Тал бүрийн авьяастай, тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн залуу жүжигчдийн нэг Э.Ууганбаяр “Хувьсал” продакшнаас урлагийн замналаа эхэлж, өдгөө “Найзууд” театраа байгуулаад, уран бүтээлээ туурвиж буй. Түүнтэй ярилцлаа.
-Таны тоглосон “Дурлал сүйтгэгч” кино үзэгчдэд хүрээд хэдхэн хонож байна. Шинэ онд уран бүтээлийн саналд “дарагдаж” байна уу?
-2016 он гарснаас хойш хоёр ч киноны санал ирсэн. Нэг нь эротик, нөгөө нь уянгынх. Харамсалтай нь, “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэг хөтөлж байсан болохоор татгалзсан.
-Найруулагч нар танд ихэнхдээ шалиг, хүүхэмсэг залуугийн дүр оноодог. Түүнээс болж “Дон Жуан” гэж ч хочлуулдаг. Та тийм хүүхэмсэг эр үү?
-Үгүй шүү дээ. Жүжигчдийг тоглосон дүрээр нь хүлээж авах нь бий. Яах вэ, нэг талаас би хүмүүсийг итгэтэл хүүхэмсэг эрд хувирч чадаж байгаа болоод л тэгж ярьдаг байх. Эмэгтэй хүний нандин ертөнцөд нэвтэрч ажиллах дүрүүд шүү дээ.
Тухайн дүрийн зан авир, хувирлыг гаргаж чадна гэж үзсэн болоод л найруулагч тийм дүр санал болгодог байх. Тэрийг эерэгээр л ойлгох хэрэгтэй. Би гэр бүл зохиогоод 15 жил болж байна.
-Хэрэв “Авьяаслаг монголчууд”-тай давхцаагүй бол эротик кинонд тоглох байсан уу?
-Тоглох байсан. Уг нь их гоё санал. Хамтран тоглох эмэгтэй нь Австрийн жүжигчин, бас нэг гадаад эрэгтэй жүжигчин гол дүрд нь тоглох байсан. Гурван орны хамтарсан бүтээл болох байлаа.
“Даахгүй нохой булуу хураана” гэдэг шүү дээ. Өөр ажилтай байж зөвшөөрчихвөл хүний ажил баллачих байх гэж эмээсэн юм.
-“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийг хөтлөх саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Монгол HD” телевизийн удирдлагаас энэ талаар анх сонсоод битүүхэн горьдож л байлаа. Надтай хэн хэн өрсөлдөж болох вэ гээд л бодож байсан. Эхэндээ надад туршилтын журмаар ажиллах санал тавьсан. Тэр үедээ цаг барих, хэрхэн ажиллах зэрэг хувийн зохион байгуулалт, ур чадварыг маань шалгах гэсэн юм билээ.
Хөтлөгч сонгохдоо гэр бүлийн байдал, ажилласан уран бүтээлүүдийг нь хүртэл хардаг. Би гурван удаа ярилцлагад орж, шалгуулж байж сонгогдсон. Гэр бүлийн нэвтрүүлэг учраас хамаагүй задгай, хайнга хандаж болохгүй.
Гэрээ хийхэд хүртэл энэ шоуны хөтлөгчөөр ажиллаж байх хугацаандаа садар самуун сурталчилсан уран бүтээл, сурталчилгаанд тоглохыг хориглосон.
-Шоуны талаар хүмүүс янз бүрээр л ярьсан. Зохиолын дагуу зураг авдаг, шүүгчдийн хэлэх үгийг хүртэл урьдчилж бэлтгэсэн гэх мэтчлэн. Үнэхээр тийм байсан уу?
-Нэгэнт л телевизийн шоу нэвтрүүлэг учраас зохиол байлгүй яах вэ. Дэлхийн хэмжээний шоу учраас илүү ач холбогдол өгөх нь ойлгомжтой. Тэгээд ч жил бүр зохион байгуулах энэ төрлийн шоунд зохиол байхгүй л бол жил ирэх тусам чанар нь муудаж, унадаг. Хамгийн чөлөөтэй, зохиолд баригдалгүй ажилласан нь хоёр хөтлөгч.
Оролцогчдын талд байж, тэдний сэтгэл хөдлөлийг илүү тод гаргахаар ажилласан. Оролцогчдын хувьд үзүүлбэрээ сайн болгохын тулд найруулагчдын заавраар зургаа авахуулдаг. Түүнээс биш, үг бичсэн цаас өгөөд л, тэрийг нь цээжилж ярьсан юм биш л дээ. Харин шүүлт үнэхээр шударга явагдсан гэдгийг онцлон хэлье.
-Дараагийн шоуны бүртгэл эхэлсэн гэсэн. Г.Анхбаяр, та хоёр үргэлжлүүлэн хөтлөх үү?
-Бүртгэл эхэлсэн. Хөтлөгчдийг солихгүй байх. Харин шүүгчдээс нэг нь солигдох байх.
-Та СУИС-ийг хамт төгссөн ангийнхантайгаа “Найзууд” театр гэж байгуулсан. Хэзээ уран бүтээлээ хүргэх вэ?
-2009 онд “Хувьсал” продакшнаас гарсныхаа дараа “Найзууд” театраа байгуулаад “Амьдралын амт” кино хийсэн. 2013 онд “Гэнэтийн бэлэг” жүжиг тавьсан. 2015 онд театрынхаа албан ёсны бичиг баримтыг бүрдүүлж, тамга тэмдгээ авлаа.
Шинэ уран бүтээлээ хавраас үзэгчдэд хүргэнэ. Оны өмнөхөн зургийн ажлаа дууслаа. СУИС-ийг төгссөний 11 жилийн ойдоо зориулж байгаа.
-СУИС төгссөн ч мэргэжлээрээ ажилладаггүй хүн олон. Харин танай ангийнхан бараг бүгд ажиллаж байгаа юм билээ.
-18 хүүхэд төгссөний 15 нь салбартаа ажиллаж байна. “A-Cappella” хамтлагийнхан буюу Э.Мөнхтөр, А.Одбаяр, Ц.Мөнх-Од, Д.Төмөрчөдөр, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Хувьсал” продакшны жүжигчин Н.Цэнгэлжаргал, Д.Пүрэвсүрэн, “Бондоолой” фильмийн найруулагч, зураглаач Ц.Золжаргал гээд нэрлэж болно.
-Удахгүй гарах киноныхоо тухай яриач.
-Уянгын төрлийн кино. Ид хийж бүтээх насандаа яваа бидэн шиг залуус үзээд нэгийг бодоосой. Киноны зохиолоо бичихдээ найзууд, үеийн залуусын амьдралыг их ажсан. Бүх дүрд ангийнхныгаа тоглуулахыг хичээсэн. Нэг үеийн олон жүжигчнийг оролцуулж зохиол бичихэд хэцүү юм билээ.
-Тайз, дэлгэцийн олон бүтээл шил даран нээлтээ хийж байна. Энэ үед шинэ уран бүтээл хийхэд үзэгчид хэрхэн хүлээн авах бол, “шатах” вий гэж айж байна уу?
-Олон бүтээл зэрэг нээлтээ хийж байгаад биш, эдийн засгийн хямрал л уран бүтээлд нөлөөлж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад кино театруудын үзэгчдийн тоо эрс буурсан байна. Хошин урлагийн тоглолтууд ч ялгаагүй.
-Ингэхэд яагаад урлагийн мэргэжил сонгосон юм бэ?
-Би 14 дүгээр сургууль төгссөн. Сурагч байхаасаа л янз бүрийн уралдаанд оролцдог байлаа. Манай ээж “Монгол кино” үйлдвэрт инженер байсан. Тэр нь ч их нөлөөлсөн. Нээрэн, би багадаа хоёр, гурван кинонд тоглосон.
“Сүүн цагаан өргөө” гээд Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтарсан кино бий. Бас “Аминд хүрсэн олз”. Саяхан зурагтаар гарсан. Багын төрхөө харах сонин л юм билээ.
-Жүжигчин болоогүй бол...
-Биеийн тамирын багш.
-Яагаад?
-Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан юм. Ер нь спортод их дуртай байлаа.
-Спортоор хичээллэдэг байснаа урлагийн мэргэжил сонгосон уран бүтээлч нэлээд байдаг. Тэгэхээр урлаг, спортод төстэй зүйл байдаг уу?
-Сэтгэлийн таашаал, мөн тэсвэр тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл шаарддагаараа адил юм болов уу даа. Бас урлаг, спортын аль аль нь үзэгчидтэй байдаг шүү дээ.
-Сургуулиа төгсөөд яагаад “Хувьсал” продакшныг сонгосон юм бэ. УДЭТ-т орж болоогүй юм уу. Уг нь санал тавьсан гэсэн шүү дээ.
-УДЭТ-т хоёр удаа уригдсан. СУИС-ийг төгсөх үед бараг ангиараа “Хувьсал”-ыг сонгосон. Анх “Чамайгаа алдмааргүй байна” жүжигт тоглосон. Энэ сонголтдоо харамсаж байгаагүй.
Мөнгөнөөс болж “Хувьсал”-д орлоо, “мөнгөний хүүхдүүд” гээд л муу хэлүүлсэн дээ. Дараа нь би УДЭТ-ийн “Нүцгэн дурлал” хөгжимт жүжигт тоглосон юм. Тэр жүжгийн дараа бас үлдэж ажиллах санал тавьсан.
-Тэгвэл яагаад “Хувьсал”-аас гарсан юм бэ?
-“Хувьсал”-ын нэг бодлого байдаг. Шинэ уран бүтээлчидтэй ажиллаж, тэдний даль жигүүрийг ургуулж өгдөг. Хэсэг хугацааны дараа дахиад шинэ цус сэлбэдэг.
-Ангийнхаа охинтой гэрлэсэн гэл үү?
-“Ах нь, ах нь” гэж гүйсээр байгаад л аваад суусан даа (инээв). Миний ханийг Б.Уянга гэдэг. СУИС-ийг хамт төгссөн. 2001 онд элсэлтийн шалгалтын үеэр анх харсан. 2003 оноос үерхэж, төгсөхдөө нэг гэрт орсон доо. Бид хоёр хүүтэй. Том хүү У.Төгсбилэг 11 настай, бага хүү У.Тэнгис зургаатай. Хүмүүс намайг гурван хүүхэдтэй гэдэг.
Манай дүү гэр бүлээрээ Япон руу сургуульд явах болж, охиноо үлдээсэн юм. Найман сартай нялх амьтан бидэн дээр ирсэн дээ. Одоо бид хоёрыг аав, ээж гэдэг юм.
Бид хоёр дөрөвдүгээр дамжаанд сурч байхдаа тусдаа гарсан. Тэр нь ч их зөв болсон. Тэгж байж мөнгөний үнэ цэнэ, амьдралын ухаанд сурдаг юм билээ.
-Их залуудаа аав болжээ. Аав болох мөчид юу мэдэрсэн бэ?
-20 настай аав болж байлаа. Учраа мэдэхгүй жаал аав болж байгаа юм. Их эвгүй. Би айлын ганц хүү байлаа. Гэтэл намайг 20 хүрч байхад ээж минь надад дүү төрүүлж өгсөн. Тэрнээс зургаан сарын дараа би өөрөө аав болчихож байгаа юм.
Гэнэт л амьдрал минь маш баялаг болчих шиг санагдаж билээ. Би эхнэрээ төрөхөд хажууд нь байсан. Эмэгтэй хүн ямар тэвчээртэй юм бэ гэж их бахархаж хайрласан. Эрчүүд тийм өвдөлтийг тэсэхгүй.
-Танд ямар эмэгтэй таалагддаг вэ. Эхнэрийнхээ юунд хамгийн их татагдсан бэ?
-Хүмүүс янз бүрээр л хэлэх байх. Надад бол царай зүс, бие галбир хамаагүй. Өөрийгөө олчихсон эмэгтэй л таалагддаг. Хэн байх, юу хийх, юунд дуртайгаа мэддэг, тогтсон үзэл бодолтой, зорьсондоо хүрч чаддаг тийм л эмэгтэйчүүд. Өөрийгөө олсон, зөв үзэл бодолтой хүн цаанаасаа л гэрэлтэж, донжтой харагддаг юм.
Манай хүн их сайн сонсогч байлаа. Миний яриаг дуустал нь сонсчихоод саналаа хэлдэг. Тийм л найзуудаас бидний харилцаа эхэлсэн.
Бид одоо ч нэгнийгээ “хайраа, хонгороо” гэхээс илүү “найзаа” гэж дууддаг. Намайг их л ойлгодог хүн дээ. Ер нь эр хүнийг зөв тийш нь залж чаддаг, дайчин эмэгтэй их түшиг болдог. Манай хүн тийм л бүсгүй.
-Эхнэрээ яагаад мэргэжлээр нь ажиллуулахгүй байгаа юм бэ?
-Ажиллаж байгаа шүү дээ. Хавар үзэгчдэд хүргэх киноны гол дүрд тоглосон. Манай хүн цөөн, чанартай уран бүтээлд ажиллахыг хүсдэг юм. Нөгөө талаар надад боломж олгож, миний арын албыг авч яваа шүү дээ.
-Та хэр сайн аав бэ?
-Би өөрийгөө муу аав гэхгүй. Аль болох л хүүхдүүдтэйгээ хамт байж, зааж зөвлөхийг хичээдэг. Ажлын онцлогоос шалтгаалаад гэр бүлдээ анхаарал хандуулахгүй байх үе бий. Шинэ уран бүтээл эхлүүлчихсэн үед хэдэн сараар ч завгүй ажиллана шүү дээ.
Хүүхдүүдийнхээ сонирхол, авьяасыг их дэмждэг. Сургууль, цэцэрлэгээс нь зохион байгуулсан бүх л ажилд хамгийн түрүүнд оролцдог. Миний үүрэг юм.
Дээр нь хүүхдүүдээ гэрсэг, аж ахуйч болоосой гэж хүсдэг. Нэг найруулагч надад “Ууганаа чи сайн найруулагч биш, жүжигчин ч биш. Чи сайн аж ахуйч юм байна” гээд шоолж байсан. “Хувьсал”-д байхдаа бүх л тоглолтын арын албанд ажилладаг байлаа. Гэртээ ч тийм.
-Танай хүүхдүүдэд урлагийн хүн болох шинж байна уу?
-Том хүү болох нь тодорхой. Сургуулийнхаа сайн дурын уран сайханч шүү дээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд гурван жил дараалж монгол бүжгийн хувцастай очсон. Айлын хүүхдүүд хамгийн гоё хувцсаа өмсчихсөн байхад миний хүү л тоглолтын хувцастай зогсож байна шүү дээ.
Урлагийн хүн болсон ч бай, үгүй ч бай эр хүн эрүүл чийрэг, мэдлэгтэй, тусч байх ёстой. Хүүхдүүдээ тийм л болгохыг хүсдэг дээ.
-Хамгийн сүүлд гэр бүлийн зургийн цомгоо хэзээ үзсэн бэ?
-Сая Цагаан сараар аавындаа очиж, битүүлсэн. Тэгэхдээ үзсэн. Одоо үед зургаа угаалгаад л, цомогт хадгалах нь ховордсон байна шүү дээ.
-Чөлөөт цагаа фитнесс төвд өнгөрүүлдэг болоод хэр удаж байна вэ?
-UBS телевизийн “Мисс бас мистер” нэвтрүүлэг хөтөлж байхдаа л хорхойссон. Гэхдээ байнга хичээллэх боломжгүй байлаа. Харин одоо бол өдөр тутмын хэвшил болгож байна.
-Таны тухай шар мэдээлэл гарах нь цөөн. Шар хэвлэлээр гүтгүүлж, голдоо ортол гомдож үзсэн үү?
-Намайг нэг их оролдоод байдаггүй юм. Бичсэн ч тоодоггүй. Тэр хүн намайг тоогоод муулж байна гэдэг чинь намайг сайн, муугаар мэдэж байна л гэсэн үг шүү дээ (инээв).
-Ер нь найз ямар байх ёстой вэ?
-“Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Хонгор, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, “Re Da” салоны загвар зохион бүтээгч, стилист Р.Даваасүрэн, “J” салоны захирал, үсчин Л.Жаргал намайг хамгийн сайн мэддэг найзууд минь.
Би бүгдтэй л сайхан харилцаатай байхыг хүсдэг. Салбар салбарын олон найз бий. Зовох цагт өөрөө ирдэг, жаргах үед уригдаж ирдэг хүн л жинхэнэ найз.
-Урлагийнхны танил дүр төрх нь нүүрний буян, бусдаас давуу тал шүү дээ. Ажил төрөл хөөцөлдөж байхдаа тэр давуу талаа ашиглана биз.
-Тэгэх үе байна шүү. Үнэхээр яаралтай ажил хөөцөлдөж байхад тус болдог. Эсрэгээрээ байх үе ч бий. Заримдаа үнэхээр бухимдах үе гарна. Тэр үед бусадтай адилхан уурлаж болохгүй.
Эрчүүдэд нударга зөрүүлэх үе ч гардаг шүү дээ. Гэтэл энэ царайг хүмүүс жаахан таньдаг болчихоор тэгж болохгүй. Хаана ч биеэ аятайхан авч явах хэрэгтэй болдог.
-Та хэр зэрэг түргэн зантай вэ?
-Түргэн шүү. Гэхдээ их хурдан тайвширчихдаг.
-Хамгийн сүүлд хэзээ хэн нэгэнтэй муудалцсан бэ?
-Оны өмнөхөн барцдаа нэг сайн гаргасан.
-Уурлаж, бухимдсан үедээ ямар араншин гаргадаг вэ. Хэрхэн тайвширдаг вэ?
-Ер нь дуугүй болчихдог юм уу даа. Бүр тэсэртлээ уурласан үед заримдаа уйлмаар санагддаг. Уйлж ч байсан. Тэгээд л дороо уур гарчихдаг. Удаан бухимдаж, шаналж явах дургүй. Би ер нь их өөдрөг үзэлтэй хүн дээ.
-Та хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй хүн шиг санагдсан.
-Чаддаггүй юм. Түүнээсээ болж зэмлүүлэх үе зөндөө.
-Хэр мөрөөдөмтгий вэ?
-Мөрөөддөг шүү. Миний мөрөөдөл биелдэг.
-Яг одоо юу мөрөөдөж байна вэ?
-Охинтой болохыг мөрөөдөж байна. Хөвгүүд минь гараас овоо гарчихлаа. “18 ч бай, 80 настай ч бай, хүн хорвоог орхихдоо нэг л зүйлд харамсдаг юм гэсэн. Өөрийнхөөрөө амьдарч чадаагүйдээ л харамсдаг” гэж нэг эмч хэлсэн. Хүн бүр л хүлээсэн үүрэг, үүрсэн хариуцлагадаа уягддаг шүү дээ. Харин мөрөөдөл бол хязгааргүй.
-Та юугаар баян хүн бэ?
-Би гэр бүл, хүнээр баян хүн. Гайхуулах зүйл мөн, бишийг мэдэхгүй байна. Манай аав, ээж намайг дөрөвдүгээр ангид байхад салж, хоёр дахь амьдралаа зохиоцгоосон юм. Би хойд эхийгээ “ээж”, хойд эцгээ “папа” гэж дууддаг. Манай хадмууд байна. Миний хоёр хүү гурван эмээ, гурван өвөөтэй шүү дээ.
А.ХАЛИУН