Морин хуурын чуулгынхан жил бүрийн Сар шинийн баярын өмнө "Гайхамшигт ардын дуу" тоглолт хийж үзэгчдээ угтан авдаг билээ. Тэгвэл энэ жил ширэн цартай морин хуураа алдаршуулж, ая данг нь түгээхээр ардын болон уртын дуугаа дээжилсэн "Жингийн цуваа" тоглолтыг хийхээр болсон байна.
2016.01.25-ны 12.00 цагт Улсын филармонид "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Цаг үеийн шаардлагаар нэгэн үе монголчууд ширэн цартай хуураа барихаа больж, дуугаралт, эдэлгээг нь бодолцон модон цартай болгон өөрчлөн хэрэглэж байлаа. Гэхдээ уламжлалаа хэзээ ч мартаж болохгүй. Сэтгэлд дотно сонсоддог ардын дуу, уртын дууны нарийн уянгыг ширэн цартай хуур л түгээдэг билээ. Тиймээс энэ сарын 28-нд Морин хуурын чуулга, морин хуурч Амарбаярын "Жингийн цуваа" тоглолт ардын сайхан аялгууг ширэн цартай хуураараа амилуулах нь. Тоглолтын тухай хэвлэлийн бага хуралд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Р.Амарбаяр, "Хан мюзик" ХХК-ийн захирал, хуур урлаач Д.Уламбаяр, ширэн цартай хуур хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭДКС компанийн захирал С.Эрдэнэ нар оролцоно. Холбогдох утас 89242525. Тоглолтын сурвалжлага хийж, жинхэнэ монгол аялгууг шимтэн сонсож, олондоо мэдээлэл түгээхийг хүссэн сэтгүүлч болгоныг тэд "Жингийн цуваа"-д урих юм билээ.