“Ээж ирсэн, гоё доо” гэж угтах хонгорхон хоёр үр минь.Тэдний минь нүд гэрэлтэн, жижигхэн гараараа алгаа ташин хөөрцөглөхөд нь тоостой гутлаа холоо шидчихээд, толгойд эргэлдэх тоо томшгүй олон бодлоос өөрийгөө олж авах шиг болдог юм.
20 гаруй жилийн өмнөх өөрийгөө хоёр хүүхдээсээ олж харах юутай их аз жаргал вэ. Хүүхэд насанд минь эргэн аваачдаг ганц гарц нь тэд юм даа.
Ээж ирэх ийм л сайхан. Ээжийг ажлаасаа ирэхийг тэсэн ядан хүлээж, байн байн цаг руу харах балчирхан нас минь. Гэрийн гадаах амбаарын дээвэр дээр суучихаад ээжийгээ харуулдах дүү нарын минь төрх.
Бүхнийг захирагч цаг хугацаа ч хүүхэд насны минь гэгээн дурсамжуудыг баллаж эс чадна.
Хүйтэн жавар, харанхуй гудамж, хүсэл хясал, бухимдал, буруутгал, бүтэлгүйтэл, будаг шунх, бичиг цаас, өнгө мөнгө, амжилт ололт, алдаа оноо энэ бүхнийг хоромхон зуурт үгүйсгэж чадах тэдний минь цангисан инээд.
Амьдралыг илүү хялбар, амттай болгодог цайлган яриа. Хэцүү үед ч шүд зуун тэсэх тэнхээ өгдөг цовоо цолгиун байдал. Өвдсөн ч инээж чаддаг хүүхдийн тунгалаг сэтгэлээр бидний амьдрал эрч хүч, амин дэм, гэрэл гэгээгээр бялхдаг ч байх.
Өглөөний гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл гагцхүү үр хүүхдүүдийнхээ л төлөө хөдөлмөрлөж буй мэт санаж, “Та нарын л төлөө үйлээ үзэж байна” гэж шүлсээ үсчүүлэн загнахдаа үнэндээ бид тэдний төлөө гэхээс илүү тэд биднийг хүчтэй, ухаантай, энэрэнгүй, алдах эрхгүй болгож хүмүүжүүлдэг аж.
Бидний өгдөгөөс илүүг тэд өгч, тэднийхээ дэргэд байхдаа л үнэн төрхөөрөө байж, хэлсэндээ хүрэхийг хичээн, илүү хариуцлагатай байхыг чухалчилна. Гэрэл гэгээ болсон хүүхэдгүйгээр амьдралыг төсөөлөхөд давсгүй хоол, жигүүргүй шувуу мэт л санагдана.
Ч.ТУЯА