Энэ онд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг чухам Леонардо ди Каприо л авах байх”. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын өмнө бараг жил бүр шахуу л ийнхүү таамагласаар ирсэн.
Энэ сарын сүүлчээр болох өрсөлдөөний талбарт ч тэрбээр мөн л зогсож буй. Хүлээлт, бас горьдлого. Ди Каприог дэмждэг, шүтдэг сая сая үзэгч түүний дээлийн захыг мушгин суугаа нь лавтай.
Яагаад ч юм бэ, энэ жил “алтан хүн” түүнд нүүрээ харуулах байх гэсэн зөн татаад байна. Үүнд нь Монголын хийморь нөлөөлөх болтугай. Учир нь тэрбээр тун удахгүй Монголд ирэх сурагтай.
Олон улсын судалгааны байгууллага “amfAR”-аас зохион байгуулсан хандивын дуудлага худалдаанд оролцсон ди Каприо Монголд аялах эрхийг 95.000 ам.доллараар авсан талаар олон орны цахим хэвлэлүүдэд мэдээлжээ.
Тэрхүү дуудлага худалдаанд Ума Турман, Роберт де Ниро, Жэй-Зи нар мөн оролцсон аж.
Хойд хөршөөс удам угсаатай америк залуу минь энэ удаа заавал “Оскар” аваарай. Тэгээд түүнийгээ өвөртлөөд Монголд ирээрэй гэж хүсэн ерөөе. Дашрамд, Лео ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиний дүрийг бүтээх болжээ.
Уг киноны зургийг ирэх долдугаар сард авч эхлэх гэнэ. Оросын Ерөнхийлөгчийн дүр бүтээх шалгаруулалтад дөрвөн жүжигчин өрсөлдсөн юм байна.
Энэ талаар ди Каприо “Велт ам Соннтаг” сонинд өгсөн ярилцлагадаа “Путин бол маш сонирхолтой дүр” хэмээн дурджээ.
Тэрбээр 2010 онд “Сибирийн бар” олон улсын хурлын үеэр В.Путинтэй уулзаж байсан юм. Лениний дүр бүтээх хүсэлтэй явдаг Лео ямар ч байсан Оросын нөлөөтэй тэргүүн “болох” нь.
Э.ХАНА