VIII Богд Жавзандамба хутагт нь Шаравпэлжээлин, Гунгаадэжэдлин, Дэчингалав, Хайстайн лавиран гэсэн ногоон, цагаан, шар, хүрэн ордонтой байжээ. Дөрвөн ордноос өдгөө Шаравпэлжээлин нь бүтэн үлджээ. Цагаан ордныг буулган, суурин дээр нь I цахилгаан станц барьж, шар ордон нь шатаж үгүй болжээ. Харин Хайстайн лавиран нь Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт харуул хамгаалалтгүй, хандах эзэнгүй шахам байсныг сэргээн засварлаад, дуусах шатандаа оржээ. Уг ордныг Богд хааны ордон музейд шилжүүлж, музейн зориулалтаар ашиглах хүсэлтийг гурван жилийн өмнө тавьсан ч өнгөрсөн аравдугаар сараас л засварын ажил эхэлсэн аж. Харуул хамгаалалтгүй олон жил болж, нурах шахсан түүхэн барилгыг сэргээн засварлах ажлыг “Энэрэлт их эрдэнэ” ХХК гүйцэтгэж буй. Тус компанийн захирал Д.Базарваань “Хайстайн лавиранг сэргээн засах ажилд 510 сая төгрөг төсөвлөж, өнгөрсөн аравдугаар сарын 20-ноос засаж эхэлсэн. Барилгын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд ажлын хугацааг сунгасан. Сэргээн засварлахдаа өмнө байсан дүр төрхийг тэр чигт нь харуулахыг зорьж буй аж. Хүмүүс шинээр барих, сэргээн засварлах гэдгийн ялгааг ойлгохгүй юм. Уг барилгыг барихдаа биш, түүхийн ач холбогдлыг нь сэргээж, анхны хийцийг дахин гаргахад гол зорилго нь байгаа” гэв.
Ямар ч хараа хяналтгүй олон жил болсон учир түүхийн улбаатай гэхээр юу ч үлдээгүй байсан гэнэ. Нэг хэсэг айл, дараа нь орон гэргүй хүмүүс хоног төөрүүлж байсан уг барилгаас 50-иад шоо метр хур хог гарчээ.
Хайстайн лавиран нь хоёр давхар, 13 өрөөтэй. Уг ордныг XIX зууны сүүл, ХХ зууны эхээр Чингэлтэй уулын Хайлаастын аманд байгуулжээ. Дараа нь одоогийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нүүлгэн авчирсан байна. Судлаачдын үзэж буйгаар Богд хаан энэ ордонд хүүхэд өсгөхөд тохиромжтой гэж үздэг байсан бөгөөд хуучин Хайлаастын аманд байснаас нь үүдэн ийн нэршсэн байдаг. Хайстайн лавирангийн анхны төрхийг Монголын шинэ үеийн уран зургийн нэрт төлөөлөгч, олноо “Марзан” хэмээн алдаршсан Б.Шарав бүтээсэн нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж буй. Түүнчлэн VIII Богд Жавзандамба 1924 оны тавдугаар сарын 20-нд уг ордондоо таалал төгсжээ. Ордныг сэргээн засварлах ажлыг энэ сарын 10-нд дуусгах ажээ.