Энэтхэгийн ситарчин, хөгжмийн зохиолч Рави Шанкаар (1920-2012)-ын 2002 оны эхээр Канадын хөгжмийн сэтгүүлч Жон Бодиний радио сувагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Шанкаар бол алдарт “Битлз”-ийн Жорж Харрисоныг ситар хөгжимд урвуулж, Америкийн нэрт хийлч Иехуди Менухиныг дэргэдээ завилуулж, жаззын домог Жон Колтрейныг хүүдээ Рави гэх нэр хайрлатал нь хөгжимдөө автуулж, орчин цагийн сонгодог хөгжмийн гол зохиолчдын нэг Филип Глассын шүтээн болсон уран бүтээлч юм.
1988 онд Шанкаар урьдын адил Америк, Европын хаа сайгүй аялан тоглож, цомгоо бичүүлж, дотно анд, сайн шавь Жорж Харрисоныхоо хүртээсэн “Дэлхийн хөгжмийн загалмайлсан эцэг” гэсэн алдрыг өргөсөөр явав.
Тэрбээр Нью-Йоркт болсон мөнөөхөн тоглолтоос 40 гаруй жилийн дараа хүртэл Калифорни дахь гэртээ багшилж, гурван мянганы түүхтэй үндэсний хөгжим, уламжлалт өв соёлоо баруунд таниулах гол элч хэвээр байлаа.
Түүнд цагийн аясыг даган өөрчлөгдөх шаардлага байсангүй. Дэлхийн хөгжмийн загалмайлсан эцэг 92 насандаа таалал төгсөхдөө өрнө, дорнын урлаг соёлыг холбосон хөгжмийн асар баялаг өвөөс гадна авьяас билэг нь ундарсан төрсөн охидоо дэлхий дахинд “бэлэглэсэн” нь дуучин Нора Жонс, ситарчин Анушка Шанкаар хоёр билээ.
-Таныг барууны ертөнц дэх энэтхэг хөгжмийн гол төлөөлөгч гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин таныг “Битлз”-тэй холбогдохоосоо бүр арваад жилийн өмнө барууны студиудэд бичлэг хийлгэж эхэлснийг мэдэх хүн цөөхөн байх.
-Би 1955 оноос хойш хөгжмөө завсаргүй тоглож байна. Тэгэхээр Жорж Харрисонтой танилцахаас бүр 14-15 жилийн өмнө тоглож байсан гэсэн үг.
Би их аялдаг байлаа. Түүнийхээ ачаар л үндэснийхээ хөгжмийг баруунд таниулсан. Бусдаар бол миний гавьяа гэж юу байх вэ.
-Түргэн хэмнэлтэй шинэ урсгалын талаар та ямар бодолтой байна вэ?
-Би өөрийгөө аливаа өөрчлөлтөд уян хатан ханддаг, нээлттэй хүн гэж боддог. Сонсогчдод л тааламжтай байвал бусдын хөгжмийг үнэлж, дүгнэх эрх надад байхгүй шүү дээ. Юм бүхнээс ашиг хонжоо хардаг, тэгэхээс ч өөр аргагүй цаг үед бид амьдарч байна.
Тиймээс аль ч салбарт хүч түрж байгаа залуу үеийнхнээ буруутгаж болохгүй. Би хувьдаа ямар ч шинэлэг зүйл хийсэн өв уламжлал, үндэсний соёлоо хадгалж үлдэхийг хичээдэг.
Энэтхэг хөгжим ямар ч урсгалтай хоршдог нь тун ч олзуурхууштай. Тэгэхээр хязгаараа эвдэхгүйгээр хүссэнээ хийх эрх надад бүрэн бий. Харин олон урсгал, чиглэлийг хольж хутгах нь огт өөр зүйл гэж санах юм.
Орчин үеийн зарим нэг тийм замбараагүй хөгжмийг ойлгохын тулд ядаж насны хувьд залуу байх хэрэгтэй болов уу.
-Уламжлалт раага тоглох үед авд буюу цээжээр тоглох боломжгүй гэсэн ташаа ойлголт барууныхны дунд түгээмэл байдаг.
-Тийм ээ. Гэхдээ хамгийн эртний гэгдэх раага хүртэл тухайн хөгжимчний мэдрэмж, тоглох чадвараар хэмжигддэг юм шүү дээ. Миний тоглодог зохиолуудын бараг 90 хувь нь авд зохиол байдаг.
-Би нэлээн дээхнэ таны нэг ярилцлагыг уншсан. Таныг “Битлз”-ийнхэнтэй нөхөрлөж эхэлсэн үед хийгдсэн байсан санагдана. Та тэнд “Америк залуусыг огт ойлгохгүй байна” гэсэн байсан.
Харин Монтерейн поп хөгжмийн наадмыг анх үзээд таны бодол өөрчлөгдсөн байдаг. Тэр үеийн хүүхэд, залуус таныг сонирхож байсныг та ер нь мэдэх үү?
-Мэдэхээр барах уу. Тэд намайг сонирхоод зогсохгүй бараг л ойлгож байсан. Гэхдээ би тэдний хар тамхины хэрэглээг зөвтгөж чадашгүй нь. Тэр үеийн залуус их сониуч, тэр хэрээрээ алдаж эндэж байсныг одоо бол ойлгож байна.
Харин тэр үед рок, поп хөгжим сонсдог л бол мансуурах ёстой мэт сэтгэж байлаа шүү дээ. Тэд энэтхэг хөгжмийг сонсож эхлэхдээ ч гэсэн тиймэрхүү хандлагатай байсан. Түүнийг нь би чадахаараа эсэргүүцсэн.
Харин одоо энэтхэг хөгжмийг мансууруулах бодистой холбож ойлгох нь эцэс болсонд баяртай байна.
-Дэлхий дахин оюун санааны хувьд зөв чигт яваа гэж та боддог уу?
-Тантра, мантра, “Кама сутра” гэхчлэн эртний судар, номлол, сургаал бүрийг бид хольж хутгасаар ирлээ шүү дээ. Харин одоо өмнөхтэй харьцуулахад хавьгүй зөв голдиролдоо орсон гэж би боддог.
Тооны хувьд олон биш ч үнэн зүрхнээсээ бясалгадаг, өөрийнхөө хэмжээнд гэгээрсэн хүмүүс манай үед байна. Тэд хөгжимд ч гэсэн их өөр ханддаг болсон.
-Хэвлэл мэдээллийнхэн таны охин Анушкаг амаа олохгүй магтаж байна. Та түүний ситарын ганц багш нь. Тэр танаас өөр хүнээс номын дуу сонсох ч шаардлагагүй байх. Анушка ямархуу шавь бэ?
-Юуны өмнө хөгжмийн орчинд өсөж өндийсөн нь түүний хамгийн том давуу тал гэдгийг дурдах хэрэгтэй байх. Хичээл зүтгэл, байгалиас заяасан авьяас билгийг нь үгүйсгээгүй юм шүү. Ердөө л орчин нөхцөл, дадал зуршил гэдэг хүнийг амжилтад хүрэхэд тун их нөлөө үзүүлдэг гэдгийг хэлэх гэсэн юм.
Зарим шавьтайгаа харьцуулахад охиндоо багшлах нь надад ч амар байсан. Охиноо гэр бүлийн маань уламжлал, хөгжмийн баялаг өвийг цааш үргэлжлүүлнэ гэдэгт өчүүхэн ч эргэлздэггүй. Би сүүлчийн өдрөө хүртэл охиндоо тусална. Гэхдээ Анушка намайг өнгөрсний дараа л өөрийгөө илүү нээх байх.
Өөрөөрөө жишээлэхэд би багшийгаа өөд болох хүртэл өөрийгөө муу шавь гэж бодож байлаа. Хүн гэдэг хэзээ ч сурч дуусдаггүй, сэтгэл ханадаггүй амьтан. Барууны хөгжимд байдаг шиг хөдөлшгүй, бичигдсэн журам гэж энэтхэг хөгжимд байдаггүй болохоор бид насан туршдаа суралцдаг.
Би л гэхэд бусдад багшлах зуураа өөрөө бас давхар суралцаж байна. Хөгжмийн эрдмийг би одоо хүртэл төгс эзэмшээгүй, ситарыг яаж сайхан тоглохыг өдий хүртэл сурсаар л байна. Ийм болохоор л би “Сурчихлаа, мэдчихлээ” гэж ярьдаг хүмүүсийн өмнөөс их харамсдаг.
-Таны өөр нэг охин Нора Жонс хөгжмийн урлагт бас л амжилттай явна. Та тоглолтыг нь биеэр үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Норагийн бүтээлүүд миний тоглодог хөгжмөөс огт өөр ч гэсэн надад таалагддаг аа. Хөгжимд нь миний нөлөө гэх зүйл байхгүй л дээ. Гэсэн ч түүний эцэг гэдгээрээ бахархах сэтгэл надад үргэлж төрдөг.
-Та есдүгээр сарын 11-нд хаана байсан бэ?
-Калифорни дахь гэртээ байсан. Тун ч муухай явдал болсон шүү. Гэрийнхэн маань бүгд л болсон явдлын учрыг 3-4 хоног олоогүй, бүр цочирдож гүйцсэн. Би л гэхэд өдөржин, шөнөжин зурагт ширтэж суусан даа.
-Та Жорж Харрисоныг өөд болтол нь ойр дотно байсан байх аа?
-Тийм ээ. Түүнийг өнгөрөхөд их хүнд байсан. Бид хоёрын харилцаа тун онцгой байлаа. Тэр миний шавь ч, сайн нөхөр ч байсан.
Заримдаа бүр төрсөн хүү шиг минь хүртэл санагддаг байлаа. Хүндээр өвдсөнийг нь мэдэж байсан ч амьсгал хураалаа гэхэд нь маш их цочирдсон. Би одоо хүртэл түүний араас гашуудаж байна даа.
-Жорж Харрисон хэр шавь байв?
-Маш дуулгавартай, идэвх чармайлттай, авьяаслаг шавь байсан. Гэхдээ хамтлагийнхаа уран бүтээлээс болоод ситар хөгжимдөө хүссэнээрээ цаг зав гаргах боломжгүй байсан нь бид хоёрын гол бэрхшээл байсан.
Ситарыг тэр гитар шигээ тоглож сураагүй ч нас эцэслэх хүртлээ энэтхэг хөгжимд суралцаж, Энэтхэгийн урлаг, соёлын талаарх мэдлэгээ тэлж байсан юм.
-“Битлз”-ийнхэнтэй анх уулзахад танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Үнэнийг хэлэхэд би тэднийг сайн мэддэггүй байлаа. “Битлз” гэдэг нэрнээс цаашгүй байсан.
-Бурханд ойртох хамгийн дөт зам юу бол?
-Айхтар хүнд асуулт байна. Хариултыг нь би одоо хүртэл эрж байгаа юм байна шүү. Одоохондоо миний сэтгэж байгаагаар хүн сэтгэл амгалан үедээ л бурхан тэнгэрт ойртдог байх. Надад хөгжим л тэр амар амгаланг бэлэглэдэг.
Бас дуугүй суух нь хүнд маш хэрэгтэй. Заримдаа юу ч хийлгүй амсхийх, хэнтэй ч үг солилгүй бодлогошрох нь санаа сэтгэлийг их амраадаг.
-Таны уран бүтээлдээ баримталдаг гол зарчим юу вэ?
-Хөгжмөөрөө би цэвэр ариун, гэрэл гэгээтэй гэж нэрлэж болох бүхнийг хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Сонсогчид түүнийг минь ойлгож, мэдэрч байгаа нь эргээд надад мэдрэгдвэл түүн шиг сайхан зүйл хаа байх вэ.
-Та саяхан “Грэмми”-ийн наадмаас дахин нэг шагнал хүртлээ. Бас Элизабет хатан танд хүндэт хэргэмээ хүртээлээ. Энэ бүхэн танд ямар санагдав?
-Мэдээж таатай байлгүй яах вэ. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд шагнал урамшил гэдэг түрхэн зуурын л юм. Бусдын магтаал сайшаал намайг илүү сайн хөгжимчин болгосон уу гэвэл үгүй.
Ямар ч эд баялаг, нэр алдар надад ситар шиг минь сэтгэлийн цэнгэл эдлүүлээгүй. Үзэгчдийн алга ташилт л түүнд бага ч атугай дөхөж очих байх.
-Танд айж эмээдэг зүйл бий юү?
-Хүн юунд ч сэтгэл өвдөхөө боливол хүн биш болно шүү дээ. Нас ахихын хэрээр би байгаль орчны доройтолд сэтгэл зовох боллоо. Уур амьсгал дулаарч байна, байгаль улам сүйдэж байна гэсэн мэдээ сонсох бүрт надад айдас төрдөг.
Өвчин эмгэг, аллага хядлага, хүчирхийллээс илүү хүмүүс байгаль дэлхийгээ сүйдэлж байгаа нь илүү аймшигтай. Энэ тухай бодохоор ирээдүй хойч минь яана даа гэж өөрийн эрхгүй түгшдэг юм.
Г.ЛХАГВА