтэй байсан. Гэхдээ өөрийнх нь дотнын ядуу муусайн хөгжмийн зохиолч найзуудаас бусад нь түүнийг үнэ цэнэтэй юм хийж байна гэж бодоогүй. Нааяа үүнийг өөрөө ч мэдэж байсан.
Би ийм хэмжээний уран бүтээл хийж байхад намайг тэгж үнэлж байх гэж дээ” хэмээн үргэлж шаналдаг байсан. Гэхдээ л үүргэвч үүрээд ганзагын наймаанд яваагүй. Мань хүн машин жолоодож, мөнгийг цүнхэндээ атга атгаар хийж явсангүй. Бид нэгнээсээ хэдэн төгрөг хааяа зээлчихдэг, тийм л өрөвдөлтэй амьдарцгаасан “том” хөгжмийн зохиолчид” гэж нөхрөө дурссан юм.
“Эгнэшгүй их бүтээлд нь их говийн адис жанлав шингэсэн” гэж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуайн шүүрс алдсан, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж дуу хуурын өлгий Дундговийн Эрдэнэдалай суманд 1951 оны дөрөвдүгээр сарын 7-нд Шүхэрт хэмээх айлын зургаан хүүхдийн дөрөв дэх нь болж мэндэлжээ.
Хайрт эхнэрээ эрлэгт алдсан нутгийн лам Цогзол хагацлын шаналал дахин эдлэхийг хүсээгүй тул гэрлэхгүйгээр шийдэж, ганц хүү өргөж амьдралын утга учраа болгосон нь Нацагдорж. Цогзол лам нутагтаа багийн даргаар ажиллаж байгаад хүүгээ эрдэм номын мөр хөөхөд нь аймгийн төвд шилжиж, сургууль хариуцсан аж ахуйн нярав болжээ. “Бурхны шашин түүнд нэг их нөлөөлөөгүй.
Ааваасаа элдвийг шалгаахад эрдэм номтой л хүн болох хэрэгтэй гээд хэлж өгдөггүй байсан юм билээ. Гэхдээ амьдралын мөн чанар, зөв, бурууг ойлгуулж захидаг байсан. Тийм ч учраас Нацагаа маш их ном уншдаг, их мэдлэгтэй байсан” хэмээн гэргий Ц.Норсмаа нь хэлсэн. Цогзол лам ганц хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж, аймгийн дэлгүүрт ирсэн шинэ тоглоом, дугуй, хөгжим бүгдийг авч өгдөг байсан нь их үйлс бүтээх хүн болоход нөлөөлжээ.
Тэрбээр аавынхаа бэлэглэсэн баянхуурыг тоглож сурснаар авьяасаа илрүүлж, долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарын Багш нарыг бэлтгэх сургуулийн дунд сургуулийн хөгжмийн багшийн ангид элссэн гэдэг. Энд л уран бүтээл туурвих хүслээр жигүүрлэж, насныхаа найзууд, амьдралынхаа ханьтайгаа учирсан юм.
Н.Жанцанноров “Багш нарыг бэлтгэх сургуульд 1967 онд элсэхэд Нацагдорж дээд ангид байсан. Найрал дууны хичээлд хөгжмийн бүх ангийнхан сууна. Бид хоёул тенор хоолойгоор дуулдаг байсан. Манай ангийн Дашдорж “Миний төрсөн дүү дээд ангид сурдаг гэж Нацагдорж руу заахад нь түүнийг анх анзаарсан. Дуу цөөтэй, няхуур жаал. Лам хүн шиг нөхөр юм гэж анх бодож билээ.
Манай сургууль зааландаа ганцхан сайхан төгөлдөр хууртай учир булаацалдаж, дугаарлана. Нэг удаа Түмэнжаргалын хуучрын гоцлолын төгөлдөр хуурын хувилбарыг өнөөх жаал хөгжимдөж байхыг хараад эрхгүй бахархаж билээ. Эндээс л бидний дотносон нөхөрлөх эрч хүч оргилсон юм даа.
Юм, юм руу үсчээд байдаггүй, зодолдож ноцолддоггүй, архи, тамхи хэрэглэдэггүй, ажигламтгай, бодомтгой, нэг үгээр бол догь хүү байсан” гэв. Догь хүүг төгсөх жилийнхээ хичээлийн эхний өдөр сургуулийнхаа хонхыг цохиход ирээдүйн эхнэр Норсмаа нь анх харж, “Дөрвөн жил дараалан онц сураад л мундаг юм бэ” гэж боджээ. Гэхдээ хожим урлагийн үзлэгийн тоглолтын үеэр түүнтэй танилцаж, ирээдүйд зовлон жаргалаа хуваалцана чинээ бодоогүй биз ээ.
Хувь тавилан байдаг гэлтэй. Нацагдоржийн том ахынх Норсмаагийнхтай хөрш байсан учир урлагийн үзлэгээс бүр өмнө, ахынхаа байшингийн арын цонхоор ирээдүйн ханиа хэд хэд харж, шохоорхож явсан нууцаа хожим нь дэлгэсэн юм гэнэ лээ.
Нацагдорж төгсөөд, сургуульдаа хөгжмийн онолын багшаар үлдэж, Жанцанноров, Шарав тэргүүтэй хожмын томчуудад хичээл хэсэг заажээ. Ийн Жанцанноров ч дараа жил нь төгсөж, Билэгжаргал, Чинзориг тэргүүтэй оюутнуудад хичээл зааснаар хоёр багшийн нөхөрлөл улам ч зузаарсан байна.
Үүнээс хоёр жилийн дараа буюу 1972 онд Нацагдорж Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолчийн ангид орох болж, тоонот гэрт толгой холбох ам өчгөө өгөлцсөн Норсмаа нь ч сургуулиа төгсөн, Архангайн Ихтамир суманд багшаар очжээ.
Норсмаа “Нацагаа их алсын хараатай хүн байж дээ. Өөрөө манай сургуулийн багш учир намайг 72 дугаар сургуульд хуваарилуулж болох л байсан юм билээ. Гэхдээ танхил өссөн намайг зовлон бэрхшээл үзэж, амьдралын туршлагатай бол гээд хөдөө явуулсан юм” хэмээв.
Ийн зургаан жилийн дараа хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирж, Хөгжим бүжгийн дунд сургуульд багшлан, хайрт бүсгүйтэйгээ гэр бүл болжээ. Нэг жилийн дараа Киев хотын Хөгжмийн их сургууль төгсөж ирсэн найз Жанцанноров Соёлын яаманд мэргэжилтнээр томилогджээ.
Ийн тэд амралтын өдөр бүрийг Хөгжим бүжгийн дунд сургуулийн хоёр өрөөнд уран бүтээлээ туурвиж өнгөрөөнө. Хөгжмөө нүдэж нүдэж амрахаараа хорвоогийн элдвийг хөөрөлдөж, амралтын өдөр эхнэр хүүхдээ дагуулж жаргалтай яваа үеийнхнээ хараад “Яагаад бид ингэж зовж байх ёстой вэ” гэж ярилцах үе ч байж.
Жанцанноров “Лам аавтай болохоор юм ярих нь хүртэл биднээс нэг л өөр, гүн ухаанлаг. Нэг удаа цонхоор ширтэж байхдаа би “Хүн яах гэж төрдөг байна аа” гэж асуутал Нацагаа “Юу яах гэж төрдөг юм бэ гэж. Үхэх л гэж төрдөг биз дээ” хэмээж билээ. Хүн үхэх гэж л төрж байгаа.
Гагцхүү энэ хооронд буй хугацаа л амьдрал шүү дээ гэдгийг тэрбээр ухаарч байж. Энэ л түүний уран бүтээлийн мөнхийн асуудал байхгүй юу” хэмээн дотнын нөхрөө санагалзсан.
Ц.Нацагдорж 1982 он хүртэл Хөгжим бүжгийн дунд сургуульд багшлаад хоёр жил Соёлын яаманд мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж, 1984-1986 онд Дуурь бүжгийн академик театрын дарга, уран сайхны удирдагч, 1986-1990 онд Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн хороонд Дан хөгжмийн зөвлөлийн эрхлэгч, орлогч дарга, 1990-1991 онд Соёлын яаманд хөгжмийн зохиолч, 1992-1994 онд чөлөөт уран бүтээлч, 1994-1996 онд Сонгодог урлагийн академик театрын (ДБЭТ) дарга, 1997-2000 онд Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 2005 оноос СУИС-д хөгжмийн зохиомж, онолын багшаар насан эцэслэтлээ ажиллажээ.
Нацагдоржийн халамжит гэргий Норсмаа, уран бүтээлийнх нь дотнын нөхдийн нэг Жанцанноров түүнийг ийн дурслаа.
Ц.НОРСМАА: “БИ Ч АЖЛЫН МАШИН ЮМ АА” ГЭЭД ХӨХӨРДӨГ СӨН
-Нацагдорж гуай “Чингис хаан” дуурь бичиж байсан юм билээ. Яагаад тавиагүй вэ?
-Нацагаа Дуурийн театрын даргаар ажиллаж байхдаа “Чингис хаан”-аа бичиж эхэлсэн. Удалгүй театрын дарга хэд хэд солигдсон. Ийм, тийм дуурь бичиж, тавина гэдгээ театрын удирдлагатай тохиролцож, гэрээ хийж байж ажлаа явуулахгүй бол тоглохоо болих, хөлсийг нь өгөхгүй байх асуудал гарч болзошгүй.
ДБЭТ-ын дарга Эрдэнэбаттай гэрээ хийх шаардлагатай болж уулзтал “Та хүлээж бай. Энэ асуудлыг ярилцаж байгаад хариу өгье” гэсэн юм билээ. Тэгээд сарын дараа “Бид өөр хүнээр “Чингис хаан” дуурь бичүүлнэ” гэж хариулснаар манай хүн хийж байснаа зогсоосон.
Гол ари, хөгжмүүдээ биччихсэн, хавтас дүүрэн материалтай болчихсон байсан юм. Одоо шавь нарт нь “Юм хийж чаддаг хүнд бол багшийнхаа үлдээснийг үзээд үргэлжлүүлбэл бэлэн материал бий” гэхээр “Багшийн зиндаанд хүрэх болоогүй” гэцгээдэг. Бурхан багшийн тухай либретто бэлэн болгочихсон, хөгжмийг нь бичих төлөвлөгөөгөө гаргасан байлаа.
Нацагаа бичгийн англи хэл сайтай. Би гадаадад хөгжмөө тоглуулах болохоороо муу Нацагаа руугаа л гүйдэг сэн. Биднээс хамгийн өндөр боловсролтой нь Нацагаа. Над шиг хэт гоёчлоогүй, уран бүтээлийн нэлээд гүнзгий утга агуулга хөөж зохиодгоороо ялгардаг. Биднээс хамгийн түрүүнд компьютерын программаар ноот шивсэн. “Учиртай гурав”-аас эхлээд “Ламбугайн нулимс”, миний “Чингис хаан” зэрэг олон дуурийн ноотыг Нацагаа л өөрийн гараараа шивсэн...
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав
“Гүн гэрийн гүнж” дуурь бичсэнээ тавих гэж өчнөөн хөөцөлдөөд хөрөнгө олдоогүй учир 2005 онд концерт маягаар, зөвхөн хөгжмүүдийг нь эгшиглүүлж тоглолт хийсэн. Харин өдгөө 65 жилийнх нь ойг тохиолдуулж энэ дуурийг олны хүртээл болгож буйд БСШУЯ болон ДБЭТ-ынханд баярлаж буйгаа илэрхийлье.
-Зохиож бүтээхийн зовлон шаналан гэр бүлийнхэнд нь хэр нөлөөлдөг байв?
-Уран бүтээлийг маш тайван нөхцөлд, зав чөлөөтэй сууж байж туурвидаг. Тиймээс “Би ийм юм хийж, тэр өдрийн дотор хүлээлгэж өгөх ёстой” гэж хэлэхэд нь би ажлаа зохицуулна.
Амралтын өдөр би хүүхдүүдтэйгээ ээж аав, ах дүүгийндээ очиж, зун хөдөө явах зэргээр аль болох гэрт ганцааранг нь үлдээж уран бүтээлийг нь хийлгэх гэнэ. Өглөө ажил цуглахаас өмнө хөгжмөө бичиж, нэг цагийг ч сул өнгөрөөдөггүй хүн байсан. “Үүлэнзаяа” дуурийг ажлынхаа зав чөлөөгөөр бичиж байлаа.
Социализмын үед уран бүтээлийн чөлөө өгдөг байсан юм. 1987 оны эхээр “Үүлэнзаяа” дуурийг дуусгахад зориулж, Хөгжмийн зохиолчдын холбооноос гэр бүлээр маань нэг сарын хугацаатай Гүржийн Тбилис рүү явуулж билээ. Хамаг цаг хумсалчихдаг гээд дэлгүүр хоршоо орох их дургүй.
Хүүхдүүддээ, гэртээ, өөртөө юм ав гээд надад хамаг цалингаа даалгачихна. Уран бүтээлийн ард гарсных нь дараа “Одоо сайхан амар. Хөдөө явъя, айлд очъё” гэхэд “Үгүй” л гэнэ шүү дээ.
Нэгийг дуусгасны дараа нөгөө ажил нь ундарч, хийхгүй л бол болохгүй гээд цаг, хоног, сартай уралддаг. Түүнд амралтын өдөр гэж байгаагүй. Заримдаа “Би ажлын машин юм аа” гэж хэлээд хөхөрдөг байж билээ.
Намайг театрын алтан тайзнаа ид дуулж байх тэр л үед минь Нацагдорж ДБЭТ хэмээх их өргөөний 300 гаруй уран бүтээлчийг хүний зэрэгтэй авч явж, залуухан хэрнээ нягт зохион байгуулалттай, хэзээний ухаан нь задарчихсан, олон хүүхэдтэй айлын эцэг шиг шулуун үгтэй дарга байлаа. Дарга ямар нэгэн юманд хөл алдаж, нүд унагаж, дээрээс ирсэн сайн муу шийдвэрт гомдож баярладаггүй, хий багатай, урлагийн дарга нарт ховорхон заяасан хүн байсан даа....
Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай дуучин Х.Уртнасан
-Танд зориулж дуу хийж байв уу?
-С.Оюунчимэг “Нойрмог жаахан Норсмаа” шүлэг бичиж, Нацагдорж ая хийсэн. Нэрийг нь харчихаад манай хүн “Гүй ээ ер, миний хөгшнийг нойрмогоор нь дуудаад байхдаа яах вэ дээ, тэгэхгүй шүү” гэчихээд “Номын буянтай хань минь” гэж өөрчилж, “Хурд”-ын Отгонбаяраар дуулуулсан.
-Тэрбээр охинтой болъё гэж танд хэлж байсан уу?
-Би их хүндрэлтэй төрдөг юм. Бага хүүгээ төрөх дөхөхөд мань хашир их эмээж байсан. Би ч амь тэмцсээр, хүү минь ч эсэн мэнд төрж, сайхан торнисон. Нацагаа “Миний хүү хүн болох гэж өөрөө дураараа ирсэн юм” гэж хөөрч, их эрхлүүлдэг байсан даа.
Бүр сүүлд, 2005 онд “Одоо бодох нь ээ, хоёулаа дахиж хүүхэдтэй болж болох л байж шүү дээ. Хэтэрхий их айцгааж дээ. Охинтой байсан бол чамд ханьтай байсан юм” гэж билээ.
-ӨМӨЗО-д ажиллаж байхдаа өөд болсон юм уу?
-Өвдсөн гарт нь буруу эмчилгээ хийснээс болж нэг хэсэг мэдээгүй болсон. Гарнаасаа болж их сэтгэлээр унаж, эмнэлэг ч хүнийг алж мэднэ гэж айдаг болсон. Хүний газар өвдөхдөө гэрээ бараадъя гэж санаж, наашаа явах замдаа гэнэт муудан 2010 оны долдугаар сарын 10-нд зуурдаар өнгөрсөн юм даа.
Н.ЖАНЦАННОРОВ: ТҮҮНИЙ ХӨГЖМИЙН ЗОХИОЛ ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ БИШ, ХЭРЭГЦЭЭ МӨН
-Түүний уран бүтээлд нөлөөлсөн гол хүн хэн бэ?
-Д.Шостакович, Бетховен хоёр. Симфони бичих бол хөгжмийн уран бүтээлчийн зайлшгүй давах даваа гэдгийг мань хүн ойлгож байсан. Тэрбээр симфони бол хөгжмийн урлагийн салбарыг агуулга, хэрэгслийнх нь хувьд магнайд нь чирдэг гэдгийг ухаарч байсан.
Таван зуун жил хөгжсөн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог хөгжмийн уламжлал, шинэчлэлийг монгол үндэстний хөгжмийн сэтгэлгээтэй холбон уяж, тэдэнтэй хөл нийлүүлэх зарчим бол Нацагдоржийн бүтээлийн гол шинж.
Б.Шарав гэхээр “Сэтгэлийн эгшиг”, “Сэрсэн тал”, Жанцанноров гэвэл “Цагаан суварга”, “Мандухай сэцэн хатан” хүмүүсийн санаанд ордог. Нацагдоржийн бүтээлээс олонд хүрсэн ганц нь “Нутгийн чулуу” гэх гүн ухааны дуу. Нацагдорж том санаа атгаад байдаг.
Нааяа маань дууны биш дан хөгжмийн сэтгэлгээтэй хүн. Дуурь,балет, симфони зэрэг хөгжмийн урлагийн хамгийн том төрлүүдтэй “ноцолдохдоо” аялгуу хэм хэмнэл, зохирол, хэлбэршүүлгийн талаар ямагт шинийг эрэлхийлж, шинэчлэгч болж чадсан гэхэд хэт дөвийлгөсөн болохгүй. Тэрбээр том, бэсрэг, жижиг хэлбэрийн ямар ч бүтээл туурвихдаа сурч мэргэшсэн өрнийн сонгодог хөгжмийн шалгарсан арга барилыг үндэсний хөгжмийнхөө сонгодог төрөл болох уртын дууны ая аялга, хэм хэмнэл, бүтэц, хэлбэршил, далд олон хоолойн шинж, эд эсүүдтэй бүтээлчээр хослуулж, монгол симфонийн шинэлэг дуурсахуй ямар байж болохыг бүтээлчээр эрэлхийлж, тодорхой үр дүнд хүрсэн...
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Жанчив
Өөрөөр хэлбэл, түүний хөгжим өдөр тутмын хэрэглээ биш, хэрэгцээ мөн. Хэрэгцээ байж хэрэглээг бий болгоно. Тэгэхээр Нацагдорж шиг уран бүтээлч байх хэрэгтэй.
-Нацагдоржийн хамгийн том гавьяа юу вэ?
-XX-XXI зууны заагт Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн дээд түвшнийг тогтоолцсон. СУИС-д багшлахдаа хамгийн чухал үүргээ гүйцэтгэсэн юм. ДБЭТ-ын дарга болсон нь дуурь, балет бичихэд нь хэрэг болсон л байх.
Гэхдээ багшлахдаа илүү. Монголын сонгодог урлагт өөрийнхөө халааг бэлтгэхэд түрүү үеэс Гончигсумлаа гуай, манай үеэс Нацагдорж хөтлөгч нь.
-Бие биедээ уран бүтээлийн зөвлөгөө хэр өгдөг байв?
-Би Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга, Нацагааг орлогч дарга байхад “Мандухай сэцэн хатан” хөгжмөө бичсэн. Өөрөөр хэлбэл, зэргэлдээ өрөөнд суудаг байхдаа тэр хөгжмөө бичиж, ямар болсныг түүнээс асууна.
“Чи энэ хөгжмийг бичээд нэг бол мандана, эсвэл алга болно” гэсэн нь одоо бодох нь ээ их зөв дүгнэлт байж. Өнөөх Бетховен, Шостаковичийнх нь барьдаг зарчмаас гажиж, симфони хөгжмийг морин хуур, хөөмийтэй хутгана гэдэг сайн дурын уран сайхан шиг л түүнд бодогдоно шүү дээ.
Дэлхийн хөгжмийн ерөнхий хандлагыг сөрж байсан учир унавал гарч ирэхгүй гэж айхтар хэлсэн. Мэдээж Нацагдорж надад байхгүй, өөрт нь байгааг нэхнэ. Надад байж болох, түүнд байхгүй юмыг өөрөөс нь нэхнэ. Тухайлбал, “Чиний зохиолуудыг сонсоход толгойд тогтох ая алга аа, сайхан ая хийж үзээч” гэхэд өөдөөс “Шалдан ая уу” гэж дургүй нь хүрнэ.
“Чиний аялгуу байрнаасаа дэндүү удаан хөдөлж, нэг янзаар явж байна” гэхэд “Зүгээр ээ, хүн хөгжмийг бодож сонсох ёстой” гээд ам хаачихна. Гэхдээ Нацагаа шүүмжлэлийг үгээрээ хүлээж авахгүй хэрнээ толгойгоороо миний зөвлөгөөг авч байсан нь дараагийн бүтээлүүдээс нь мэдрэгддэг байсан.
Ер нь Нацагдорж Өгөөдэй хааныг их өвөрмөц сэтгэлгээгээр дүгнэдэг байсан. Түүний уян зөөлнийг гайхаж, өрөвдмөөр амьдралтай хүн байсан гэж төсөөлдөг. Эцгийнхээ дараа Монголдоо маш ихийг бүтээсэн гээд л ярина. “Өгөөдэй хаан” дуурьт Өгөөдэйн том ари байдаг юм. Хэн хүний барим тавим дуулчих нооттой биш. Асар их эргэцүүлэл, бодрол, дуучны хоолойн гаргах өнгө цараагаас ихээхэн шалтгаалах учиртай. Ж.Гантөмөрийн дуулсан нь Нацагаад их таалагдаж байсан гэдэг...
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган
Би ч ялгаагүй хэлснийг нь нүүрэн дээрээ хүлээж авахгүй, тэгсэн мөртлөө “Нацагаагийн хэлсэн ч толгой руу орлоо шүү. Яана аа, нээрэн бодохгүй бол баларлаа шүү” гэнэ. Муу концерт сонсохоороо Нацагдорж байсан бол ингэж хэлэх байсан даа, иймэрхүү хөгжмийг тэгж хийнэ дээ гэж бодно.
Өөрөө бүтээл хийж байхдаа тэвдвэл Нацагаа байсан бол санааг нь сонсох сон гэж үгүйлнэ. Миний хамгийн ойрын хөгжмийн зохиолч Нацагдорж, хөгжмийн зүтгэлтэн Батчулуун, урлагийн маш том зүтгэлтэн Балжинням үгүй болчихлоо.
Бидний үеийнхнээс Шарав л байна. Хоёр талд юмаа хийж, бас эмнэлэг гэж гүйцгээгээд бидэнд үргэлж уулзаад байх цаг гарахгүй юм. Ганцаардаж байна аа.
Б.ДӨЛГӨӨН