“Хаадын хаан” 175 мянган америк доллараар зарагджээ
Харүмафүжи ёкозүна Токиод уран зургийнхаа үзэсгэлэн гаргаж япончуудыг гайхашрууллаа гээд Монгол, Японы сонин хэвлэл, телевизүүд шуугив. Хамтарч зургаа тэнд дэлгэсэн зураач Самбуугийн Заяасайхан нь уран зургийн ертөнцөд бас л ёкозүна болж яваа нэгэн гэдгийг би мэдэх юм.
Хоёр жилийн өмнө түүнтэй танилцах сайхан завшаан надад тохиосон билээ. Манай элчингийнхэн сар шинээ тэмдэглэж сүмочид, шилдэг оюутнууд, Токиод ажиллаж амьдардаг урлаг, соёлын авьяастнууд гээд нэг үгээр хэлэхэд, Токиогийн монгол од тэнд хуран цугларсан байв.
Энхбаяр хэмээх залуу авьяастан морин хуураа хүнгэнүүлж, бас хөөмийлж япон зочид, нутаг нэгтнүүдээ баясгаж, Элчин сайд С.Хүрэлбаатар танхимын ханан дахь уран зургийнхаа цуглуулгаар хурсан олны нүд, сэтгэлийг баясган тайлбарлаж суусан юм.
Хөлийн гэмтлээс болоод Харүмафүжи Токиогийн башёг өнжсөн байв. Зав зайтай энэ цагаараа Фүжи ууланд найз нартайгаа явж, зурж байна гэж тэрбээр ярьж, Монголд Дүрслэх урлагийн сургуульд өөртэй нь хамт сурч байсан зураач залуусыг дагуулаад ирснээ танилцуулж байлаа.
Японд олон жил амьдарч бүтээлээ туурвиж буй бас нэг авьяаслаг зураач энд буйг Элчин сайд онцлон хэлээд элчингийн нэр хаягтай элдэв арга хэмжээг түүний зургаар чимдэг юм, удахгүй бас нэг ёкозүна болох зураач шүү гэж нэгэн залууг магтаж байсан юм.
Би ч тэр үед зураач С.Заяасайхантай танилцаж яриа хөөрөө өрнүүлж, хамтдаа зургаа авахуулж дотносоод авав. Тэрбээр Америк, Австрали, Европын хэд хэдэн орноор аялаж, зурж, бүтээлээ дэлгэж, зарим хотод нь үзэсгэлэнгээ гаргаж явснаа ярьсан. Япон оронд хүргэн орчихсон эр юм билээ.
Дөрвөн хүүхэдтэй гэж байсан. Эхийн алдар одон авахаар болж дээ эхнэр чинь гэж би түүнд сануулж байв. “Үндэсний шуудан” сонинд нийтлүүлсэн “Цагаан сар ба ногоон Япон” тэмдэглэлдээ түүний тухай бага шиг оруулж зураг хөргийг нь тавьж байлаа.
Жил гаруйн өмнө Репиний академийн багш, нэрд гарч яваа залуу зураач Б.Отгонтүвдэнгийн “Ленинградын цагаан шөнө” үзэсгэлэнгийн нээлтэд хальт таараад, түүнтэй дахиж уулзаж чадаагүй юм. “Токиометрополитан” арт музейн олон улсын нэрт зураачдын наадамд С.Заяа оролцож Токио хотын захиргааны нэрэмжит шагнал авлаа...
Японы Гинза дүүргийн “Хайд Фүкасакү” галерейд С.Заяасайхан “Талын домог” бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа гэх мэтээр амжилтынх нь мэдээг хэвлэлээс уншиж байлаа. Бүр саяхных гэвэл, Тайваньд олон улсын үзэсгэлэнд түүний бүтээл хэрхэн давхисан тухай оны өмнөхөнтөө “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн байв.
Тэрхүү үзэсгэлэнгийн үеэр болсон дуудлага худалдаанд түүний нэг зураг 175.000 ам.доллараар зарагдсан гэж бичжээ. Урьд өмнө монгол зураачийн бүтээл ийм өндөр үнэ хүрч байсан, эсэхийг мэдэхгүй юм. Дэлхийн дэвжээнд гарч байгаагийн шинж тэмдэг байх.
Нэгэнтээ Элчин сайд эрхмийн хэлсэнчлэн зургийн ертөнцийн ёкозүна мэндэлж буй тухай мэдээ энэ байж болох. Ёкозүна Харүмафүжитай Заяа зураач хамтраад “Хоёр ертөнц” нэртэй уран зургийн үзэсгэлэн гаргасан тухай хамгийн сүүлийн мэдээллийг сонин хэвлэлээс уншаад хуучин танилын хувьд дуугармаар санагдаж Заяаг эрэлхийлэв.
Токиод уулзахдаа өгсөн сайтынх нь хаягаар орж, сүүлийн хоёр жилийнх нь зураг бүтээлтэй танилцлаа. Өнгө будгийн хурц тод ялгаралтай, эртнийх ч гэмээр, эсвэл үлгэрийн ч юм уу, түүхийн ч юм уу гэхээр сэдэл, сэдэвтэй олон сайхан зураг өмнө дэлгэгдэж байна.
Хамтарсан үзэсгэлэнгийн танилцуулга зураг, хөргүүд ч тэнд байна. Харүмафүжи аварга Фүжи уулаа өвөл, зун, нартай, бороотой гээд л янз янзаар хурц тод урлажээ. “Фүжи уул яг л ийм дээ, япон байгалийн өнгө аяс энэ яг мөн дөө...” гэх санаа бодлыг их аваргын бүтээл илэрхийлэх юм.
Заяа зураачийн зургууд биднийг, үзэгчдийг бүр өөр ахуй, өөр орчинд аваачиж байна. Зурах арга барил нь ч эрс тэрс ялгарч байх шиг. Аваргын зураг, реалист гэж ярьдаг даа, тэр урсгал тал руугаа юм уу даа.
Заяагийн бүтээл хийсвэрлэл илүүтэй, ургуулсан өдөөсөн уран сэтгэлгээ ихтэй, ихэвчлэн монгол зургийн арга барилаар урласан санагдлаа. Талын монгол нүүдэлчдийн эртний ахуй амьдралын нэгээхэн хэсгийг эндээс тольдож болохоор.
Модерн маягийн сэдэв, тийм өнгө аястай зургууд Заяад хэд хэд байна лээ. Дүр, дүрслэлүүд нь ч Харүмафүжи аваргынхаас тэс өөр юм.
Үүгээрээ ч энэ хоёр зураачийн зураг бүтээлүүд тус тусын өнгө аястай, үзэсгэлэнгийн нэрэндээ таарсан “Хоёр ертөнц” мөн юм даа гэхээр. Ингээд хуучин танил зураачтайгаа фэйсбүүкээр нь харилцан, ярилцлаа.
-Шинэ оноо сайхан угтав уу?
-Элчин сайдын яамны шинэ жилийн үдэшлэгт уригдаж оролцлоо. Дуу хуур, бүжиг наадамтай сайхан болсон. Энд амьдардаг нутгийнхан, сүмогийн аваргууд, нэрт сүмочидтай ярьж хөөрөөд нэг үдшийг сайхан өнгөрөөлөө.
-Токиогийн нэр хүндтэй том галерейд үзэсгэлэн гарсан гэж сонссон.
-Тийм ээ. “Ничидо Гинза” гэдэг алдартай галерейд гаргасан. Энэ гудамжинд брэндийн олон дэлгүүр байдаг.
Тийм болохоор хөл ихтэй. Үзэсгэлэн, танилцуулга, сурталчилгааны арга хэмжээнд эднийхэн байнга дарагдаастай, захиалга нь ч нэг хоёр жилийн өмнө хийгдчихсэн байдаг гэсэн.
Хүссэн уран бүтээлч, зураач бүр энд бүтээлээ дэлгэж чаддаггүй юм гэнэ лээ. Харүмафүжи аваргын маань нэр хүнд нь нөмөр нөөлөг болж би тэнд бүтээлээ дэлгэлээ.
-Мэргэжлийн зураач гэх үүднээс өөрөө аваргын хувьд бас нөмөр нөөлөг болсон байх аа.
Монгол зураачтай, тэр зураач нь Японд амьдарч, зураг бүтээлээ ч Японд туурвидаг, арга барил, зургийн сэдэв нь аваргынхаас тэс өөр гэх мэт нь хамтарсан үзэсгэлэн гаргах, тэгээд ч тэр нь япончуудын анхаарал сонирхол татах үндэслэл байсан болов уу гэж санагдаж байна.
-За даа, тийм ч биз, үгүй ч биз дээ гээд хүмүүс ярьдаг даа. Их аварга маань ч мэргэжлийн гэхээр сайн зураач шүү дээ.
-Та хоёр хэзээнээс танил вэ, үзэсгэлэнгийн санаа хэдийд яаж бий болов?
-Жил гаруйн өмнө миний зургийн үзэсгэлэнг тэрбээр ирж, үзсэн юм. Тэгэхэд л хамтарсан үзэсгэлэн гаргаж болох юм гэж ярилцаж тохироод тус тусынхаа зураг бүтээлийг бэлтгэж эхэлсэн.
-“Хоёр ертөнц” үзэсгэлэнг олон хүн үзэв үү. Онцолж хэлэх ямар үзэгчид байв. Монголоос хүмүүс очив уу?
-Таван өдрийн турш дөрвөн мянгаад хүн үзлээ гэсэн тоог галерейнхан гаргасан байна лээ. Нээлтэд мянга шахам үзэгч ирсэн. Харүмафүжи аваргын дэвжээний сүмочид, Аминишики, манай Тэранофүжи Ган-Эрдэнэ гээд л бүгд ирсэн.
Хуучны нэртэй сүмочид ч харагдсан шүү. Миний мэдэхээс цүпари сайн хийдэг Чиёотаки өөрийн үеийн хэдэн бөхтэй явж байсан. Японы урлаг, соёлын алдартнууд бас ирсэн гэж танилцуулж байсан.
Монголтой хамтарч ажилладаг, харилцаа холбоотой байдаг олон япон хүн бидний үзэсгэлэнг үзсэн. Манай Элчин сайд Хүрэлбаатар үзэсгэлэнг нээж сайхан үг хэлсэн. ЭСЯ-ны ажилтнууд, Японд ажиллаж амьдардаг монголчууд маань олноороо ирж үзсэн шүү.
Нэрт шог зураач, соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр ах маань бид хоёрын үзэсгэлэнгийн нээлтэд оролцож уран бүтээлч хүний урамтай үг хэлсэн нь баярлууштай сайхан үйл явдал байв.
Мөн манай язгуур урлагийн нэртэй “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчин В.Батзориг ах энэ үеэр Токиод байж таарч үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Японд алдаршсан манай ардын урлагийн “Их татлага” хамтлаг дуу хуураараа мялаалаа.
-Их аваргыг Фүжи уулыг зурахаар явахад нь аян зам нийж байв уу. Аваргын урланд очдог уу?
-Хамт явж байгаагүй ээ. Тийм зав зай ч гарсангүй. Аварга тусгайлсан урлантай, эсэхийг мэдэхгүй юм. Гэрт нь зураг урлангийн өрөө байдаг байх аа.
-Аварга танай урланд зочилж байв уу?
-Харумафужи аварга миний урланд ирж байсан.
-Зураачийн хувьд та хоёр нэг нэгнийхээ бүтээл туурвилыг аль хэр үнэлдэг вэ?
-Аварга их нарийн мэдрэмжтэй, уянгын өнгө аястай сайн зураач. Өнгө сонгохдоо мундаг. Фүжи уулын хурц өнгүүд их том өгүүлэмж юм шүү дээ. Миний бүтээлийг аварга хэрхэн үнэлдгийг өөрөөс нь асуусан нь дээр биз ээ.
-Та хоёрын үзэсгэлэнгийн танилцуулгаас харж байхад аварга Фүжи уулыг л зурсан харагдана лээ. Өөр сэдвээр аль хэр зурдаг бол?
-Фүжи уул гэлтгүй байгалийн сэдэвтэй олон сайхан зураг нь үзэсгэлэнд тавигдсан.
-Харүмафүжи аварга үзэсгэлэнгийнхээ орлогыг хүмүүнлэгийн үйлсэд хандивлана гээд зарлачихсан байна лээ, энэ нь таны зургуудад бас хамаатай юу?
-Үзэгчдийн тасалбарын орлого хүмүүнлэгийн хандив болох юм билээ. Тэгэхээр би ч бас хандив өгсөн гэсэн үг.
Аваргын “Алтан Фүжи” зураг нь дуудлага худалдаагаар нэлээд өндөр үнэ хүрсэн. Тэр мөнгийг монгол хүүхдүүдийн зүрхний эмчилгээнд өгч байгаа юм билээ.
-Сүмогийн ёкозүна хүн ямархуу зураг зурдаг юм бол гэж япончууд их сонирхсон байх даа. Таны зураг юугаараа япончуудын сонирхлыг татав?
-Сүмоч хүн уран зураг зураад үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь бараг л анхны тохиолдол болсон байх гэж бодож байна. Тэр тусмаа “Ничидо Гинза” галерейд урьд өмнө байгаагүй түүх байх аа. Сүмогийн аваргын үзэсгэлэн болохоор хүмүүс илүү сонирхсон байж мэднэ.
Монгол зураачийн хувьд тэр галерейд бид анхдагч нь боллоо. Миний зургийн нүүдэлчин Монголын сэдэв, дүрүүд, тэдний өмсөж зүүсэн нь, өнгө будаг нь, тэр бүхнээр илэрхийлж буй философи нь япон үзэгчдийн сонирхлыг татсан байх.
Японы нэг сурвалжлагч “Таны зургийн дүрүүд яагаад ихэнхдээ эмэгтэй хүн байдаг юм бэ” гэж асуусан. Миний бүтээлийн онцлогийг муугүй олж харсан хэрэг л дээ. Тэр асуулт надад таалагдсан.
Би түүнд нэгд, хоёрт гэж байгаад л хариулт өгөхийг хичээсэн. Эмэгтэй хүн, эх хүнээс хүн төрөлхтөн үүсэлтэй, та бид ч эхээс төрсөн шүү дээ. Тийм болохоор бүхний эх-эмэгтэй хүнийг бүтээлдээ би дээдэлдэг.
Хоёрт нь, эх хүн, эмэгтэй хүн цагаан сүүгээрээ хүн төрөлхтнийг тэжээж тэтгэсэн, өсгөж бойжуулсан их гавьяатай, тийм болохоор би зураг бүтээлдээ дээдлэхээс өөр аргагүй.
Гуравт, орчин үед Монголд эмэгтэй хүний үүрэг эр хүнийхээс илүү болсон, эртхэндээ монголчууд “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэж ярьдаг байв.
Одоо энэ байдал эрс өөрчлөгдөж, эм хүний дотор морь мал байтугай онгоц пуужин, машин тэрэг, байр хаус багтах боллоо гэж монголчууд ярих болсон гээд л тоглоом шоглоомын аястай хариулсан юм.
-Япон жаягаар эхнэр чинь ажил хийдэггүй л байх даа. Ер нь ямар мэргэжилтэй хүн бэ?
-Дөрвөн хүүхдийн ээж байна гэдэг чинь ямар ч ажлаас илүү том ажил юм биш үү. Эхнэр маань эдийн засгийн талын мэргэжилтэй. Миний арын албыг дааж, бас зураг урлангийн маань менежер хийж байна даа.
-Танайх өөрийн байр сууцтай юу. Токиогийн ямар дүүрэгт амьдарч байна вэ?
- Сайтама гэх дүүрэгт манайх хаус түрээсэлдэг.
-Зургийн урлан чинь тусдаа байдаг уу?
-Гэрээс холгүйхэн урлантай.
- Хүүхдүүд чинь ямар сургуульд сурдаг вэ?
-Том охин бага ангид сурдаг, бусад нь цэцэрлэгт явж байгаа.
-Зургийн чинь орлого өртөг өндөртэй Японы амьжиргаанд хэр хүрэлцэж байна вэ?
-Манайхан л Япон өртөг өндөртэй гэж бодоод хэвшчихэж. Яг амьдрал дээр энд тийм ч өндөр биш ээ. Манай нийслэлийнхээс хямд талдаа юм бишгүй бий. Харин манай Монголд л амьдрал илүү үнэтэй болчихсон юм биш үү.
-Эхнэр, хүүхдүүдийнхээ хөргийг зурдаг уу. Тийм зураг гэрт чинь олон уу?
-Миний зурагт эмэгтэй дүр олон бий. Хүмүүс эхнэр чинь үү, охин чинь уу гээд л асуудаг юм. Ганц хоёр зурагт том охиноо зурсан. Энэ удаагийн үзэсгэлэнд ч тэр зургууд тавигдсан байгаа.
-Үзэсгэлэнгээ гаргаж байсан Америк, Австрали, Европ тивийн олон хот, Азийн Токио, Осака, Хонконг гээд л өөрийн чинь бүтээлүүд тарж өгсөн байх.
Саяхан Тайваньд нэг зураг чинь алдаршаад үлдлээ. Монголд зураг чинь аль хэр олон байдаг бол?
-Монголд байгаа найз нөхөд, ойр дотнынхонд бий. Ер нь зураг бүтээл хэнд байна, бас хэн худалдан авч байна гэдэг нь өнөөгийн эрин үед зураачийн нэр төр, үнэлэмжтэй нь холбоотой асуудал болж байна даа.
Саяын энэ үзэсгэлэнгийнхээ үеэр би нэг зургаа зураач С.Цогтбаяр ахдаа дурсгал болгон бэлэглэлээ. Нэг талаас миний хүндэтгэл юм.
Нөгөө талаасаа миний зураг түүний цуглуулгад байна гэдэг бол надад, миний нэр төрд бас хүндтэй юм гэж бодож байна.
-Тайваний олон улсын үзэсгэлэнд монгол зураачийн маань бүтээл өндөр үнэ хүрсэн мэдээг манайхан баяртай хүлээн авсан нь мэдээж. Тэр ямар зураг байв?
-Баярлалаа. Тэнд орон орны 300-гаад зураач бүтээлээ дэлгэсэн юм билээ. Түүнээс зургаан зураачийн бүтээл шалгарч дуудлага худалдаанд орсон. Миний “Хаадын хаан” зураг зургаан сая тайпэй доллараар зарагдсан.
Бусад зураачийн зарим бүтээл түүнээс ч өндөр үнэ хүрсэн шүү дээ. Мэдээж, зургаа үнэ хүргэх сайхан байлгүй яах вэ. Үүнээс өөр нэг сайн тал нь зургийн ертөнцөд өөрийн орон зайтай болж байгаагийн сурталчилгаа юм даа.
Токиогийн “Ничидо Гинза” галерейд үзэсгэлэнгээ гаргалаа гэдэг маань ч нэр төрийн сайн тодотгол. Дэлхийн зургийн ертөнц, нэртэй галерейнууд түүнийг бас харгалзана шүү.
-Та гадаадын зураач, урчуудтай хэр харилцаатай вэ. Тайваний үзэсгэлэнгийн танилцуулгад Буриадын нэрт барималч, уран зургийн ертөнцөд нэрээ дуурсуулж яваа, саяхан Монголын төрийн соёрхолтон болсон Даши Намдаков та хоёрын гэрэл зураг хамтдаа байна лээ. Та түүнтэй найз юм уу гэж асуух гээд байна л даа?
-Би түүнтэй танил биш ээ. Үзэсгэлэнд түүний бүтээлүүд тавигдсан болохоор бид хоёрын гэрэл зургийг хамт байрлуулчихсан байх. Буриадын нэрт зураач Доржи Зоригтуевтай би харин дотно харилцаатай. Тайваний үзэсгэлэнд хамт оролцсон. Америкт олон зураач найз бий.
Мэдээж япон зураач найз гэвэл бүр ч олон. Эндээ од болсон, шивээсэн зургаараа дэлхийд алдаршсан Хориёши гэдэг зураачтай би дотно харилцаатай. Гиннест бүтээл нь бүртгэгдсэн нэртэй зураач хүн л дээ.
Бид хамтарсан үзэсгэлэн гаргахаар тохирсон. Тэр алдартай арван самурайн шивээсэн хөрөг зурах юм. Би арван монгол баатраа зурна. Сонирхолтой үзэсгэлэн болно байх аа.
Сорияма Хажимэ гээд торгон дээр зурдаг нэрт зураачтай би найз. Холливудын “Оддын дайн” кинонд зураачаар ажилласан уран бүтээлч.
-Шинэ онд уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Хэд хэдэн үзэсгэлэн гаргах санаатай. Нью-Йоркийн олон улсын үзэсгэлэнд оролцох урилгатай байгаа. Түүнд бүтээлээ бэлтгэж байна.
Дараа нь Тайпэйн үзэсгэлэнд оролцоно. Есдүгээр сард Монголд бие даасан үзэсгэлэнгээ гаргана.
-Өөрөө аль нутгийн хүн бэ. Эхнэр хүүхдүүд чинь Монголд ирдэг үү?
-Баянхонгорын Баацагааны уугуул. Тэнд бага, дунд сургуулиа дүүргээд, Дүрслэх урлагийн дунд, Соёл урлагийн дээд гээд Улаанбаатарын суугуул болсон.
Тэндээсээ даяанчлаад арваад жил, Японд суурьшаад найм, есөн жил болж байна. Эхнэр хүүхдүүдтэйгээ Монголдоо очилгүй яах вэ.
Энэхүү ярилцлагын дараахан зураач С.Цогтбаяртай таарч Заяа зураачийн тухай яриаг үргэлжлүүлэв. Авьяас чадал нь оргилсон сайн зураач гэдгийг тэрбээр үнэлж байна лээ. Манайхны зураачдаас давуу тал нь түүний маркетинг гэнэ.
Зургууд нь интернэтээр тарж олон зуун мянган үзэгчтэй болж байна гээд жишээ болгож нэгэн зургийн тухай тэрбээр дурдаж ярив. Австри, Герман, Монголын хооронд бизнес эрхэлдэг Оргил гэх залуу Венад байхдаа интернэтийн худалдаанаас Заяагийн нэг зургийг авчээ.
Тэр зураг нь дэлхийн нэртэй зураачдын бүтээлүүдээс шалгаруулсан алдартай “100 Жоконда”-ийн нэгэнд шилэгдэж “Монгол Жоконда” хэмээн нэршсэн юм байна.
Энэ зургийн эзэн залуу С.Цогтбаяртай саяхан тааралдаад тэр зургаа өөрийнхөө эзэмшлийн Супермаркетийн хананд тавьчихал ямар вэ? гэж асуусан юм байх... За энэ ч яах вэ, зургаа хаана байлгах нь тэр эзний асуудал.
Энэхүү нийтлэлийг тэрлэгч миний хувьд эндээс Заяа зураачийн хөрөгт нэмэх нэг тодотгол олоод авсандаа олзуурхаж байна.
“Монгол Жоконда”-г гадагш алдчихаагүй, бүтээл туурвилыг дээдэлж үнэлдэг монгол залуу нутаг орондоо авчирч улмаар монголчууд өөрсдөө үзэж харж таашаал авах боломж бүрдсэн нь бас нэг олзуурхал юм.