Дэлхийн кино урлагийг оддыг баярлуулж, догдлуулдаг алтан далдуу модны шагнал эзэндээ хүрэхэд ойрхон байна. 69 дэх удаагийн наадмын улаан хивсэн дээгүүр магадгүй Монголын уран бүтээлчид алхаж, хүнхэр тайгын нууцыг хүүрнэсэн “Содура” шилдгүүдийн дунд бичигдэж мэдэх нь.
Өнгөрсөн жил нээлтээ хийж зургаан сарын турш кино театрын дэлгэцнээ гарч, Бусан, Хонконгийн олон улсын кино наадмаас урилга хүлээн авсан “Содура” уран сайхны кино Каннын кино наадамд оролцох боломжтой болжээ. Кино багийнхан эхний байдлаар техникийн шаардлага хангаж байгаа эсэхээ арваннэгдүгээр сард Франц руу материалаа илгээн мэдэж аваад саяхан Бээжингийн Цэргийн кино үйлдвэрт дуу, Хөх хотод өнгө шүүлтээ дахин хийлгэжээ. Ингэснээр тус кино наадмын бүхий л шаардлагыг хангаж эхний үзлэгт зориулан киноны хоёр хувийг Франц руу илгээж байгаа аж.
Монголчуудын эх орондоо хийсэн бүрэн хэмжээний уран сайхны кино Каннын кино наадмын шаардлагыг хангаж байгаа нь анхных учраас энэ яах аргагүй гэрэлтэй мэдээ.
Нэгэн үеийн Монголын кино урлагийн салбар хэтэрхий арилжааны байдлаар хөгжиж байгааг шүүмжилдэг байсан бол өрсөлдөөн дундаас шинэ шинэ үсрэлт бий болсоор л байна. Тухайлбал “Хувьсал” продакшнынхан Холливудын стандартаар өнгө шүүлж, дуу, дүрсээ тохируулсан “Атганд үлдсэн эрдэнэ” киногоо Америкт гаргахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр “Содура” Каннын кино наадам руу материалаа илгээлээ. Бас ч гэж зөвхөн энэ наадмыг зорьж Бусан, Хонконгийн кино наадмаас ирсэн урилгыг хүлээн авч чадаагүй юм билээ.
Дөрвөн улирлын турш Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын нутагт, хүний хөл хүрээгүй онгон дагшин байгаль дундаа зураг авалтаа хийж, цаатнуудын амьдрал ахуй, ирээдүй хойчийн тухай хүүрнэн өгүүлсэн энэ киноны зохиолыг С.Сумъяа, О.Эрдэнэ нар бичиж, Б.Жаргалсайхан найруулж, UBS телевизийн захирал Л.Балхжав, дэд захирал Ж.Баяр нар продюсерлэжээ.
Киноны гол дүрд Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар, соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба болон Амбий буюу Ц.Батхуяг агсан, С.Болормаа, А.Өнөржаргал нар тоглосныг үзэгчид санаж буй биз ээ.
Каннын кино наадамд нэр дэвших, тэр том наадмын шаардлагыг ханган уригдаж, сонгогдоно гэдэг том боломжийн үүд хаалга нээгдсэний дохио. Монголын уран бүтээл дэлхийд гарах эхлэл нь болох болтугай. “Содура” урагшаа.
Ж.Солонго