Харилцаа холбооны компанийн ахлах мэргэжилтэн Жоан Гранде, график дизайны компани эрхэлдэг Эдуард Бутера нар гэрлэж, 1993 онд охинтой болжээ. Тэр охин өсөх ирээдүйтэй дуучин Ариана Гранде байв. Ариана 1993 оны зургадугаар сарын 26-нд мэндэлсэн аж.
Түүний бүтэн нэрийг Ариана Бутера Гранде гэдэг. Эцэг эх нь түүнд 1959 онд дэлгэцнээ гарсан “Феликс муур” цуврал хүүхэлдэйн киноны баатар Ориана гүнжийн нэрийг өгсөн гэнэ. Итали гаралтай Ариана найман настайдаа урлагт хөл тавьжээ.
Хамгийн анх “Форт Лаудердэйл” хүүхдийн театрт “Араатан ба гоо үзэсгэлэн”, “Озын илбэчин” хөгжимт жүжгийн гол дүрд тоглосон байна. Үүний дараа Өмнөд Флоридагийн филармонид “Саншайн попс энд симфони” найрал хөгжимтэй дуулдаг болжээ. 13 настайдаа тэрбээр олонд танигдаж эхлэв.
Тэрбээр Лос Анжелест нүүж ирсэн даруйдаа анхны цомгоо гаргахаар зориглосон аж. Тэр үед Ариана дөнгөж 14 настай байлаа. Энэ цомогтоо зориулж сексийн тухай дуу зохиож байсан гэдэг.
Энэ тухайгаа тэрбээр “Мэри Клэйр” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед би R&B цомог гаргах бэлтгэлээ хийж байсан. Сексийн тухай дуу зохиосон. Гэхдээ тэр үед 14 настай охин тийм дуу дуулсан бол аятайхан сонсогдохгүй л байх байсан” гэж ярьсан байдаг. 2008 онд Ариана “Бродвей” театрын хөгжимт жүжигт тоглов.
Уг жүжгийн дүрээрээ Үндэсний театрын холбооноос шагнал хүртжээ. Энэ үеэс тэрбээр хамаг л цагаа тэрбээр Нью-Йоркийн “Бөрдланд” жааз клубт өнгөрүүлдэг болов. 2009 онд Арианад “Никелодеон” телевизийн “Урлагийн сургуулийн сурагчид” цувралд тоглох боломж олдов.
Ингэж гайхалтай авьяастай атлаа жаахан болхидуу, улаан үст Кат Валентины дүрд тогложээ. Уг цувралын эхний бүлгийн зургийг 2009 оны аравдугаар сараас 2010 оны гуравдугаар сарын 27 хүртэл авсан байна.
Зурагтаар гарсан даруйд 5.7 сая хүн үзсэн нь Арианаг өсвөр насныхны дунд шүтээн болгожээ. Хоёр дахь бүлэг 2011 оны дөрөвдүгээр сард үзэгчдэд хүрэв. Тэр дороо 6.2 сая хүн үзэж, Арианагийн нэр хүнд өссөөр байлаа.
2010 онд тэрбээр хөгжмийн зохиолч, продюсер Десмонд Чайлдын “Үнэгүй Куба” хөгжимт жүжигт тоглов. Үүний дараа 2010 оны наймдугаар сард дууны багш Эрик Ветротой хамтран ажиллаж, дебют цомог гаргахаар ажиллаж эхэлжээ.
Цомгийн эхний дуу “Түүнд бууж өг” байлаа. Тэрбээр өөрийн дуунаас гадна Уитни Хьюстон, Мэрайя Кэри, Адель зэрэг алдартны дууг дуулж эхэлжээ. Тэр өөрөө ч тэдний шүтэн бишрэгч. Мөн Индиа Ари, Ферги нарын дуунд дуртай гэдгээ ярилцлага бүртээ дурддаг.
2013 онд “Никелодеон” телевиз “Сэм Кет хоёр” олон ангит кино хийж, гол дүрд “Ай Карли” цувралын жүжигчин Женнетт Маккарди, Ариана Грандег тоглуулав. 2013 онд Ариана “Зөвхөн чинийх” цомгоо гаргалаа. Энэ цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 138 мянган хувь зарагдаж, АНУ-ын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлэв.
Тус цомог дэлхийн олон оронд борлогдож, Австралийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтын зургадугаар байрт, Их Британид долоод, Ирландад зургаад, Нидерландад тавдугаарт жагсжээ. 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд уг цомог зөвхөн АНУ-д 500 мянган хувь зарагдаж, Арианагийн анхны алтан цомог болов.
2013 онд Ариана дахин “Никелодеон” телевизийн цувралд тоглов. “Залилан” гэх цувралд Аманда Бэнсон гэх охины дүрд тогложээ. Түүнчлэн тус онд Ариана Америкийн хөгжмийн наадмын Оны шинэ, шилдэг уран бүтээлч төрөлд шалгарчээ.
Арианаг урлагт хөл тавьсан өдрөөс хойш түүний ээж Жоан менежерээр нь ажилладаг байлаа. Харин өнгөрсөн жил тэрбээр ээжийгээ ажлаас нь халжээ.
Тэрбээр энэ тухайгаа “Манай ээж дэндүү чанга хүн. Намайг нялх хүүхэд шиг л хянаж, үйл хөдлөл бүрийг цагддаг. Би одоо нас биед хүрсэн уран бүтээлч. Тийм болохоор ээжийгээ ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ тэр үргэлж миний дотны зөвлөгч хэвээр байх болно” гэж тайлбарлажээ.
2014 онд тэрбээр бие даасан хоёр дахь цомгийнхоо бичлэгийг эхлэв. Уг цомогт дуучин, хөгжмийн зохиолч Райн Тэддер, продюсер Бэнни Бланко, Макс Мартинтай хамтран ажилласан байна.
Уг цомгийн хэд хэдэн дууг Ариана өөрөө зохиосон байдаг. Уг “Миний бүх зүйлс” цомгоо 2014 оны наймдугаар сарын 25-нд худалдаанд гаргажээ. Энэ цомгийн тухай “Роллинг Стоун” сэтгүүлд “Никелодеон”-ы 21 настай од улам гялалзсаар байна” гэсэн нийтлэл гарсан.
Тус цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 169 мянган ширхэг зарагдаж, Ариана дахин шилдэг борлуулалттай цомгийн эзнээр шалгарав.
Ариана Америкийн эмэгтэй дуучдын уламжлалыг даган Зул сарын баярт зориулсан хоёр цомог гаргасан. 2013 онд “Зул сарын үнсэлт”, өнгөрсөн онд “Зул сар ба тайвшрал” цомгууд сонсогчдод хүргэжээ.
Ариана Гранде өсвөр үеийнхний дунд хамгийн нэр хүндтэй уран бүтээлчдийн нэг. www.polyvore.com, www.yahoo.com вебсайтаас өнгөрсөн онд хамгийн их хайсан одуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг Ариана мөн л тэргүүлсэн аж.
Хүмүүс түүнийг цахим хуудсаас муурны чих, богино даашинзтай Ариана гэх үгээр ихэвчлэн хайсан байжээ. Мөн Ариана шүтэн бишрэгчдээсээ өвөрмөц бэлэг авдгаараа алдартай.
Ялангуяа Том Нормандин гэж залуугаас хэд хэдэн удаа этгээд бэлэг авсны дотор нохой муурны зурагтай хуанли, толь, 20 кг жинтэй хулуу хүртэл багтжээ.
Богино, дэрвэгэр даашинзаар байнга гоёдог дуучин Ариана Гранде ирэх жил MAК косметикийн нүүр царайгаар ажиллахаас гадна өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг гаргахаар болжээ.
Түүний нэрийн дор үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүд нь чавганы өнгийг санагдуулам уруулын будаг, хүүхдийнх мэт ягаан өнгийн уруул өнгөлөгч, нүүрний будгийн тогтоцыг хадгалагч зэрэг байх юм байна. Борлуулагдсан бараа бүрийн 10 центийг ДОХ-ын эсрэг сайн үйлсийн аянд хандивлах ажээ.
А.ХАЛИУН