Америкийн Техас муж улсын Даллас хотын “Heritage Auctions” ордонд болсон дуудлага худалдаагаар Домогт Битлз хамтлагийн гишүүн, алдарт хөгжимчин Жон Ленноны "туг үс" 35 мянган долларын үнэ хүрч зарагджээ.
10 см орчим урт, хүрэн бор туг үсийг 1967 онд Германы үсчин Клаус Барук Гамбург хотод тайрч байсан бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулагчид 10 мянга орчим долларын орлого олно гэж төлөвлөж байжээ.
Тус хотод Жон Ленноны гол дүрд нь тоглосон дайныг эсэргүүцсэн уран сайхны кино болох “Би дайнд хэрхэн ялсан бэ” /“How I Won the War”/ киноны зургийг авсан байна. Кино зураг авалт эхлэхийн өмнө Ленноны үсийг тайрсан үсчин түүний туг үсийг дурсгал болгон авч үлдэж, бараг 50 жил өөртөө хадгалжээ.
“Heritage Auctions” ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, урьд өмнө үнэ хаялцуулж байсан Ленноны туг үснүүдээс хамгийн урт нь болох дээрх үсийг Их Британийн цуглуулагч худалдан авсан байна. Далласт болсон дуудлага худалдаанд мөн “Ливерпүүлийн дөрвөл”-тэй холбоотой өөр эд зүйлсийг, тухайлбал, ховор пянзнууд, гэрэл зургуудыг үнэ хаялцуулжээ.