Илүү ч үгүй, дутуу ч үгүй өөрийн гэсэн орон зайдаа жанжин нь байх шиг жаргал үнэндээ алга. Ямар үнэтэй цаг хугацааг аз жаргалтай өнгөрүүлснээ тооцож амжаагүй байтал дахиад л гадаа цэл залуухан хавар ирчихэж.
Нарны илчит цацраг алгуурхан ойртож, өдөр уртсах тусам зузаан хүрэмний минь цаана нуугдсан догдлолууд хаврын урин аялгуутай найрсан ер бусын мэдрэмж төрүүлдэг.
Өдийд сэтгэл зүрх минь тийм сайхан хөг аялгуугаар дүүрдэг нь хаврын ид шид үү, залуу насны явдал уу гэдгийг таах гэж нухацтай царайлах шаардлага одоохондоо алга. Ямар ч нууц төлөвлөгөөгүй атлаа юунаас ч эмээлгүй амьдрал хэмээх “дайны талбарт” зориг мэдэн урагш давшлах хүчийг хүнд залуу нас өгдөг юм шиг ээ.
Ялах, ялагдахын алинд ч толгой гудайхгүй эрэлхэг жанжин байх энэ эрх чөлөөг минь мэдрүүлдгээрээ хавар үнэ цэнэтэй.
“Хэчнээн их жаргалтай байгаагаа мэдэрье гэвэл яг одоо байгаадаа л сэтгэл ханах хэрэгтэй” гэж олон хүн ярихыг сонсож байв. Эцэг, эхээс эрүүл саруул заяасан бие хаа байхад нээрээн л “Би жаргалтай хүн” гэж бодож болох шүү дээ. Зөвхөн энэ шалтгаан байсан ч хангалттай билээ.
Аяга ус олдохгүй Африкт төрсөн, эсвэл үер усны аюулд өртөж гэр бүлийнхнээ алдсан, эс бөгөөс үзэл бодлоо илэрхийлэх нь битгий хэл залуу сайхан төрхөө ч ил харуулж чадахгүй гивлүүртэй яваа гэх мэт дэлхийн хэдэн сая эмэгтэйгээс хэдэн зуун хувь илүү жаргалтай амьдарч буй. Үүнийгээ бид яагаад олж хардаггүй юм бол.
“Аз жаргалыг хэмжихдээ материаллаг бус талаас нь хараад, тэр сэтгэлээ удаан хугацааны турш өөртөө хадгалж чадвал амьдрал сайхан шүү дээ” хэмээн шог зураач С.Цогтбаяр ярьсан. Шог зургийн ур, ухаан, донж, мэдрэмжийнхээ ачаар хэчнээн олон давхар “боодолтой” зүйлийн гүнд чухам юу нуугдаж байгааг илчилж чаддаг түүний үг тархин дотор минь хадаастай явсаар цөөнгүй он өнгөрөв.
Илүү ч үгүй, дутуу ч үгүй өөрийн гэсэн орон зайдаа жанжин нь байх гэж зүдэхдээ энэ үгийг зориуд санадаг юм. Өөрийн орон зайдаа эзэн байх, өөрөөрөө байх. Нэгэн цагт залуу нас минь одоход дараагийн хаврыг хүлээх шалтгаан магадгүй энэ байх болов уу.