Найруулагч Ж.Сэнгэдорж “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Омарын эрэлд”, “Үргээлэг”, “Босуул” зэрэг дэлгэцийн бүтээлд ажилласан.
Киноны өөр өөр төрөлд авьяасаа сорьж буй уг найруулагчийн дараагийн бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох нь. Түүнээс шинэ уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.
-“Lovers” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байгаа гэж сонссон. Киноны зургийг авч дууссан уу?
-“Prime pictures”-ынхантай хамтран “Lovers” киног хийж байна. Киноны зохиолыг жүжигчин А.Баттүшигтэй хамтран бичсэн. Зургийг өнгөрсөн долоо хоногт авч дууслаа.
-Зарим хэсгийн зургийг гадаадад авсан гэсэн. Хаана авсан бэ. Кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Киноны ихэнх зургийг Монголдоо, хөдөө, хот гээд олон объектод авсан. Сүүлийн хэсгийн зургийг Францад авлаа. Хайрын хот гэдэг утгаар нь Парист зураг авсан.
Тэнд цастай орчинд зураг авах учраас цас орохыг хүлээж нэлээд хэд хоног саатлаа. Киногоо энэ сарын сүүлчээр үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн.
-Та өмнө нь “Үргээлэг” киноны найруулагчаар ажилласан. Мөн л гадаадад зураг авсан. Гадаадад киноны зураг авахад хүндрэл гардаг уу. Зөвшөөрөл авдаг биз дээ?
-Францын Элчин сайдын яам болон Франц дахь албаны хүмүүстэй холбогдож, зөвшөөрөл авахад хугацаа их зарцуулсан. Ер нь гадаадад зураг авахад энэ мэт асуудал гардаг.
-Киноны постерын зураг нэлээд эротик өнгө аястай харагдаж байна. “Lovers” киног ямар төрлөөр хийж байгаа вэ. Гол дүрүүдэд ямар жүжигчид тоглосон бэ?
-Гол дүрд жүжигчин Э.Чинзориг, Гэрэлмаа нар тоглосон. Бид уянгын киног арай хурцаар, чөлөөтэй хийж болно гэдгийг л харуулахыг хичээсэн. Түүнээс биш замбараагүй, задгай юм биш. Гэхдээ мэдээж үзэгчдэд насны хязгаар тавина.
-Өмнө нь адал ядалт, инээдмийн, түүхэн кино найруулж байсан. Харин энэ төрлийн кинонд ажиллахад ямар байна вэ?
-Хэцүү байлаа. Үзэгчдэд гоо сайхныг үзүүлэх ёстой. Мөн тэдний дотоод ертөнц рүү хандсан кино учраас жүжигчдээс, киноны бүхий л уран бүтээлчдээс илүү их ур чадвар шаарддаг юм байна.
-Өнгөрсөн онд таны найруулсан “Босуул” кино үзэгчдэд хүрсэн. Харамсалтай нь, кино театруудаар хэдхэн хоног гараад хаагдсан шүү дээ. Ямар учраас театраас тийм эрт буулгасан юм бэ?
-Маш олон шалтгаан байсан. Нэгдүгээрт, “Босуул” гадаадын хэд хэдэн кино наадамд уригдсан. Тэр наадмууд өрсөлдөх кинондоо тодорхой шаардлагууд тавьдаг юм билээ. Нэг үгээр гадаадын наадамд сойх гэж театраас буулгасан.
Хоёрдугаарт, киноны нээлтийг хийсний дараа их дарамтанд орсон. Сонгуулийн өмнөх жил болоод ч тэр үү хүмүүс тэр талаас нь их харж, нэлээд шүүмжилсэн.
-Гэтэл саяхнаас “Босуул” киног дахин үзэгчдэд хүргэнэ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн шүү дээ. Дахиад кино театруудаар гаргах гэж байгаа юмуу?
-Үгүй. Зөвхөн IPTV-д тавигдана. Одоогоор “Юнивишн”-ий видео санд оруулаад байгаа.
-Жүжигчин А.Баттүшиг, “ТВ коктейль” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран “Sun pictures”-ийг байгуулсан. Танай дараагийн уран бүтээл ямар кино байх бол. Төлөвлөсөн үү?
-Төлөвлөсөн. Дараагийн киноны зохиол ч бэлэн болчихсон. Гэхдээ тэр тухай одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
А.ХАЛИУН