Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын наадам өчигдөр болж өнгөрлөө. 88 дахь удаагаа болсон уг наадам АНУ-ын Лос Анжелес хот дахь “Долби” театрт болсон юм. Шагнал гардуулах ёслолоор 24 төрөлд шилдгүүдийг тодрууллаа.
“Оскар”-ын эзнээр шалгарах жүжигчдийн нэрийг зарлах нэр хүндтэй үүрэг жүжигчин Вупи Голдберг, Жулиана Мур, Кейт Бланшетт, Чарлиз Терон, Болливудын од Приянка Чопра, дуучин Жон Леженд болон Леди Гага нарт оногджээ.
Энэ үдэш инээдмийн киноны шилдэг жүжигчин Крис Рок наадмыг хөтлөн, үзэгчдэд инээд бэлэглэв. Тэрбээр 11 жилийн өмнө буюу 2005 онд “Оскар”-ын 77 дахь удаагийн ёслолыг хөтөлж байсан.
Түүнчлэн дуучин Леди Гага “Til it happens to you” дуугаар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр энэхүү дуугаараа оны шилдэг дуу төрөлд өрсөлдсөн юм. Мөн “Викенд” хамтлаг “Fifty shades of Grey” киноны дуугаа дууллаа.
Энэ өдөр зөвхөн шагнал гардуулахаас гадна биднийг орхин одсон уран бүтээлчдийг дурсдаг. Тэдгээрийн дотор жүжигчин Алан Рикман, Кристофер Ли, Роберт Логгиа, Маурин Охара, Омар Шариф, Дин Жонес, Алекс Рокко, хөгжмийн зохиолч Жеймс Хорнер, дуучин Дэвид Боуи, зохиолч Даниел Герсон нар байлаа.
Энэ жилийн “Оскар”-ын наадам шилдэг кино зохиол шалгаруулснаар эхлэв. Уг төрөлд “Spotlight” кино шалгарсан юм. Католик сүмийн нэрээр хүүхдийн хүчирхийллийг далдалж байсан хэргийг “Бостон Глоб”-ынхон илчилсэн тухай бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн тус киноны зохиолыг Жорж Сингер, Том Маккарти нар бичжээ.
Энэ жил найруулагчдын дунд ширүүн өрсөлдөөн боллоо. Шилдэг найруулагчийн төлөө Адам МакКэй, Жорж Миллер, Алехандро Иньярриту, Ленни Абрамсон, Том Маккарти нар өрсөлдсөн юм. Тэднээс энэ жилийн шилдэг найруулагчаар Мексикийн кино найруулагч Алехандро Иньярриту “The Revenant” киногоор шалгарлаа.
Тэрбээр өнгөрсөн жилийн “Оскар”- ын шагнал гардуулах ёслолоос “Birdman” киногоороо энэ шагналыг хүртэж байв. Мексик найруулагч ийнхүү хоёр жил дараалан шилдгээр тодорсон нь Кино академийн түүхэнд дээд амжилт тогтоосон явдал болов.
Дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэхэд киноны дуу маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор “Оскар”-ын наадмаар оны шилдэг киноны дуу шалгаруулдаг билээ. Энэ жилийн шилдэг дуугаар “Жеймс Бонд” цувралын шинэ анги болох “007: Спектр” киноны дуу “Writing’s оn the wall” шалгарлаа.
Дуучин Сэм Смит энэ дууг дуулсан билээ. Түүнчлэн киноны шилдэг хөгжмийн зохиолчоор “The hateful eight” киноны хөгжмийн зохиолыг бичсэн Эннио Морриконе тодорлоо. Мөн шилдэг дууны найруулга шалгаруулах төрөлд “Mad Max: Fury road” киноны уран бүтээлчид ялав.
“Оскар”-ыг олон улсын томоохон наадам гэдгийн нэгэн баталгаа бол “Гадаад хэл дээр бүтээгдсэн шилдэг кино”-г шалгаруулдаг уламжлал. Энэхүү төрөлд Унгарын найруулагч Ласло Немешийн “Son of Saul” бүтээл шалгарсан.
Анх салбарласан цагаасаа кино урлагийн түүхэнд томоохон хувь нэмэр оруулж байгаа богино хэмжээний киноны төрөлд Бенжамин Клири, Серена Армитаж нар “Stutterer” киногоороо шалгарч, “Оскар”-ын эзэд болов.
Уран сэтгэмж, хийц зөгнөлөөс илүү баримт, түүхийг ул болгон бүтээдэг төрөл бол баримтат кино. Энэ жилийн шилдэг баримтат киногоор алдарт дуучин Эми Уайнхаусын тухай өгүүлэх “Amy” кино “Оскар” хүртлээ.
“Грэмми”-гийн таван удаагийн шагналт, алдарт дуучин Эми Уайнхаус 27 настайдаа хорвоог орхисон юм. Найруулагч Азифа Кападиа уг кинонд түүний амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлжээ. Харин “A girl in the river: The price of forgiveness” киногоор найруулагч Шармин Обайд шилдэг богино хэмжээний баримтат киноны төрөлд “Оскар”-ын шагнал хүртлээ.
Хүүхдүүд төдийгүй томчуудын сонирхон үздэг дэлгэцийн урлагийн төрөл бол хүүхэлдэйн кино. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны төрөлд “Inside out” киногоор найруулагч Пит Доктер, Рональдо Дель Кармен нар, шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киногоор “Bear story” шалгарав.
Дэлгэцийн уран бүтээлийн хийц, өнгө, донж, дүрсний гайхамшгийг үнэлэх олон номинаци “Оскар”-ын наадамд бий. Тухайлбал, энэ жил өрсөлдсөн бүтээлүүдээс шилдэг зураг авалттай киногоор “The Revenant” шалгарч, Мексикийн зураглаач Эммануэль Любецки “Оскар”-ын эзэн болов.
“The Revenant” киноны бүх зургийг зөвхөн байгалийн гэрэл ашиглан авсан гэдгээрээ бусад киноноос онцлогтой. Киноны шилдэг эвлүүлгээр Маргарет Сиссель “Mad Max: Fury road” кинонд ажилласан ажлаа үнэлүүлэн шалгарав. Харин “Ex machina” кино энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос шилдэг график дизайны шагнал хүртлээ.
Жүжигчдийн ур чадварт хүч нэмдэг хүчин зүйл бол нүүр хувиргалт, хувцас. Шилдэг нүүр хувиргалттай киногоор “Mad Max: Fury road” тодорлоо. Мөн шилдэг тайз засалттай кино, шилдэг хувцас загвар номинацид уг кино “Оскар” хүртжээ. Тус кино нь мэргэжилтнүүдээс хамгийн өндөр үнэлгээ авч, үзэгчдийг байлдан дагуулж чадсан кинонуудын нэг юм.
“Оскар”-ын наадамд нэр дэвшигчид, оролцогчид, үзэгчдийн амьсгаа даран хүлээдэг агшин бол шилдэг гол болон туслах дүрийн жүжигчдийг зарлах мөч байдаг билээ. Энэ жилийн шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр “The Danish girl” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Алисия Викандер шалгарсан бол шилдэг эрэгтэй туслах дүрийн эзний цомыг найруулагч Стивен Спилбергийн бүтээл “Bridge of Spies” кинонд тоглосон жүжигчин Марк Райлэнс хүртлээ.
Уг кинонд хүйтэн дайны үед болсон, дэлхийд шуугиан тарьсан нэгэн үйл явдлыг өгүүлсэн аж. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Room” киноны дүрээр жүжигчин Бри Ларсон хүртжээ. Шилдэг эрэгтэй дүрийн эзнээр хэн шалгарах нь үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн мөч байлаа.
Энэ жил уг номинацид “Trumbo” киногоор Брайн Кранстон, “The Martian” киногоор Мэтт Дэймон, “The Reve¬nant” киногоор Леонардо ДиКаприо, “Steve Jobs” киногоор Майкл Фассбендер, “The Dan¬ish girl” киногоор Эдди Редмайн нэр дэвшсэн юм. Өөр өөрийн өвөрмөц онцлогтой дүрийг бүтээсэн эдгээр жүжигчний дотроос Леонардо ДиКаприод олонх үзэгчид итгэл хүлээлгэсэн байв.
“Оскар”-ын баримлыг таван удаа атгаад алдсан түүнд монголчууд ч их хайртай бололтой. Түүний “дээлийн захыг мушгиж”, тэр бүү хэл түүнд Хийморийн сан тавиулж, бурхандаа даатгасан зураг ч цахим ертөнцөд тархсан. Тэгвэл Леонардо ДиКаприо уг наадамд зургаа дахь удаагаа нэр дэвшиж, “Алтан хүн” анх удаа гартаа атгалаа.
Найруулагч Алехандро Иньярриттугийн “The Revenant” кинонд бүтээсэн Хью Глассын дүр түүнийг “Оскар”-ын эзэн болгов. Лео уг киноны зургийг бүтэн найман сарын турш авахуулжээ. Канадын хамгийн өндөрлөг газар болох Албертад, мөнх цаст уулын оргил, хөлдүү голын эрэгт бүх зургаа авахуулсан.
Тэрбээр шагналаа гардах мөчид “Та бүхэнд маш их баярлалаа. Америкийн кино академи болон энэ танхимд буй бүх хүнд талархсанаа илэрхийлье. Миний карьерын эхэн үеэс өнөөг хүртэл тусалж дэмжиж ирсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой.
Энэ бол гайхалтай баг хамт олны минь цуцашгүй чармайлтын дүнд бий болсон бүтээл. “The Revenant” кино хүн төрөлхтөн, байгаль хоорондын холбооны тухай өгүүлдэг. Өнгөрсөн жил дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болж өнгөрлөө.
Уур амьсгалын өөрчлөлт нь бодит зүйл. Энэ нь хүн төрөлхтний хувьд хамгийн ноцтой аюул юм. Тиймээс одооноос хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллах хэрэгтэй. Энэ дэлхий зөвхөн бидэнд зориулагдаагүй шиг, энэ шагнал ч гэсэн зөвхөн надад зориулагдаагүй” гэсэн юм.
88 дахь удаагийн “Оскар”-ын наадмын хамгийн сүүлийн номинаци болох оны шилдэг киногоор “Spotlight” тодров. Энэ наадамд “The Revenant” кино нийт 12 номинацид нэр дэвшиж, гурвынх нь эзнээр тодорсон бол “Mad Max: Fury road” кино есөн төрөлд өрсөлдөж, зургаад нь ялжээ.
Америкийн кино академи энэ жил “Оскар”-ын гол дөрвөн шагналд зөвхөн цагаан арьстнуудыг л нэр дэвшүүлсэн хэмээн буруутгагдаад байгаа. Тиймээс кино найруулагч Спайк Ли, жүжигчин Жада Пинкетт Смит нар уг ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хөтлөгч Крис Рок энэ үдэш цагаан хослолтойгоор тайзан дээр гарсан нь ч дээрх шуугиантай холбоотой аж.
Шагнал хүртэгсэд сэтгэл хөдлөлд хэт их автсан үедээ хэтэрхий нуршуу, олон юм ярьдаг. Иймээс энэ жилээс эхлэн “Оскар”-ын талархлын үгийг 45 секундэд багтаах ёстой гэсэн шаардлага тавьсан гэнэ.
Сонирхуулахад, ялагчдын нэрийг бичсэн захидал хийсэн дугтуйг Германаас захиалан авчирдаг аж. Уг дугтуйг Баварид байрлах “Gmund treasury” гэх жижигхэн үйлдвэрт гар аргаар хийдэг бөгөөд нэг дугтуйг хийхэд 110 цаг ордог байна.
А.ХАЛИУН