Өнөөдөр “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзоригийн 35 насны төрсөн өдөр тохиож байна. Анх “Овжин охид” кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр 2006 оноос “Маск” продакшнаар овоглох болсон билээ.
Тайз, дэлгэцийн олон дүрээр үзэгчдийг хөгжөөдөг Ц.Ганзориг бие даан кино хийхээр зоригложээ.
Тэрбээр “Би ээж болмоор байна” киноны продюсерээр ажиллаж буй бөгөөд киногоо ирэх гуравдугаар сарын 4-нд үзэгчдэд хүргэх гэнэ. Түүнээс төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхлоо.
-Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Сүүлийн гурван жил энэ өдрийг “Маск” продакшны хамт олонтойгоо өнгөрүүлсэн. Ихэнхдээ аялан тоглолтоор явж, бэлтгэл хийж таардаг даа. Найз нөхөдтэйгөө хөгжилдөж өнгөрүүлсэн тохиолдол ч олон юм байна.
-Мартагдашгүйгээр тэмдэглэсэн төрсөн өдрийн дурсамжаасаа хуваалцаач?
-Би хамгийн анх “Овжин охид” киноны Сампилын дүрд тоглосон шүү дээ. Тэр киноны зургийг авахуулж дуусаад, дуу оруулж байхад миний төрсөн өдөр таарсан.
“Орчлон фильм” студид өдөржингөө кинонд дуу оруулж төрсөн өдрөө өнгөрүүлж билээ. Анхны уран бүтээлдээ тоглож байх үед тохиосон болохоор тэр үеийг мартдаггүй.
-Багадаа энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг байв?
-Төрсөн өдрөө болохоос нэлээд хэд хоногийн өмнөөс л догдлоод, хоног тоолж хүлээдэг байлаа. Дөхөх тусам өдөр өнгөрөхгүй байгаа юм шиг санагдаад л. Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ л тэмдэглэнэ.
Ээж минь сайхан хоол хийж, ширээ засаад л. Цагаан сараар айл хэсэхээрээ “Саяхан миний төрсөн өдөр болсон шүү дээ” гэж хэлээд давхар бэлэг авдаг байлаа.
-Та ямар бэлэг авах дуртай вэ?
-Сүүлийн үед нас яваад тэгж байгаа юм уу, их горьдомхой болоод байна (инээв). Гэр бүлийнхнээсээ бэлэг хүлээдэг болсон байна. “Чи надад юу өгөх гэж байгаа вэ” гэж асуугаад л, юу ч хамаагүй авчихмаар санагдаад байдаг.
-Төрсөн өдрөөрөө авсан хамгийн гоё, сэтгэлд үлдсэн бэлэг юу байв?
-Хамт олон маань их гоё гэнэтийн бэлэг барьдаг. Дор бүртээ бэлэг өгөхөөс гадна сайхан урмын үгс хэлдэг. Тэр нь мартагддаггүй. Дурсгалын зүйлс нэлээд бий.
-Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
-Ээждээ цэцэгт мэндчилгээ захиалчихсан байгаа. Өдөр тоглолтын бэлтгэлтэй болохоор очиж амжихгүй байх. Орой арга хэмжээнд оролцох ёстой. Тэгэхээр бас л ажлаа хийж өнгөрүүлэх нь ээ.
А.ХАЛИУН