ОХУ-ын Ижевск хотноо энэ сарын 4-9-нд болсон Олон улсын циркчдийн есдүгээр наадмын алтан цомыг мөн л монголчууд өргөлөө. 2016 он гарснаас хойш ийнхүү Монголын акробатын жүжигчид гурав дахь алтан цомоо эх орондоо авчирлаа.
Хэдхэн хоногийн өмнө Испанийн Фигүрес хотноо болсон тэмцээний алтан цомыг хүртсэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчин “Монгол нүүдэлчид”, “Дудартай акробат” үзүүлбэрээрээ ийнхүү дараагийн шагналаа хүртсэн байна. Ур чадвараа хөгжүүлж, үндэсний онцлогтой цогц бүтээл туурвихад нь Монголын циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ, Монголын үндэсний циркийн багш Н.Энхболд нар чухал үүрэг гүйцэтгэжээ.
Дэлхийн циркийн урлагийн цомуудыг эх орондоо авчирж, сүүлийн таван сарын хугацаанд гурван алт, хоёр мөнгөн цом авчирсан амжилтыг тэмдэглэн гуравдугаар сарын 19-нд циркчид хамтарсан тоглолт хийхээр болсон байна.
БНХАУ-ын Учао хотноо болдог Олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээний мөнгөн цомыг хүртсэн Б.Золбаяр ахлагчтай “Есөн өрлөг” хамтлаг, ОХУ-ын” IDOL” тэмцээний мөнгөн цом, Испанийн Фигүрес, ОХУ-ын Ижевск хотод болсон тэмцээний алтан цомын эзэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид, Францын “Мэсси” тэмцээнээс алтан цом хүртсэн Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид энэ тоглолтод нэгдэх юм.