Бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний ухааныг та "Гүн гэрийн гүнж" дууриас мэдрээрэй.
Хүннү гүрний 2225 жилийн ой, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны 65 насны ойн хүрээнд “Гүн гэрийн гүнж” үндэсний шинэ дуурь гуравдугаар сарын 5, 6-нд нээлтээ хийж, ДБЭТ-т тоглоно.
Гурван бүлэг таван үзэгдэл бүхий дуурийн үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ. Дуурийн найруулагчаар Б.Сүхээ /Ph.D/(СТА), ерөнхий зураачаар Г.Ганбаатар (СТА), удирдаачаар Ж.Бүрэнбэх (УГЗ), хувцасны зураачаар Г.Оюун (СТА), ерөнхий хормейстерээр Н.Дашбямба (СТА), бүжиг дэглээчээр Н.Чинзориг нар ажиллаж байгаа бөгөөд дуурийн нээлтийн эхний тоглолтод Э.Бумхүү (СТА), Ш.Наранчимэг (СТА), Ж.Бямбажав (СТА), Д.Эрдэнэ-Очир нар, харин хоёр дахь өдөр нь Ч.Энхтайван (СТА), Б.Энхнаран, О.Хүрэлбаатар (СТА), Б.Батжаргал нар гоцолж, үзэгч та бүхний мэлмийг баясгаж, сонорыг мялаахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
Уг бүтээлийг “Сонгодог урлаг-2” хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтээж байгаа бөгөөл үндэсний сонгодог урлагийн бүтээлээ дэмжсэн БСШУЯ, тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хамт олонд театрынхан талархаж буйгаа өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.
Шинэ дуурийн нээлтийг үзэхийг хүсвэл дараах дугаараар холбогдож Дуурь бүжгийн эрдмийн театрт зочлоорой. 70110389, 99196609, 70110397, 99160475, 99928138, 88044508