УДЭТ-ын уран бүтээлчид ирэх сарын 4-нд “Сонгодог жүжгийн өдрүүд” эхлүүлж буй. Үүний хүрээнд У.Шекспирийн “Гамлет”, “Ромео, Жульетта”, Софоклын “Эдип”, Г.Ибсений “Нора”, В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, М.Сервантисын “Кихот ноён” жүжиг тоглох юм. Энэ талаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатараас тодрууллаа.
-Танай хамт олон Олон улсын театрын өдрийг угтсан хөтөлбөрийнхөө ач холбогдлын тухай яриач. Энэ жил ямар онцлогтой байх вэ?
-Гуравдугаар сарын 27-нд Олон улсын театрын өдөр тохиодог. Театрын уран бүтээл, урын сангийн бодлого бий. Театрыг шувуутай зүйрлэвэл нэг жигүүр нь үндэсний сонгодог болоод түүхэн бүтээл, нөгөөх нь дэлхийн сонгодог бүтээл байх ёстой. Тийм байж чадвал өндөрт ниснэ шүү дээ. Энэ утгаараа эл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
-“Ромео, Жульетта”, “Гамлет”, “Парисын Дарь эхийн сүм” зэрэг таны найруулсан жүжгийг энэ үеэр тоглоно. “Гамлет” жүжгийн гол дүрд шинэ, залуу жүжигчдийг сонгосон байна билээ. Тэр талаар тодруулахгүй юу?
-“Гамлет” жүжгийн Офелияд жүжигчин О.Дөлгөөн тоглоно. Мөн Розенкранц, Гильденштерний дүрд Э.Тодгэрэл, Б.Шинэбаяр тоглох болсон. “Парисын дарь эхийн сүм”-ийг энэ удаа тоглохгүй. Жүжигчин Г.Отгонцэцэг театраас түр хугацаанд чөлөө авсан.
-Яагаад тэднийг сонгосон юм бэ. “Гамлет” жүжгийг 2012 онд дэглэсэн найруулгаар тоглох уу?
-2012 онд тоглосон найруулгаар л тоглоно. Жүжигчдийн хувьд, өмнө нь Офилиягийн дүрд тоглосон А.Ганчимэг, туслах дүрүүдэд тоглосон Б.Тамир, Б.Баяржавхлан нар театраас гарсан.
Тэгэхээр яах аргагүй шинэ баг, хүн шаардлагатай. Ингэхдээ жүжигчдийнхээ ур чадварыг харж сонгосон. Офелия бол маш их ур чадвар шаардсан дүр. О.Дөлгөөний хувьд уг дүртэй нас, зүс ч ойролцоо.
Бид залуу уран бүтээлчдийнхээ чадварыг дээшлүүлэхэд анхаарах, тэдэнд боломж олгох хэрэгтэй шүү дээ. Залуу жүжигчдээ илүү ухаж, шинээр нээхийг хүсэж байна.
А.ХАЛИУН