Ааруулын амт гэж ванлий. Арааны шүлс асгаруулсан ямар ч амттанаас дутахгүй сайхан. Орц найрлагыг нь тохируулж, амт шимтийг нь тааруулж ааруулаа хийдэг болж. Аарцаа ээдүүлээд л ааруул тавьдаг байсан.
Одоо харин сүүгээ буцалгаад ч хийчихдэг шинэ технологи нэвтрүүлчихэж. Хэлбэр дүрс, хэв загвар нь дэгжин гэж жигтэйхэн. Еэвэн, наран, саран, дөрвөлжин, гурвалжин гээд ааруулын хэвний хэлбэр хийц, хэмжээ дамжаа тоймгүй олон.
За бас хэвийг нь урлахдаа үндэсний хээ хуар, цэцэг навч гээд зүсэн зүйлийн зураг, дүрс сийлнэ. Уран хийцтэй хэвнээс чамин хэлбэртэй ааруул “төрөх” нь мадаггүй. Гар аргаар үйлдвэрлэдэг ч монгол ухаан шингэсэн учраас гадаадын “цоохор цааст”-аас ааруулаа илүүд үзүүштэй.
Манайхан ааруулаа хүний хэрэгцээнд тохируулдаг ч болж. Дээжний, тавгийн идээний, чихэртэй, чихэргүй, хүүхдийнх, настных гэх мэтээр төрөлжүүлжээ. Савладаг ч болж. Ингэсээр орц найрлагын тайлбартай, чанар стандартын баталгаатай бүтээгдэхүүн болж чаджээ.
Сайхан мэдээ дуулгахад, саяхан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын дээжний ааруул үйлдвэрлэх арга технологид оюуны өмчийн гэрчилгээ олгосон юм. Малчид үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлсэн нь энэ шүү дээ.
Зөвхөн эрдэмтэд шинэ технологи нээдэггүй юмсанж. Монгол түмэн минь ч ааруулаараа Цагаан сарын дээжээ засдаг сайхан соёл дэлгэрүүлж байна. Зөв соёл улам өргөжин дэлгэрээсэй.
Өндөр-Улаанаас гадна Архангай аймгийн Булган, Ихтамир, Чулуут, Тариат, Хангай, Цахир сум цагаан идээгээрээ улсдаа зартай. Тэнд л цагаан идээний үйлдвэрлэлийн ноу хау хадгалагддаг. Хаяа залгаа нутгийнхан тэдний эрдмээс суралцахаар “хадаг барин бөхийдөг” болсон гэнэ лээ.
Цагаан идээний технологи Монгол даяар дэлгэрэхийн цондон тэр биз ээ. Арын хангайн цагаан идээ алдаршсан нууц нь сарлагийн өтгөн сүү, цармын сэрүүн агаар, уламжлалт арга технологид бий.
Ааруул эрүүл мэндэд тустай, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Ашиг тусыг нь шинжлэх ухаан хэдийнэ нотолчихсон. Ааруул сүүнээс ч илүү кальцийн агууламжтай. “Кальци дутагдаж, ясны сийрэгжих өвчин туссан” гэсэн онош тавиулсан нөхөр ааруул иддэггүй, ашиг тусыг мэддэггүй нь лавтай.
Ааруул идвэл яс, шүд бэхжинэ, алдсан кальциа нөхнө. Америкийн “Кока Кола”-г дэлхийн брэнд гэдэг. Чихрийн агууламж ихтэй кола кальци устгадаг, ясны дайсан. Бас болоогүй хорт хавдрыг дэвэргэдэг гэнэ.
Гэтэл ааруул эмийн чанартай идээ юмсан. Хүн төрөлхтний хэрэглээ ухаажсан цагт ааруул дэлхийн брэнд болно. Өвсний сор дагадаг янгир шиг юмны сайныг анддаггүй япончууд монгол ааруулыг “амьд кальци” хэмээн шүтдэг болсон. Цагаан сараар ааруулаа ахиухан идээрэй. Аль ч цагт ааруулаа идэж хэвшье.
Т.ЭНХБАТ