Монголын орчин цагийн шилдэг поп дууг англиар дуулан монгол угсаатан төдийгүй олон улсад монгол дуу аялгууг түгээн дэлгэрүүлэх, монголын соёлын нөлөөллийг өргөжүүлэх зорилготой БСШУ-ы сайдын санаачилгаар "Монгол дуу-дэлхийд" анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болсон билээ.
Тэгвэл өнөөдөр зохион байгуулагч БСШУ-ны сайд Л.Гантөмөр, хамтран зохион байгуулагч УГЗ Б.Долгион, дуучин Х.Номинжин нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны 8 дугаар сард зарласан тус уралдаан энэ сарын 29-ны өдөр эхлэх бөгөөд 100 оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.
Уралдааны зохион байгуулагчаар УГЗ Б.Долгионы "Doly production" ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үеийн телевизийн шоунуудаас ялгаатай нь шүүгчид оролцогчдоо сугалаагаар хуваан авч продюсинг хийж дасгалжуулж өрсөлдөх юм.
Мөн шат тус бүрд Филиппин, АНУ-аас зочин ирж оролцох юм.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Бидэнд долоон тэрбум хүнд оюуны бүтээлээ худалдах боломж бий. Энэ уралдаан зөвхөн дууны уралдаан биш, Монгол шүлгийг хэрхэн англи хэлэнд хөрвүүлэх вэ, гадаад хүнд ямар сонсогдох вэ гэх зэргээр ажиллаж байна. Энэ удаа англи хэлээр зохион байгуулж байна. Цаашид Япон, Оросын зах зээлийг харж, судлах болно" гэжээ.
Уралдааны тайлан тоглолтын үеэр шилдэг дөрвөн оролцогч шалгаруулахаас гадна шилдэг дуунуудаар цомог гаргах юм. Уралдаан энэ сарын 29-ний баасан гаригт 25-р суваг, UBS music, Star tv, VTV, Royal tv, 11 channel, World, SCH, Парламент зэрэг сувгаар цацагдаж эхэлнэ.