СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн багш, зураач Р.Ариунболдтой ярилцлаа. Дүрслэх урлагийн дунд сургуулийн арьсан урлагийн ангийг 1981 онд төгсөж, улмаар МУБИС-д багшийн мэргэжил эзэмшиж, олон шавь бэлтгэхийн зэрэгцээ өөрийн уран бүтээлээ туурвиж яваа түүнийг дүрслэх урлагийн салбарынхан арьсны Ариунболд хэмээдэг юм билээ.
Монголын арьсан урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр 20 гаруй жилийнхээ ажлыг дүгнэж, үе үеийн шавь нартайгаа хамтран Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 27-нд уран бүтээлээ дэлгэх юм.
-Арьсан урлагийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг хамгийн том сургуулийн үе үеийн төгсөгч хамтарч үзэсгэлэнгээ гаргах нь. Монголын арьсан урлагийн хөгжил ямар түвшинд байгааг уг үзэсгэлэнгээр тодорхойлж болох уу?
-Би энэ сургуулийн арьсан урлагийн ангид 1991 оноос хойш багшилсан. 20 гаруй жилийн хугацаанд 15 анги төгсгөж, 80 гаруй шавьтай болжээ. Гадаадад цөөнгүй хүн уран бүтээлээ туурвиж байна. Үзэсгэлэнд 20 гаруй хүн бүтээлээ дэлгэнэ.
Арьсан урлаг ардын, хийсвэр, уран зураг, үйлдвэрлэл гээд олон төрөлтэй. Энэ бүх төрлөөр туурвисан шилдэг бүтээлийг үзэсгэлэнгээс сонирхох боломжтой. Уг үзэсгэлэнгээр дамжуулан шавь нараа хаана, юу хийж яваа, тэдний ур чадвар хэр өссөнийг мэдэхийн зэрэгцээ өөрийнхөө ажлыг дүгнэх зорилготой.
Үзэсгэлэнгээ “Хүрэл буга” гэж нэрлэсэн. Буга бол эртний нүүдэлчин монголчуудын шүтээн амьтнаас гадна Монголоос олдсон хүрэл зэвсгийн түрүү үеийн хамгийн том олдвор гэдэг утгаар нь ийн нэрлэсэн.
-Та арьс боловсруулах арга технологийн талаар нэлээд судалгаа хийсэн юм билээ. Арьс боловсруулах сонирхолтой арга технологиос хуваалцаач.
-Арьсны хэрэглээ, түүнийг боловсруулах арга хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэлтэй. Эртний хүмүүс ангийн арьсыг хувцас болгож өмсөхөөс гадна урц овоохойгоо дулаалдаг байсан. Мөн торгомсог зөөлөн үстэй ангийн арьсаар гоёл чимэглэлийн зүйл урлаж хэрэглэдэг байжээ.
Арьс боловсруулах хамгийн өвөрмөц арга бол зажлах. Манжуурын хойд нутгийнхан тул, цурхай загасны арьсыг хуулж, бүлээн усаар угаан хайрснаас нь салгаад, чийгтэй байхад нь зөөлөн зажилдаг юм байна. Учир нь шүлсэн дэх ферментүүд арьсны өөх тосыг хамгийн сайн задалдаг аж.
Ингэж боловсруулсан арьс ус чийгэнд тэсвэртэй, торго шиг зөөлөн болдог гэнэ. Мөн Хойд мөсөн далайн ойролцоо амьдардаг хүмүүс далайн хавны арьсыг зажилж боловсруулаад хувцас оёж өмсдөг. Тунгус угсаатны дунд цаа бугын арьсыг шээсээр боловсруулах арга байдаг.
Мөн буга, гөрөөсийн арьсыг илэг болгохоор элдэхдээ амьтны тархийг зөөллөгч бодис болгон ашигладаг байна. Тархинд агуулагдах уурагт нэгдлүүд нь арьсыг уян хатан болгодог аж. Энэ арга манайд ч байсан.
Зарим нутагт хонь, ямааны тархи болон элгийг илэг боловсруулахад хэрэглэдэг байжээ. Үүнээс гадна усанд сойх, уринд хатаах, шар шавар болон шороонд булах, давс, хужир, шар сүүгээр идээлэх зэрэг олон аргаар арьс боловсруулдаг.
-Арьс бол уран зургийн нэг чухал материал. Цаас бий болоогүй байхад хүн төрөлхтөн хад чулуу, мод, арьсан дээр зураг зурдаг байсан. Арьсан дээрх зураг хэзээнээс үүсэлтэй юм бол?
-Мөн л эртнээс үүсэлтэй. Хүрэл зэвсгийн үед арьсан эдлэлийн ур хийц их хөгжсөн. Энэ үед арьсан дээр зураг зурахаас гадна цоолбор, хайчилбар хийж эхэлсэн. Үүнийг буган чулуун хөшөөний дурсгал нотолсон.
Түүнээс гадна скифийн үеийн олдворуудаас ширэн дээр хийсэн цоолбор, хайчилбар нэлээд олдсон. Зөвхөн амьтан гэлтгүй хүний арьсан дээр зураг зурах буюу шивээс хийх соёл энэ үед байсан.
Эртний язгууртнууд хэргэм зэрэг, шүтлэг бишрэлээ илэрхийлэх дүрс тэмдгийг бие дээрээ шивдэг байсан.
-Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжиж, хиймэл материал нэлээд дэлгэрсэн. Тиймээс цэвэр арьсан бүтээгдэхүүн үнэтэй болсон. Ямар амьтны арьс хамгийн сайн чанартай байдаг юм бол?
-Олон хүн матрын арьсыг хамгийн чанартай гэж боддог байх. Миний хувьд үхрийн арьс хамгийн чанартай, уян хатан, сонгодог материал.
Олон улсад гутлыг адуу, цүнхийг үхэр, тугал, гадуур хувцсыг бог малын арьсаар ихэвчлэн хийдэг. Арьсан бүтээгдэхүүн бол тансаг хэрэглээ. Тэр дундаа гараар урласан арьсан эдлэл өндөр үнэтэй.
Социализмын үед манай улсад арьс боловсруулах таван том үйлдвэр ажиллаж байсан. Дэлхийн жишигт нийцэхээр тоног төхөөрөмж, чадварлаг боловсон хүчинтэй байлаа. Ялангуяа 1980-аад оны сүүлчээр манайхан арьсыг дэлхийн стандартад нийцэхүйц сайн боловсруулдаг байсан.
Одооны үйлдвэрүүд арьсыг дутуу боловсруулдаг. Бид тоног төхөөрөмж, шинэ технологиор нэлээд хоцрогдож явна. Сүүлийн үед арьсан урлагийг дэлгүүрт зардаг бэлэг дурсгалын зүйл гэж ойлгодог болсон. Энэ ойлголтыг бид даруй өөрчлөх хэрэгтэй байна.
-Монголын арьсан урлаг юугаараа онцлог бэ?
-Ардын арьсан урлаг бол хаана ч давтагдашгүй. Нарийн чимхлүүр ажил ихтэй, чамин хийцтэй болохоор хүн бүр хийж чаддаггүй. Монгол гутал, эмээлийн гөлөм зэрэг нь сүүлийн үед ямар чамин болсон билээ.
Монгол дээл, гутал бол арьсан хувцасны эртний уламжлалтай. Армений уулнаас хоёр жилийн өмнө Оросын судлаачид одоогоос 5000 жилийн өмнөх үеийн хүний булш олсон.
Тэр хүний хөлийг үхрийн ширээр ороож, сураар боосон нь гутал байх магадлалтай. Баруун Монголын тоохуу хос хэмээх гутал үүнтэй төстэй. Тэд эсгий оймсны уланд үхрийн шир оёж өмсдөг.
-Таны бүтээлүүдийг ажиглахад морь зурсан нь олон байна. Түүнээс гадна бэлгэдлийн дүрс тэмдгүүдийг нэлээд ашигладаг бололтой.
-Монгол ардын аман зохиол, бэлгэдэл зүйг орчин үеийн хэлбэр хийцтэй хослуулан бүтээлээ туурвидаг. Бэлгэдлийн утгатай дүрс тэмдэг, монгол бичгийг нэлээд дүрсэлдэг. Морь бол монголчуудтай салшгүй холбоотой амьтан шүү дээ.
-Та хичээл заахын хажуугаар уран бүтээл туурвидаг болохоор зураач, урлаач нарт тулгардаг бэрхшээлийг сайн мэдэх байх. Шавь нартаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Уран бүтээлч хүн уйгагүй хөдөлмөрч, уран сэтгэдэг, их зүйл уншиж судалдаг, хийсэн бүтээлдээ эзэн нь болж, эхэлсэн ажлаа заавал дуусгаж, зорилгоо биелүүлдэг байх ёстой гэж үргэлж хэлдэг.
Уран бүтээлч болох хүмүүсийн авьяасыг нээж, чөлөөтэй сэтгүүлж, зөв үзэл бодолтой болгох нь миний үүрэг. Зарим нь намайг хатуу багш гэдэг. 20 гаруй оюутантай байсан анги тавхан хүүхэдтэй төгссөн тохиолдол бий. Чадахгүй, хичээхгүй байгаа хүмүүсийг энд байлгах шаардлагагүй шүү дээ.
П.ТУНГАЛАГ