Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” компанийн ажилчид өргөн нь 1.8 метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравч урлаж “Гиннесийн ном”-д бүртгүүлэхээр зорьж байна. Энэ ажлыг тус хоршооны захирал Ж.Нарантуяа, нөхөр Д.Нэргүйн хамт санаачилжээ.
Дэлхийн дээд амжилтад орох эсгий аравч дээр 13 дугаар зууны үе, Чингис хааны амьдрал ахуй, тухайн үеийн монгол түмний аж байдал, ёс заншлыг харуулах гэнэ. Одоогоор "Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэсэн зураг бүхий 10 метр эсгий ширмэл бэлэн болжээ. Нийт 15 оёдолчин ирэх зургаадугаар сарын 1 гэхэд 100 метр үргэлжилсэн ширмэл аравчийг бэлэн болгохоор ажиллаж байна.
Хамгийн гол нь хийц урын хувьд уламжлалт оёдол, наамал ашиглана гэж тэд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, зураач эсгийн дээр зураг гаргасны дагуу оёдолчид оёж байгаа юм.