Монголын циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ продюсертэй, Монголын үндэсний циркийн дасгалжуулагч Н.Энхболд багштай, соёлын тэргүүний ажилтан Т.Номуунбаатар ахлагчтай акробатчид “Монгол нүүдэлчид” болон дудартай акробат үзүүлбэрээрээ Испанийн Фигүрес хотод болсон олон улсын циркчдийн тэмцээний алтан цомыг хүртлээ.
Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje&guys” хамтлагийнхан Францад болсон олон улсын тэмцээний алтан цомыг нэгдүгээр сард хүртсэн юм.
Тэгвэл урьд шөнө дүнгээ гаргасан Фигүресийн тэмцээний алтан цомыг Монголын акробатчид, шүүгчдийн нэрэмжит шагналыг Ц.Сэлэнгэ багштай Монголын уран нугараачид гардсан байна.
Фигүресийн тэмцээн таван жилийн түүхтэй бөгөөд 2012 онд Б.Золбаяр ахлагчтай “Есөн өрлөг” хамтлагийнхан мөн алтан цом хүртэж байжээ.
14 орны 82 жүжигчин оролцсон энэ тэмцээнд БНХАУ-ын Учаод болдог олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээний алтан цомыг өнгөрсөн онд хүртсэн жүжигчид болон нэр хүндтэй тэмцээний шилдгээр шалгарсан олон уран бүтээлчид оролцсон байна.
Монголын акробатын жүжигчид энэ удаа 13 хүний бүрэлдэхүүнтэй, харин уран нугараачид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Хунт нуур” үзүүлбэрээр өрсөлджээ.
Эл тэмцээнд оролцохын тулд багш, жүжигчид олон сарын турш бэлтгэл хийж, хөгжмийн зохиолч О.Чинбат шинэ ая зохиож, морин хуурч Б.Нинжин тоглож, ҮДБЭЧ-ыг бүжиг дэглээч Х.Хашхүү үзүүлбэрийн дэглэлтийг хийжээ. Морин хуурын аялгуу, уртын дуу, монгол ёсолгоо, үндэсний загвартай хувцас хэрэглэлээрээ манайхан бусдаас тод ялгарч байсныг энд дурдах нь зүй. Монголын жүжигчдийн тоглолтын дараа шүүгч нар босож зогсон алга ташиж хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ тэмцээн гурван алтан цомтой бөгөөд БНХАУ-ын Учаогийн циркийн сургуулийн жүжигчид болон БНХАУ-ын дэвүүртэй бүжигчид хоёр алтан цомыг авчээ.
Мөнгөн цомыг Канадын “Акробат этюд”, ОХУ-ын алиалагч Владимир Дерябкин, Итали, Испанийн жүжигчид агаарын гимнастикийн үзүүлбэрээр авсан байна.
Хүрэл цомыг ОХУ-ын цагаригаар наадагч Александра Левицкая, ОХУ-ын агаарын гимнастикийн жүжигчин Юлия Макеева, Алексей Турченко, Украйны хос уран нугараачид хүртжээ.
Монголын циркийн хөгжлийн төв байгуулагдсанаасаа хойш “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг хоёр удаа хийж, “Мөсөн цирк”, “Кабаре цирк” тоглолтоор Монголын циркийн урлагт шинэ өнгө төрх оруулсан бөгөөд тус төвийн тэргүүн Н.Эрдэнэ 2012 оноос хойш 15 удаагийн тэмцээнд Монголын циркчдийг оролцуулж, шинэ он гарснаас хойш хоёр ч алтан цом гардаад байна. Тэрбээр энэ жил Франц, Испанид болсон тэмцээний шүүгчээр ажилласан бөгөөд энэ сарын 4-8-нд ОХУ-д болох тэмцээнд мөн уригджээ. Монголын циркчид өнөөдөр ОХУ-г зорьсон бөгөөд гуравдугаар сарын 10-нд эх орондоо ирнэ.
Ж.СОЛОНГО