Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд “Гүн гэрийн гүнж” (Гүн хүний гэрт амьдардаг гүнж гэсэн утгатай) бүтээлээ толилуулна.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж зохиож, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбат цомнолыг нь бичсэн уг дуурийг 2005 онд анх ДБЭТ-т концерт хэлбэрээр толилуулсан.
Арав гаруй жилийн дараа дуурь болгон толилуулах гэж буй уг бүтээлийг үзэгчдэд хүргэхээр хэрхэн бэлтгэж байгааг сурвалжиллаа.
Хан гүрний их жанжин Цао Цао хүннүчүүдийг ялсан баяраа тэмдэглэн дотнын анд Цай Юнтэй сархад зооглоно. Тэрбээр дайснаа ялсны бэлгэ тэмдэг хэмээн халх цуур хөгжмийг Цай Юнд бэлэглэв.
Цай Юн “Атаатан дайсныг байтугай ая дууг нь бид дийлэв” хэмээн ихэд бэлгэшээн, өөрийн охин буюу Хан гүрний гүнж Цай Вэн Жиг хөгжмийг эгшиглүүлэхийг хүсдэг. Түүний тоглосон аялгуу Хүннүгийн дайчдаас олзлогдож үлдсэн Цэн Бахт, Хай Чиндов нарын сонорт хүрч, нэгэн санаа төрнө.
Хүннүгийн хааны баруун, зүүн гарын баатар байсан тэд Хан гүрний гүнжийг, нэгэн хүрэл дэнгийн хамт хулгайлан, хаандаа аваачиж амь аврагддаг юм. Үзэсгэлэнт Цай Вэн Жи, Жи Жи Шаньюд таалагдсан тул хатнаа болгодог.
Хан улсад төмөр ховор ажээ. Харин Хүннүгийн хүрэл дэн тус улсад боловсруулж буй төмөр ямар бат бөх, элбэг болохыг харуулдаг. Энэ явдлаас 12 жилийн дараа Цай Юн гүн охиноо Хүннүгийн хатан болсон төдийгүй хоёр агь төрүүлснийг нь мэддэг.
Хүннү гүрэн бусад улстай олон жил дайтсаны эцэст хоёр хуваагдан, Ху Ханье хаан тэргүүтэй хэсэг нь Хан улсад дагаар орж, Жи Жи Шанью тэргүүтэй умард хүннүчүүд баруун зүгийг зорин дайтсаар өнөөгийн Унгар улсыг байгуулсан түүхтэй аж.
Энэ их тулааны үед хүннүчүүд төмөр илдээр дутагдаж, ялагдах магадлал өндөр байлаа. Тиймээс Цай Вэн Жи хатан Хан улсаас төмөр авах санал тавьж, оронд нь өөрөө нутаг буцах болно.
Энэ нь Хан улсаас авсан төмрөөр илд хийгээд өөрсөд рүү нь харвахгүй байх баталгаа аж. Ийнхүү Цай Вэн Жи хатан бага хүүгээ голомт сахиг хэмээн Хүннүд үлдээгээд том хүүгээ дагуулан төрсөн нутгаа зорино.
Зохиолыг бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд түүхэндээ Цай Вэн Жи хатан хоёр хүүгээ үлдээгээд явсан тухай зарим судлаач тэмдэглэжээ.
Доктор Л.Эрдэнэчимэг “Нүүдэлчдийн цуурын 18 аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны бүтээл бичиж, Цай Вэн Жи гүнж Хүннүд байхдаа нутгаа санан уйтгарлахдаа зохиосон 16 шүлэг, мөн тооны зургийг бүтээлдээ хавсарган хэвлүүлжээ. Тэрбээр гүн гэрийн гүнжийн түүхээр уран бүтээл хийх талаар Ц.Нацагдорж, Д.Төрбат нарт санал болгосон юм билээ.
Уран бүтээлчид тайзны нэгдсэн бэлтгэлээ маргааш хийнэ. Биднийг очиход уран бүтээлчдийн хэлдгээр дуурийн өрөлт сургуулилалт хоёрдугаар давхарт нь болж байв. Дуурьт хоёр багаар ээлжилж тоглоно. Нэгдүгээр багийнхан бэлтгэл хийж байх үед бид очсон юм.
Бэлтгэл дээр театр судлалын чиглэлээр БНХАУ-д докторын зэрэг хамгаалсан найруулагч Б.Бямбабаатарыг урьжээ. Тэрбээр Хан улсын үеийн ёслол мэндчилгээ, биеийн хөдөлгөөн, эдлэл хэрэгсэл ямар байсан талаар зөвлөгөө өгсөн.
Б.Бямбабаатар Хан улсын жанжин, бичгийн хүн хэрхэн ёсолдог байсныг Цао Цао, Цай Юн нарын дүрд тоглож буй хүмүүст зөвлөөд тухайн үеийн дээдсүүд жижиг хундага бус, шавраар хийсэн том аягаар цагаан будааны архи уудаг байсныг хэлсэн.
Үүнээс гадна байлдаж яваа жанжин болон өргөөндөө тухлан суугаа бичгийн хүн хоёрын архи уух хөдөлгөөн өөр байх ёстойг сануулав. Дуурийн оргил хэсэг дөрөв, тавдугаар үзэгдэлд өрнөдөг.
Энэ хэсэгт уран бүтээлчид нэлээд ажиллаж, багагүй хугацаа зарцуулсан. Хятад орныг санагдуулам жингэнэсэн уянгалаг аялгуу дахин дахин эгшиглэж, Цао Цао жанжны тушаалаар Хүннүг зориод ирсэн Дун Ши, Чун Ши нар гүнгийн өргөөнд зочилж, хайрт охин нь харийн хааны хатан болсныг эцэгт нь дуулгаж буй хэсгийг олон давтав.
Олон жил сураггүй байсан охиныхоо сургийг сонсож буй эцгийн төрх, түүнд охиных нь талаар дуулгаж буй хүмүүсийн царай, гарын хөдөлгөөн, сөхөрч суух зэрэг нь ямар байх талаар багагүй ярилцсан.
Дуурьт жүжиглэхээс илүү дуулах нь чухал ч дуучны биеийн хөдөлгөөн дүрээ гаргахад онцгой үүрэгтэй. Дээд албан тушаалтандаа мэдээ дуулгаж буй цэргийн гарын хөдөлгөөн ямар байгааг энгийн үзэгчид төдийлөн анзаарахгүй ч гэлээ уран бүтээлчид үзэгч бүрийг мэргэжлийн хүн хэмээн төсөөлж бүтээлээ туурвидаг нь эндээс анзаарагдаж буй.
Дуурийн төгсгөл уран бүтээлчдэд тэр дундаа эмэгтэйчүүдэд хамгийн хэцүү хэсэг. Нэг хүүгээ үлдээгээд нутаг буцаж буй Цай Вэн Жи хатан дуулж эхэлмэгц эмэгтэйчүүд нь уйлдаг аж.
Энэ өдөр ч ялгаагүй Цай Вэн Жид тоглож буй Ш.Наранчимэг, шивэгчин Минжин болж байгаа М.Дарийма нар хоолой зангируулж, нулимсаа арчин, дуулж байлаа. Сэтгэл уярахгүй байхын аргагүй уянгалаг хөгжим, ари энд эгшиглэдэг.
Зохиолын үйл явдал өөрт нь тохиолдсон юм шиг дүрийнхээ сэтгэл зүйг мэдэрч дуулж байгаа тэдний ур чадварыг биширмээр.
Ш.Наранчимэг “Хулгайлагдсан, эх нутгаа санасан, харийн хатан болж, хоёр хүү төрүүлсэн, хүүгээ орхиод явж буй бүсгүй хүний сэтгэл ямар байх бол гэж их бодсон. Надад ийм зүйл тохиолдсон мэтээр төсөөлж дуулдаг.
Дуурийн аялгуу нь намуухан уянгалаг болохоор дуулахад хялбар байна. Цай Вэн Жи гүнж хөгжим сайн тоглохоос гадна гоё зурдаг. Нутгаа санасан сэтгэлээ зураг, шүлгээр илэрхийлдэг.
Дуурийн төгсгөл хэсэгт хамгийн хэцүү бөгөөд хүмүүсийн сэтгэлийг их хөдөлгөнө. “Голомт сахих үрээ голоо тасартал санана даа” гэж дуулахаар уйлахгүй байх аргагүй. Уйлахаар дуулж чаддаггүй болохоор тоглолтын үеэр сэтгэлээ барихыг хичээнэ дээ” хэмээсэн.
Жи Жи Шаньюгийн дүү буюу Цай Вэн Жи хатны шивэгчин Минжин бол зохиомол дүр. Түүхэнд Жи Жи Шанью дүүтэй байсан, эсэх нь тодорхойгүй аж.
Нэг хүний дүрийг хоёр хүн бүтээхэд тухайн дуучны хоолойн өнгө, биеийн байдал, хөдөлгөөн, зан араншингаас шалтгаалаад өөр өөр дүр гардаг.
Цао Цаогийн дүрд тоглож буй Б.Батжаргал “Хаантайгаа эрх мэдэл булаацалдсан жанжны дүрд тоглож байна. Түүхэндээ Хан улсыг мөхөлд хүргэж, өөрөө Вэй улс байгуулсан гэдэг юм билээ. Энэ бол бардам, ихэмсэг, бялдууч хүний дүр” хэмээсэн бол түүнтэй адил дүр бүтээж буй Д.Эрдэнэ-Очир “Цао Цао жанжин ямар хүн бэ гэдгийг хөгжмөөр дамжуулан төсөөлж байгаа. Тухайн хүний зан араншин, насны онцлогийг хөгжмийн хэмнэл, өнгө аясаас гадна хэлж байгаа үгээр нь тодорхойлж болно. Мэдээж түүхэн хүн нь ямар байсныг судалсан.
Энэ бол яг тийм хүн гэж урьчилж хэлэхэд оновчгүй болов уу. Цао Цаогийн дүр ямар байх нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс шалтгаалдаг. Бэлтгэл хийж байснаасаа тайзан дээр өөр байхыг үгүйсгэхгүй” хэмээсэн.
Харин Цай Юн гүнгийн дүрд тоглож буй Ж.Бямбажав “Охиноо санаж бэтгэрсэн эрдэмтний дүрд тоглож байна. Хан улсын бичгийн эрдэмтэн хүн ямар байсан талаар нэлээд судалсан. Хувцсаа өмсөж, нүүрээ хувиргавал тухайн хүний гадаад дүр гарна. Харин дотоод дүрийг хэрхэн илэрхийлэх нь дуучны хоолойн өнгө, араншин, онцлог, ойлголтоос хамаардаг. Хөгжмөө сайн мэдрэх хэрэгтэй” гэв.
Уг дуурийн найруулагч Б.Сүхээ Москвагийн театр урлагийн сургууль төгссөн. 2001 оноос хойш Хөгжим бүжгийн коллежид багшилж байгаа. Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд түүнд санал тавьснаар энэ бүтээлийг найруулж буй. Тэрбээр “Энэ бүтээлийн гайхамшиг нь хөгжим.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж хөгжмийн ямар их мэдрэмж, сэтгэлгээ, дээд зэргийн боловсролтой хүн болохыг энэ бүтээл харуулдаг. Дайсагнасан хоёр улсын дундах үйл явдлаас үүдэлтэй хайр сэтгэл болоод хоёр агийн хувь тавиланд зохиолын гол утга оршиж байгаа” гэлээ.
“Гүн гэрийн гүнж”-ийн 2005 онд концертын хэлбэрээр тоглосон цомнолыг энэ удаа бага зэрэг өөрчилжээ. Шинээр бичсэн мөрүүдэд нь А.Батдэлгэр хөгжим зохиосон байна. Тэрбээр Ц.Нацагдоржийн хөгжмөөс ургуулан шинэ аялгуу хөглөжээ.
Дашрамд дурдахад, ӨМӨЗО-д гүн гэрийн гүнжийн наадам одоо ч болдог аж.
Ерөнхий найруулагч: Б.Сүхээ
Удирдаач: Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх
Ерөнхий зураач: Г.Ганбаатар
Ерөнхий хормейстр: Н.Дашбямба
Туслах найруулагч: Н.Туяа
Бүжиг дэглээч: Н.Чинзориг
Хөгжмийн редактор: А.Батдэлгэр
Концертмейстр: Э.Намуун, Б.Ундрам
Дүрүүдэд:
Жи Жи Шанью: Э.Бумхүү, Ч.Энхтайван
Цай Вэн Жи: Ш.Наранчимэг, Б.Энхнаран
Цай Юн: О.Хүрэлбаатар, Ж.Бямбажав
Цао Цао: Д.Эрдэнэ-Очир, Б.Батжаргал
Хай Чиндов: Г.Шижирболд, Г.Энхболд
Цэн Бахт: Гавьяат жүжигчин М.Болд, Б.Энхсайхан
Минжин: М.Дарийма, Р.Доржхорлоо
Дун Ши: Б.Түмэндэмбэрэл, М.Даваадорж
Чун Ши: Д.Энхбилэг, Б.Шинэбаяр
Бөө: Б.Алтангэрэл, А.Сайнболд
П.ТУНГАЛАГ