ОХУ-ын Улаан-Үдийн филармонид энэ сарын 26-нд тоглолтоо хийх ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй холбогдлоо.
-Бие даасан тоглолтоо өөрөө зохион байгуулах юм уу, эсвэл урилгаар тоглох уу?
-Улаан-Үдийн Соёлын яам, Хөгжим бүжгийн коллежтой хамтран зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жил сургуулийнхаа шилдэг уран бүтээлч багшаар шалгарч, Улан-Үдэд тоглолт хийх эрхээр шагнуулсан юм.
-Тэнд өмнө нь тоглож байсан уу?
-2009 онд тоглосон. Дараа нь “Бөртэ” хамтлагтай очиж, уран бүтээлээ толилуулсан.
-Улаан-Үдийн үзэгчдийг хөгжмийн боловсрол сайтайгаас гадна урлаг судлаач олонтой учраас хөгжмийн ертөнцийн сонин, онцлох үйл явдлын талаар идэвхтэй бичдэг гэдэг. Тиймдээ ч ятгын хатан хааныг тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Тэдэнд ямар бэлэг барих вэ?
-Буриадад ятгыг мэргэжлийн түвшинд хөгжүүлээд 20 гаруй жил болсон. Манайхтай эн тэнцүүхэн гэсэн үг. Тиймээс мэргэжлийн өндөр түвшний тоглолт үзүүлэхийг хичээж байна. Тоглолтын эхний хэсэгт ганцаарчилсан уран бүтээлүүдээ толилуулна.
Дараа нь “Алтай” хамтлаг болон Хөгжим бүжгийн коллежийн оюутан, шавь Баасанжаргал, Анударь нартайгаа хамтарч тоглоно. Төгсгөлд нь энтертайнмент чиглэлийн бүтээлүүдээ сонордуулна.
-Алтай ятгыг олон утастай болгож шинэчилсэн. Түүгээрээ тоглох уу?
-“Алтай” хамтлагийнхан хоёр жилийн өмнө Улаан-Үдэд тоглож, алтай ятгаа танилцуулсан. Тэгэхэд зургаан утастай ятгаар тоглосон. Ур чадвар их шаарддаг бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд тоглохын тулд алтай ятгын утсыг олон болгох шаардлага гарсан.
Тиймээс миний хүсэлтийг биелүүлж, хөгжим урлаач П.Байгалжав ах оны өмнөхөн 13 чавхдаст алтай ятгыг урласан. Энэ удаа 13 утастай ятгаар Буриад зон олондоо бүтээлээ толилуулна.
П.ТУНГАЛАГ