Танхимын хана дүүрэн уран зурагтай үзэсгэлэн төсөөлж “976” арт галерейд очтол бодсоноос минь эсрэгээрээ. Энд даавуугаар урлаж, жаазалсан цөөхөн бүтээл, таазнаас өлгөсөн даашинзнууд, юуг ч юм бэ сануулан сүүмийх түүний сүүдрүүд угтлаа.
Монгол, БНСУ-ын залуу уран бүтээлчдийн “Гранд арт” наадмын гран при, “Вишн 2010” загварын шоуны “Шилдэг дизайнер”-ын шагналт Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
Тэрбээр БНСУ-ын Тэжон хотод уран зургаар дагнасан үзэсгэлэн дэлгэж, Японы хувцас загварын олон улсын 47 дахь уралдаан болон Бээжингийн “Хемпел” загварын наадмын сүүлчийн шатанд шалгарч байжээ.
-Даавуун материал ашиглан бүтээлээ туурвихад санаагаа уран зураг шиг өргөн цар хүрээтэй, хүссэнээрээ илэрхийлж чаддаг уу?
-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, дизайнер мэргэжлээр төгссөн болохоор холимог техник ашиглаж бүтээл хийх нь надад илүү ойр, сонирхолтой санагддаг. Энэ хугацаанд гаргасан гурван ч бие даасан үзэсгэлэндээ уран зураг, хувцас хосолсон бүтээлүүдээ дэлгэж байсан.
Харин “Бүрхүүл” үзэсгэлэнгээ зөвхөн хувцасны чиглэлээр дагналаа. Уран зургийг зөвхөн хавтгай дээр хоёр хэмжээстээр дүрсэлдэг бол хувцас ч юм уу иймэрхүү зохиомжтойгоор санаагаа илэрхийлэхэд орон зайтай.
Хүн бүр л хувцас өмсдөг учир даавуун материалаар бүтээснийг ойлгож, мэдрэхэд үзэгчдэд илүү ойр байж магадгүй юм.
-Олонх уран бүтээлч үзэсгэлэндээ аль болох олон бүтээл багтаах гэдэг шиг анзаарагддаг. Таных яагаад цөөхөн байгаа юм бэ?
-Үзэсгэлэнгийн гол утга учир олон зураг өрөхдөө биш. Тэдгээрийг хэрхэн харагдахыг дэглэх нь хүртэл үзэсгэлэнгийн чухал хэсэг. Бүрхүүл гэдэг аливааг бүрхэх, халхлах, нуух гэсэн утгатай.
Хувцас хүмүүсийг гоё сайхан харагдуулах хэрэглээ, бусдад сэтгэгдэл төрүүлж, мэдээлэл өгдөг ач холбогдолтой ч нөгөө талаараа зүгээр л бүрхүүл. Хүн хувцсыг зүгээр л өмсдөг болохоос энэ бол хүний мөн чанар биш гэсэн утгыг илэрхийлэх гэсэн.
-Загвар зохион бүтээгчид шоу зохион байгуулж бүтээлүүдээ тайлагнадаг бол та үзэсгэлэнд дэлгэжээ. Ялгаа нь юу вэ. Хувцсыг хүн амилуулах нь таны бодлоор хэр чухал вэ?
-Мэдээж хувцсыг хүн өмсөх гэж л бүтээдэг. Эвхээд тавьсан, хүн өмссөн хувцсыг харьцуулахад тэс өөр шүү дээ. Гэхдээ хувцас хэдийгээр бүтээгдэхүүн, хэрэглээ ч нэг талаараа бас урлагийн бүтээл байж болох юм гэсэн санааг илэрхийлэхээр ийм үзэсгэлэн гаргалаа.
-Бүтээлүүддээ яагаад нэр өгөөгүй вэ?
-Уг нь өгдөг л дөө. Нэр байхгүй бол хүмүүст ямар санагдах вэ гэдэг нь сонин санагдсан. Тухай бүрт нь нэр өгчихвөл үзэгчид түүгээр нь дамжуулж нэг өнцгөөс ойлгох гээд байдаг талтай. Мод гээд нэрлэчихвэл мод л гэж харах жишээтэй. Үзэгчдэд өөрийнхөөрөө ойлгох боломж олгохыг хүссэн.
-Даашинзнууд руугаа гэрэл тусгаж, ханан дээр сүүдрийг нь ойлгожээ. Энэ юуг илэрхийлж байгаа вэ?
-Энэ хувцсуудыг дэргэд нь байгаа бүтээлүүдтэй холбогдуулж зохиомжилсон. Хоорондоо нийлээд нэг цогц болно гэсэн үг. Сүүдэр ч гэсэн түүний нэг хэсэг нь. Мэдээж энэ даашинз байгаа болохоор л тэр сүүдэр тусаж байна.
Үүнтэй адил хүмүүс ажил хэрэгч хувцас өмсөхөөр цэгцтэй, бүсгүйчүүд гоёмсог даашинз өмсөхөөр өөртөө итгэлтэй болж, хувцаснаас хамаардаг. Бид ч гэсэн өөрийн мэдэлгүй эргэн тойрноосоо, биенээсээ хамаардаг.
-Тэгвэл энэ бүтээлүүдээ загварын шоунд оролцуулах уу. Урлагийн бүтээл гэсэн утгаар урласан болохоор загвар өмсөгч амилуулбал гол санаагаа алдагдуулчих юм болов уу?
-Асар их хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, сэтгэмж бүгдээ зориулж хийснээ загварын тайзан дээр минут хүрэхгүй хугацаанд л танилцуулдаг гэхээр харамсалтай, хайран санагддаг.
Хэрвээ би дараа нь загварын шоу зохион байгуулбал бүтээлүүдээ оролцуулна. Гэхдээ бидний хэвшсэнээр, загвар өмсөгч алхаад л танилцуулдгаас арай өөр хэлбэрээр хийх байх.
-Бүтээлийнхээ санааг өвөрмөцөөр олсон тохиолдлоосоо ярихгүй юү?
-Өвөрмөц гэхээсээ энгийнээс л санаа төрдөг. Зүгээр гудамжинд алхаж байхдаа ч юм уу, байгалиас санаагаа олно. Хүн хэчнээн супер авьяастай төрөөд ч байгалийн бүтээлтэй эн зэрэгцэхээр гайхалтайг бүтээж чадахгүй гэх бодол төрдөг юм.
-Тэгэхээр байгалийн үзэсгэлэн урлагаас хүчтэй байх нь ээ?
-Аль нэгийг нь хүчтэй, хүчгүй гэж болохгүй, зүгээр л хоёр өөр юм. Байгаль гэдэг бол өргөн хүрээтэй, бид зөвхөн нэг хэсэг нь. Харин урлагийг хүнд зориулж бүтээдэг. Амьтанд зориулсан урлаг байдаг гэж би лав сонсоогүй. Урлаг миний хувьд оюун санааны хамгийн гоё мэдрэмж.
-Таны бүтээл хүмүүст зөвхөн сайхан энерги өгөөсэй гэж хүсдэг үү. Урлаг хүнд яаж ч нөлөөлж болох учир таны бүтээл сайн, муу бүхнийг мэдрүүлэх хэрэгтэй юү?
-Олонх хүнд гоёмсог зүйл таалагддаг. Сайхан, сэтгэл хөдөлгөсөн, хөөрхөн, гоё юманд дурладаг, хүсдэг. Гэхдээ урлаг гоё, эсвэл жихүүцэл төрүүлэхээр байх албагүй. Ямар нэгэн байдлаар л нөлөөлдөг.
Сайхан, муухайг нь, яг юу мэдрээд байгаагаа ойлгохгүй ч татагдаж болно. Үзэгчид миний бүтээлээс энгийн хэрнээ хүмүүсийн анзаарахаа больсон зүйлсийг мэдрээсэй гэж хүсдэг.
-Хүмүүс юуг анзаардаггүй вэ?
-Агаар амьсгалж буйгаа, зүгээр л амьд байгаагаа мэдрэх гоё шүү дээ.
-Бусад уран бүтээлчийнхээс ялгарах бүтээл туурвих ёстой юу, эсвэл энэ чухал биш үү?
-Ялгарч, бусадтай өрсөлдөх гэвэл л буруу зүг рүү явах юм шиг санагддаг. Энэ ямар уралдаан биш дээ. Миний дотор нэг мод байгаад түүнийг зорж бүтээл урлах боллоо гэхэд бусдыг яаж хийхийг нь харалгүй, өөрийгөө л төнхөж, эрж хайж, нээж, өөртэйгөө өрсөлдөх хэрэгтэй.
-“Эмэгтэй уран бүтээлч гэхэд сайн юм” гэдэг магтаал доромжлолын хоорондох сэтгэгдэл сонсож байв уу. Ер нь уран зургийн талбарт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ дутуу юм уу?
-Надад хэн нэгэн ийм үг хэлж, би эмзэглэж байсан тохиолдол байхгүй. Монголчуудын хувьд урлагт хүйсээрээ ялгарах юмгүй л чадвартай. Гэхдээ учиргүй цэцэг, навч зураагүй ч эмэгтэй хүний бүтээл цаанаа л зөөлөн, эмэгтэйлэг байдаг юм шиг ээ.
Би бүх цагаа л уран бүтээлдээ зарцуулдаг. Уран бүтээлчийн амьдрал хэцүү. Бид ямар тогтмол цалин авдаг биш. Тиймээс гэр бүлтэй, ээж болсон уран бүтээлчдийг би их хүндэлдэг. Тэд уран бүтээлээ хийхийн хажуугаар өчнөөн ажил амжуулдаг.
-Олон улсын хэд хэдэн загварын шоунд оролцсон юм билээ. Таны бүтээл юугаараа онцлог байв?
-Өнгөрсөн жил Бээжинд 20 гаруй улсын залуу дизайнер бүтээлээ танилцуулсан наадамд оролцлоо. Монголчууд дутахгүй юм билээ. Гэхдээ миний илэрхийлсэн санаа өвөрмөц хэрнээ гүйцэтгэл буюу бүтээл болгож гаргасан минь жаахан болхи юм шиг санагдсан.
Б.ДӨЛГӨӨН