“Гранат мюзик” продакшны уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч Б.Анартай ярилцлаа. Тэрбээр “Cinema night”, “Christmas night”, “Best of Hollywood” зэрэг дэлхийн шилдэг киноны хөгжмүүдээс бүрдсэн тоглолт санаачлан, үзэгчдэд толилуулж байсныг сонгодог урлагт дурлагсад андахгүй.
Урлагийн гэр бүлд төрж, нялх балчраасаа сонгодог хөгжим сонсож, мэдэрч, суралцаж яваа тэрбээр ОХУ-ын Санкт-Петербургийн Хөгжмийн дээд сургуульд дуурь, симфони найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр суралцдаг.
Үүний зэрэгцээ “Гранат мюзик” продакшн байгуулж, олон тоглолт зохион байгуулж байгаагийн нэг нь Дуурь бүжгийн эрдмийн театрт ирэх сарын 3-нд болох “Итали” сонгодог уянгын үдэш тоглолт юм.
-Сонгодог урлаг сонирхогчид нэг үдэш Италиар аялах нь. Үзэгчдэд сонгодог хөгжмийн тоглолт сонордуулахаас гадна Италийн соёлыг илэрхийлсэн олон сонирхолтой зүйл бэлтгэж байгаа гэсэн үү?
-Манай улсад Италийн Элчин сайдын яам нээгдэж буйг тохиолдуулан “Итали” сонгодог уянгын үдэш тоглолтыг манай продакшн, Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулах гэж байна. Италид олон жил дипломатчаар ажилласан Батжаргал ахтай есдүгээр сард уулзаад тоглолт зохион байгуулах талаар анх ярилцсан.
Удалгүй Санкт-Петербургт Италийн симфони найрал хөгжимчдийн тоглолт үзээд “Итали” тоглолтыг хэрхэн зохион байгуулах санаа төрсөн. Гурван сарын өмнөөс тоглолтын бэлтгэл эхэлсэн. Тоглолт дуурь болон киноны хөгжим гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Киноны хөгжмийг өөрөө удирдах бол дуурийг нь Италийн Венецээс ирсэн удирдаач Роберто Салвалаио дохино.
Бид XIX-XXI зууны үеийн Италиас гаралтай дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын дуурь болон киноны хөгжмийг албан ёсны эрхтэйгээр толилуулна. Хөгжмийн зохиолчдын албан ёсны ноотыг нь гурван жилийн хугацаатай худалдаж авсан юм.
Итали бол сонгодог урлагаас гадна уран зураг, хоолны соёл, барилга архитектур зэргээрээ алдартай. Тиймээс бид тоглолтын завсарлагаанаар Итали улсыг сурталчлах олон зүйл үзэгчдэд сонирхуулна.
Зочид жааз хөгжмийн аялгуунд дарс шимж, амтат паста амтлангаа, Италийн соёл, ёс заншлыг тусгасан уран зураг сонирхох боломжтой.
-Улсын филармонид хөгжмийн найруулагчаар ажиллаж байхдаа “Cinema night”, “Best of Hollywood” зэрэг дэлхийн шилдэг киноны хөгжмүүдийг нэгтгэсэн тоглолт санаачлан зохион байгуулсан.
Энэ удаа мөн киноны хөгжмүүдийг толилуулна. Яагаад киноны хөгжмийг онцолдог юм бэ?
-Миний бодлоор хүмүүсийг сонгодог урлагийн боловсролтой болгоё гэвэл Моцарт, Бах, Бетховен гэхээсээ түрүүлж киноны хөгжмөөр дамжуулан сонгодог хөгжмийг ойлгуулах хэрэгтэй. Киноны хөгжмийг дууриас гаралтай гэдэг. Киноны хөгжим бол зөвхөн хөгжмөөс гадна уран зохиол, уран сайхны мэдлэг, мэдрэмжтэй болгодог.
Монголчууд кино их үздэг болсон. Тэр хэрээрээ энэ талын мэдлэг нь өндөр. Би ч кинонд дуртай. Романтик, бодит түүхээс сэдэвлэсэн, зөгнөлт киног илүү сонирхдог. Тиймээс киноны хөгжмийг онцолдог юм.
2009 оноос эхэлж, “Cinema night” , “Christmas night”, “Best of Hollywood” гэсэн цуврал тоглолтыг санаачлан, хөгжмийг нь найруулсан. Нэлээд хэдэн удаа тоглосон. Хүмүүст ч их таалагдсан.
-Италийн нэрт хөгжмийн зохиолч, “Америкт нэг удаа” киноны хөгжмийг зохиосон Эннио Морриконег Монголд урихаар санал тавьсан гэсэн үү?
-Энэ бол миний нэг мөрөөдөл. Өдгөө 88 настай энэ агуу хөгжмийн зохиолч манай улсад ирвэл Монголын урлагийн түүхэнд чухал үйл явдал болно. Эннио Морриконе бол аялгууны энэ цаг үеийн хаан. Хоёр жилийн өмнө тоглолтыг нь үзэж, цөөн хором ярилцсан. Манай продакшн Москвагийн филармонитой хамтарч ажиллах гэрээ байгуулсан юм.
Тус филармонийн дэргэдэх менежментийн компаниар дамжуулан Энни Мориконег Монголд тоглуулах хүсэлт тавьсан. Санхүүгийн асуудлаа шийдчихвэл ирэх боломжтой. Энэ талаар Нийслэлийн Засаг даргад танилцуулна. Үүнээс гадна ирэх жил Япон, ОХУ-аас уран бүтээлчид урихаар төлөвлөсөн.
Санкт-Петербургт сурч байгаа болохоор гадаадын уран бүтээлчидтэй холбоо тогтооход ойр байдаг. Учир нь хичээлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон тоглолтуудыг байнга үздэг болохоор уран бүтээлчид болон театр, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн менежерүүдтэй танилцах боломж олддог юм.
Гадаадын уран бүтээлчдийг урихаас гадна монголын брэнд болсон том тоглолт зохион байгуулж, дэлхийн том театруудад тоглуулах хүсэлтэй. Цаашлаад дэлхийн стандартад нийцсэн тоглолтын заалтай болохыг мөрөөдөж байна.
-Сайн удирдаач болоход нас хамаардаг болов уу. Хүмүүсийн мэддэг мундаг удирдаачид ихэвчлэн настай хүмүүс байдаг шүү дээ.
-Нас хамаарахгүй байх аа. Залуу хүн оркестр удирдахаар нэг л далайцгүй, чадваргүй юм шиг харагддаг байж болох юм. Гэхдээ ур чадвар бол хэнд ч бий. Харин туршлага бол наснаас хамаардаг. Залуу хүн, ахмадаасаа туршлага дутмаг байлаа ч ур чадвар сайн байж болно. Тиймээс бие биеэсээ суралцах хэрэгтэй.
Удирдаач хүн хөгжмийг уран сайхны аргаар нэг амьсгаатай болгодог учраас туршлагаас илүү авьяас чадвар, мэдрэмж чухал. Авьяас төрөхөөс заяадаг бол хөдөлмөрлөсний үр дүнд мэдрэмжтэй болдог.
-Хөгжимд хэт дурлавал муу нөлөө бий юү?
-Нэг юманд хэт дурлах нь бусад зүйлээ орхигдуулах муу талтай. Хүний амьдралд хөгжмөөс илүү чухал зүйл олон бий. Сэтгэл хөдлөл ихтэй болчихдог тул зарим хүнтэй ойлголцоход хэцүү. Хүмүүсээс илүү хөгжмийг ойлгоход хялбар. Сонгодог, жааз, рок, поп, нийтийн гээд бүх төрлийн хөгжим сонирхдог.
Хөгжмөөр дамжуулан уран зохиол, уран зураг, кино гээд олон зүйлд дуртай болсон. Сонгодог хөгжим хүнийг хүмүүжүүлэхээс гадна сэтгэлгээг нь задалдаг. Нэг симфони сонсвол нэг роман уншсантай адил шүү дээ.
Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид багшилдаг, зураач Б.Отгонтүвдэнтэй багын найз. Түүнтэй хамт алдартай зураач нартай уулзаж, яриаг нь сонсоход уран зургийг ойлгохгүй, дурлахгүй байх аргагүй юм билээ. Бид олон ажил хамтарч хийнэ.
-Нэг зүйлийн төгсгөл дараагийнх нь эхлэл гэдэгт итгэдэг үү?
-Төлөвлөсөн ажил бүтэлгүйтэхээр сэтгэлээр их унадагаа бодвол итгэдэггүй. Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмтгий болохоор тэр байх. Ганцаардаж, жаахан хүүхэд шиг юу хийхээ мэдэхгүй байх үе цөөнгүй тохиолддог шүү.
-Хөгжим тоглож, ойлгодоггүй Анар ямар хүн байх бол. Хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу?
-Дунд сургуульд байхдаа сагс сайн тоглодог байлаа. Хөгжимчин хүний гар эвдэрнэ гээд хориглодог ч би тоохгүй тоглодог байсан. Сагсан бөмбөгөөр хичээллэсэн бол сайн тамирчин болох ч байсан юм бил үү. Заримдаа хөгжим тоглохоос өөр юу хийж чадах билээ гэж бодохоор яах ч аргагүй л урлагтай холбогдоод байдаг.
Би хоол хийх дуртай. Гэтэл хоол хийх нь урлагийн бүтээл туурвихтай адил учраас дуртай байх жишээтэй. Хөгжим гэж юу байдгийг мэддэггүй байхаасаа л сонсож, энэ ертөнцөд өсөж хүмүүжсэн болохоор урлаг бол миний явах ёстой зам гэдэг нь багаас тодорхой байсан. Миний ээж Туяа Улсын филармонид олон жил хийл тоглож байна.
Эмээ маань дуурийн дуучин Д.Гаваа. Хөгжмийн зохиолч С.Задгай бол миний өвөө. МУБИС-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын багш нь байсан. Өвөө маань кинонд их дуртай. Багадаа үргэлж хамт явж, кино үздэг байлаа. Өвөөгийнхөө авьяасыг өвлөсөн би азтай хүн.
П.ТУНГАЛАГ