Хэдхэн сарын өмнө “Маш нууц” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Фантастик” продакшны залуус тун удахгүй ээлжит уран бүтээлээрээ тэсрэлт хийх нь бололтой. “18 НАС. Бэлэг удахгүй задарна” гэсэн мессэж бүхий тэдний шинэ уран бүтээлийн сураг аль хэдийнэ олон нийтийн сүлжээгээр таржээ.
“Миний ах атаман”, “Том толгойтын романс”, “Аз жаргалын шок” зэрэг өмнөх бүтээлүүд нь араасаа дандаа амжилт дагуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан тэд энэ удаа ямар киногоор бэлэг барих бол гэдэг үзэгчдийн сонирхлыг их татаж байна. Ямартай ч, тэдний шинэ бүтээл “18 НАС” нэртэй залуусын амьдралыг өгүүлсэн, сонирхол татах сэдэвтэй кино байх гэж үзэгчид таамаглаж байгаа юм. Удахгүй Валентиний баяр тохионо. “Бэлэг удахгүй задарна” гэдэг нь магадгүй гэгээн хайрын өдрийг тохиолдуулан нэгэн шинэ бүтээл төрөхийг өгүүлсэн ч байж мэднэ.
Кинонд “Фантастик” продакшны уран бүтээлчдээс гадна МУСТА Д.Бямбацогт, Б.Эрдэнэцэцэг нарын туршлагатай уран бүтээлчид ч дүр бүтээж байгаа ажээ. Ийнхүү үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй нэгэн нууцлаг уран бүтээл ирэх Валетиний баярын гол үзвэр ч болж мэдэх нь.