Кайли Миноуг ирэх тавдугаар сард 48 нас хүрнэ. Австралийн поп од бүсгүй Британийн хөгжмийн зохиолч, продюсер Сток, Эйткен, Уотерман нартай танилцсанаар дэлхийн хитэд багтах сайхан уран бүтээлүүдээ хийж, илүү танигдах үүд нь нээгдсэн гэдэг. Түүнээс хойш “Грэмми” хүртэж, кино урлагт хөл тавьж, амжилтаар дүүрэн байсан.
Бас хорт хавдар тусаж, өвчинтэйгөө тэмцэж ялсан мундаг эмэгтэй. Түүний амьдралын зарчим чухам юу болохыг, дотор хүн нь хэн гэдгийг “Esquire” уудлахыг оролджээ.
- Би поп урлагийн ахмад дайчин. Удахгүй гавьяаныхаа амралтыг эдлээд сууна даа.
- Миний амьдралд пянзнаас эхлээд дамартай хуурцаг, жижиг болон компакт диск, iTunes гээд юм юм л байлаа. Тэр дундаас 1980-аад онд би аудио хуурцагны хатан хаан байлаа шүү дээ.
- Би өөрийгөө хөгшин гэж боддоггүй. Тэгэхдээ зарим зүйлийн хувьд хөгшдөж мэднэ. Жишээ нь, өгзгөө сэгсэрдэг бүжиг яавч надад тохирохгүй.
- Би ботокс шахуулах зэргээр олон зүйл туршиж үзсэн. “Ийм зүйл хийлгэхгүй, болохгүй” гэдэг хүн би лав биш юм билээ. Эмэгтэйчүүд үргэлж сайхан, сэтгэл татам харагдахыг хүссээр ирсэн. Өнөөдөр тэгэх боломж, хэрэгсэл нь илүү болжээ. Ер нь хүн хүссэнээ л хийдэг шүү дээ.
- Миний хувьд 47 бол бариу өмд сонгох хамгийн тохиромжтой нас.
- Эмэгтэй хүн гэдгээ мэдрэхийн тулд яасан нь, юу хэрэглэсэн нь тийм ч чухал биш санагдах юм.
- Хэдэн жилийн өмнө эмээ минь нас барж, би түүнийг үргэлж дурсаж байхын тулд нэг гар цүнх худалдаж авсан. Эмээ минь хаа ч явсан гар цүнхнээсээ салдаггүй байсан учраас тэр л дээ. Тэр үед авсан цүнхээ би биеэсээ бараг салгадаггүй.
- Хорт хавдартай эмэгтэй хүн энэ дэлхий дээр бодсоноос ч олон байгаа. Хүнд өвчтэй гээд бууж өгч болохгүй. Хэлэхийг хүссэн зүйл минь юу вэ гэвэл, амьдрах боломж бий. Та бүхэн эдгэрнэ.
- Хүнд өвчтэйгөө мэдэх нь нэг талаар амьдралыг огт өөрөөр, шинээр мэдрэх боломж мэт. Хийхийг хүссэн зүйлээ одоо л амжуулахгүй бол дараагийн удаа гэж хэзээ ч байхгүй шүү дээ.
- Миний хувьд амьдрах чадвар бол хурдтай байх чадвар гэж боддог. Хэр хурдтай байна зовлон төдий чинээ хурдан өнгөрнө. Зовлонгийн түргэн нь дээр гэдэг шүү дээ.
- Би ер нь хэзээ ч хэт алсын төлөвлөгөө боловсруулж байгаагүй. Одоо цагтаа амьдарч, баясаж ирсэн.
- Одоо энд ингээд амьд мэнд сууж байгаагаа би хамгийн том амжилт минь гэж хэлнэ.
- Хүсвэл би бүхнийг орхиод даяанчилж чадна. Хэрэв тэгвэл жинхэнэ гайхамшиг болно.
- Ихэвчлэн нам гүм байдалд л ганцаарддаг юм болов уу. Гэхдээ тэр үе бол өөртөө ойртож, өөрийгөө сонсох хамгийн чухал, сайхан мөч.
- Хэдэн жилийн өмнөхтэйгөө харьцуулахад би сүүлийн үед илүү амин хувийн шинж чанартай дуу зохиох болсон. Хүмүүст өөрийгөө илүү сайн мэдүүлэх зорилготой гэх үү дээ.
- Хүмүүсийн сонсох дуртай шилдэг, гоё дуунууд ихэнхдээ сайхан дурсамжаас үүдэлтэй байдаг шүү дээ. Сайн бүтээл сайхан зүйлээс ургадаг гэсэн үг.
- Дуу бичлэгийн студитэй гэрээ хийнэ гэдэг нь чи тэр чигтээ зүгээр л бараа, бүтээгдэхүүн гэсэнтэй утга нэг юм. Гэхдээ ингэснээрээ чиний авьяас алга болно гэсэн үг биш л дээ.
- Би Америкт тийм ч алдартай биш. Гэхдээ Нью-Йорк, Лос-Анжелест намайг мэддэг, танидаг нь л хангалттай.
- “The Sun” нүүр хуудсандаа миний өгзөгний зургийг тавиад “Үндэсний үнэт баялаг” гэж бичсэнийг хараад элгээ хөштөл инээсэн. Өгзөг минь тийм чухал юм гэж бодсонгүй. Хэтрүүлж байгаа юм шүү.
- “Секс-бөмбөг” болж харагдахыг хичээх шаардлага надад байхгүй. Тэгсэн ч, тэгээгүй ч би тачаангуй харагддаг юм.
- Миний хөгжмийн хэмнэл дор загас наадуулдаг хүн олон байдаг гэсэн. Гэхдээ миний бодлоор дуунууд минь тийм ч сэрэл хөдөлгөм биш дээ.
- Заримдаа эмэгтэй хүнийг анхаарч, сонирхох тийм нэгэн мэдрэмж төрдөг. Гэхдээ тэр мэдрэмжээрээ хэзээ ч, ямар ч зүйл хийж байгаагүй.
- Хүн насны эцэс хүртлээ хамтдаа байх хэн нэгнийг олохын тулд аз сорих нь бий. Зарим хүн түүнийгээ олдог ч, олонход нь тийм аз тохиодоггүй. Хайр дурлал тэгэхээр сугалаа ч юм шиг.
- Би харанхуйг үзэн яддаг. Дэндүү бараан хувцсанд ч дургүй. Бас дэндүү хаалттай харилцаа харанхуй шиг санагддаг. Тийм хөшүүн байдлаас юу ч мэдрэхгүй.
- Эрх чөлөө гэдгийг би цэцэрлэгт хүрээлэнд хашигдсан одой морь гэж ойлгодог. Хэрэв хаалга түгжвэл өшиглөнө, эсвэл чанга янцгаана. Харин хаалгаа нээгээд орхичихвол тэр хаашаа ч явж, алга болохгүй.
- Би маргаашнаас дуулахаа больчихлоо гэж бодоход нэг хэсэгтээ л миний тухай ярьж, дууг минь хүмүүс сонссоор байх болно. Би тодорхой хэмжээнд алдартай болсон учраас тэр. Би бол би шүү дээ.
- Кайли гэдэг нэрний учрыг тайлбарла гэж үү. Австралийн уугуул иргэдийн хэлээр “эргэж буцах” гэсэн утгатай үг юм билээ.
- Би битүү, бугласан хүн биш. Зовлонгоо нууж чаддаггүй хүн дээ.