Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Дорнод аймгийн Хөгжлийн сан, Боловсрол соёлын газар, Монголын уртын дуучдын холбоо болон Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн зэрэг газрууд хамтран Монгол ардын айзам уртын дуу “Хэрлэнгийн баръяа”-г Улсын баяр наадмаар 1090 дуучнаар дуулуулахаар болжээ.
Уг үзүүлбэр Дорнод аймагт болох бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ардын авьяастан, мэргэжлийн уран бүтээлчдэд “Хэрлэнгийн баръяа” дууг зааж байгаа юм. Одоогоор 260 орчим хүн энэ дууг сураад байгаа бол ирэх сарын эхээр 650 хүнд энэ дууг заах гэнэ.
Монголчуудын айзам их дуу төрөлд багтдаг энэхүү дууг зааж сургаснаар залуу үеийнхэн өв соёлоо дээдлэх, цаашид түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл санааг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж Дорнод аймгийн Боловсрол соёлын газрын соёлын албаны мэргэжилтэн Н.Идэрбат онцоллоо.