Харлайж хүрлийж харагдах төмөр хаалга. Түүний урдхан, дотор нь аймшиг хийгээд аз жаргалын чухам аль цэцэглэж буй нь үл мэдэгдэх энгийн хийцтэй бор модон хаалга. Бас, үлгэр, диваажингийн оронд хүргэх үүд ч байж болохоор, аль эсвэл дотор нь үзэсгэлэнт бүсгүй сүйт хархүүгээ харуулдан суугаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр гоёмсог хээтэй гээд хэд хэдэн төрлийн хаалганы дунд нэгэн залуу гацжээ. Хүний ертөнцийн бус, ийм өвөрмөц орчилд төөрчихвөл та аль хаалгыг нь сонгох вэ. Залуу хаалга, хаалгаар нэвтрүүт өнөөх нь дээшээ хөөрсөөр, эргэж буцахын завдал өгөлгүй талийж одно. Түмэн янзын хийцтэй хаалгануудын цаана биднийг яг юу хүлээж буйг мэдэхгүй ч шагайж үзэхээс өөр зам байдаггүй шиг амьдралын энэ урт замд тааварлашгүй зүйлүүд тосож, жам ёсоор нь туулах шаардлага гардгийг дээрх дүр зураг илэрхийлэх мэт.
Залуу эр гоёмсог хаалга руу ойртох гэтэл өнөөхийг хэн нэгэн дотроос нь тогшиж, бүр айлгачихав. Яг л, сайн сайхнаар төсөөлж байсан зүйл ч аюултай байж мэднэ гэдгийг сануулах шиг. Залуу зүүдэлсэн байжээ. Тэр эмнэлэгт байгаа. Хүнд өвчин туссан хүн л яг тэр зүүдэн дээрх шиг олон үүдэнд тулж, заримдаа хаалга “мөргөж”, ганцаарддаг болов уу. “Увертюра” хамтлагийнхны гол дүрд нь тоглосон “Надад үлдсэн найз” мюзиклийн бэлтгэлийг сурвалжлахаар УДЭТ-ийг зориход ийм зураглал угтав. Тэд уг бүтээлийнхээ нээлтийг маргааш хийж, 24 хүртэл толилуулах юм. Тус хамтлагийн Г.Пүрэвдагва Итгэлд, А.Шинэбаяр Сэргэлэнд, Ж.Ганбаатар Төмөрөөд, Л.Ренчинням Азаагийн дүрд тоглосон бол эмчид Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, өвчтэй залуугийн ээжид Нармандах, охиноо амьдруулахын тулд бүхнээ зориулахад бэлэн эмэгтэйн төрхийг Баясгалан бүтээж буй юм байна.
Азаа анд, найз гэдэг үгийг бараг л өгүүлбэр бүртээ урсгаж байв. “Таньдаг бүхнээ найз гэж болох ч жинхэнэ нөхөр үйлдлээрээ ялгардаг. Ийм нандин үгийг дотор муухай оргитол, ямар их хэлдэг юм бэ дээ. Найзуудын нөхөрлөлийг харуулсан мюзикл болохоор ингэж байгаа юм байх даа” гэж бодож суутал загатнасан газар маажих шиг болж Азаагийн аяглалын учир тайлагдав. Итгэл Азаад энэ үгийн үнэ цэнэ, утга учрыг тайлбарлаж өгч буй нь тааралдсан хүн бүрийг найз гэж дууддаг олон үзэгчид “мессеж” өгөх биз ээ. Мэргэжлийн жүжигчин биш болохоор ч тэр үү, жүжиглэх ур чадварын хувьд тэр дөрөвт засах, өөрчлөх зүйл багагүй харагдсан. Тухайлбал, Итгэлийг ухаан алдахад найзуудынх нь сандарч буй байдал үнэмшилгүй санагдсан. Гэхдээ хоорондоо дэндүү сайхан хоршдог тэдний хоолой энэ бүхнийг “өршөө” гэх шиг бүтээлийг амилуулах шидтэй юм билээ. Найз гэдэг гэгээлэг, сайхан үг. Найз ээж, аав шиг эрхэм нандин, дотно сайхан. Найзын тухай зохиол уншиж, дуу сонсох ч сайхан. Тэгтэл нөхөрлөлийн амьд харилцааг нүдээрээ харж, чихээрээ, сэтгэлээрээ сонсож, бараг л хүртэхүйгээс бусад мэдрэхүйгээрээ хүлээн авна гэдэг сайхныг нь хувь илүүг мэдрүүлж, нулимс мэлмэрүүлчих гээд л байлаа. Мюзиклд зориулж “Анир” студийн захирал, продюсер Б.Алтанхуяг уярам дуунуудыг зохиосон нь найзтай хүн бүрийн зүрхэнд үнэхээр хүрэхээр юм аа. Ямартай ч, анхнаасаа л төгсгөл нь ойлгомжтой байдаг зохиолоос энэ өөр аж. Зүрхний өргөсийг сайн нөхөр л авч чадна гэдэгчлэн эдгэрэшгүй өвчин туссан Итгэл найзуудынхаа хүчээр амьдрах ч юм бил үү.
Бид заримдаа аливаа юмсын үнэ цэнийг байхгүйд нь илүү мэдэрдэг гэдэг дээ. Тоглолтод олон өнгийн нүд гялбуулам гэрэл ашигладаг нь ойлгомжтой, бид түүнд нэг их ач холбогдол өгч боддоггүй ч жүжигчдийн үйл хөдлөл, зохиолын санаа, агуулга бүрийг илэрхийлэхэд хэчнээн их нэмэр болдог юм бэ. Илэрхийлэх санаа бүрээ өөр өөр гэрлээр зурж, минут секундтэй нь тааруулна гэдэг их хөдөлмөр аж. Нээлтээ хийхээс хоёр хоногийн өмнөх бэлтгэлийн үед тэд жүжгээ сургуулилахаасаа илүү гэрлээ тохируулахад анхаарч байлаа. Театрын үндсэн жүжигчид зөвхөн дүрээ хэрхэн сайн гаргах вэ гэдэгт л санаа тавьдаг бол бие даан уран бүтээл туурвиж буй “Увертюра” хамтлагийнхны нуруун дээрх ачаа их. Тэд жүжиглэж, дуулахаас гадна зарим жүжигчнийхээ хувцас хэрэглэлийг хямгадах, эмнэлэг рүү ярьж ор гуйх зэрэг асуудлыг өөрсдөө гардан хийж байв. Уг мюзиклийн уран бүтээлчид энд өөрсдийн гэсэн өрөөгүй болохоор бэлтгэлийн үеэр үзэгчдийн суудалд бүх юм нь зуун задгай байлаа. “Надад үлдсэн найз” зохиолыг “Милл” кино компанийн Б.Мөнхбат бичиж, Л.Лхагважаргал найруулж, ерөнхий зураачаар нь УДЭТ-ын Т.Түмэн-Өлзий ажиллаж байна. Хоёр бүлэг, найман үзэгдэлт бүтээлийн тайзанд лед дэлгэц ашиглан зарим үйл явдлыг үзүүлснээрээ онцлог болжээ. Мөн СУИС-ийн бүжгийн ангийнхан чимэг нэмсэн байв. Пүрэвдагваас сэтгэгдлийг нь хуваалцахад “Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхад тайзны яриа, уран чадварын хичээл орж байсан ч театрын орчинд, мэргэжлийн уран бүтээлчидтэй ажиллах үнэхээр өөр юм байна. Таван жил мэргэжил эзэмшиж байж жүжигчид тайзнаа гардаг байхад бид арай л зоригтой бөгөөд мунхаг алхам залуу насныхаа эрчээр хийжээ. Зохиолдоо амьдарч, дүрийнхээ мөн чанарыг үзэгчдэд таниулахын зэрэгцээ бүжиглэж, дуулж, инээж, уйлах зэрэг сэтгэл хөдлөлийг гаргах хэцүү юм байна. Үзэгчдэдээ нөхөрлөлийн мөн чанарыг харуулахыг хичээж байна. Мюзиклд бидний 15 шинэ уран бүтээл багтсан. Тайзны уран бүтээлээ системтэйгээр хэд хэдэн удаа үзэгчдэд толилуулж, цомог, DVD хувилбараар гаргана” гэв. Тэр бүр театрын тайзнаа гарахаа больсон, “ховрын хүн”-тэй хамтран ажиллаж буйгаараа тэд азтай. Ц.Төмөрбаатар гуай ч туршлага мэдэн, тэдэнд үе үе зөвлөж байв. Тэрбээр криминалист гэдэг үгийг нэг л донжтойгоор байсгээд л амандаа бувтнав. Хазгай муруй хэлэхээс зайлсхийж орос үгээр хэлээ зүгшрүүлдэг арга барилтай болов уу гэж таамагласан минь буруу байжээ. Итгэлийн өвчний оношийг л хэзээний эмч шиг түүртэхгүй хэлэх гэж бэлдэж буй нь энэ аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Хамгийн сүүлд ямар жүжигт тоглосон бэ
-Их удсан даа. “Х-ТҮЦ” хамтлагийн “Аянгын бороо” жүжиг, сайн ноён хан Намнансүрэнгийн тухай, Улаанбаатар чуулгынхны тавьсан “Ай на на” дуулалт жүжигт тоглоод 10-аад жил болчихов уу даа.
-Тийм удаан театрын тайзнаа гараагүй хэрнээ яагаад мэргэжлийн бус жүжигчдийн саналд зөвшөөрсөн бэ?
-Залуу уран бүтээлчид өөр чиглэлээр авьяасаа сорьж байхад нь тусалж, дэмжих хэрэгтэй. Би дуулахгүй л дээ. Надаас бусад бүх жүжигчин дуулж байгаа. Миний дүр, энэ жүжгийн гол гогцоо болсон эмч хийсэн үйлийн үрээ үүрч, гэм нүглээ түмэнд илчилж, улайдаг. Жүжгийн гол зангилаа болсон тэр хэсгийг би дуугаар яагаад ч илэрхийлж чадахгүй. Тиймээс “Би мэргэжлийнхээ дагуу монгологи хэлбэрээр тэр хэсгийг илэрхийлье” гэж найруулагчид санал тавьсан юм. Залуучууд сайхан дуулж байна.
-Тэдэнд юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Дуучид ч гэсэн дуугаа амилуулахын тулд дүр бүтээдэг. Тиймээс дүрээ маш сайн боловсруулж байх хэрэгтэй. Хүнээр зөвлүүлснээс өөрөө бодож, дүрээ ургуулж босгосон нь илүү үр дүнтэй. Өөрөө эргэцүүлж боловсруулсан юм гэдэг өөрийн мэт болж, их бага хэмжээгээр амжилт үзүүлдэг.
-Тэгвэл та дүрээ хэрхэн ургуулсан бэ?
-Эсрэг дүр буюу тархины мэс засалч болж тоглож байгаа. Энэ дүрд тоглоход надад өмнө нь таарч байгаагүй, мэдэхгүй асуудал тулгарсан. Хүн өөрийнхөө хүүхдийг амьдруулахын тулд бусдынхыг золиослох уу, үгүй юу. Эсвэл өрөөлийн үрийг бодоод өөрийн хүүхдээ амь тавиулах уу. Эмчийн хэллэг, жор, оношийг судлахаар мэргэжлийн хүмүүстэй ярихдаа эмчийн ёс зүйн тухай бодсон. Тэгээд би дүрдээ эмч хүний үүднээс биш хувь хүн талаасаа тоглох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Үзүүлэх төрх нь эмч боловч энэ бүхнийг хувь хүн л даван туулж байгаа шүү дээ. Эргэцүүлээд байхад хүн өөрийнхөө хүүхдийг л эхлээд боддог юм байна. Энэ тухай олон хүнээс асуухад “Мэдээж өөрийнхөө хүүхдийг л аврахын төлөө хичээнэ шүү дээ” гэсэн.
-Зохиол нь ямар санагдсан бэ?
-Ганцхан гол үйл явдлаар зангидсан зохиол. Найзууд хоорондоо муудалцаж, сайдалцах, болгоомжгүй үйлдэл хийх, янз бүрийн юм тохиолддог. Түүний үр нөлөөг бодож үйлдлээ хийж, бие биедээ болгоомжтой хандахгүй бол нэгнээ алдаж мэдэх юм байна. Найзыгаа бодохгүй хэнэггүй явбал муу санаатай улсад ашиглуулах явдал манай нийгэмд байна гэдгийг зохиолоороо хөндсөн юм билээ гэв.
Эдгэрэхийг чинь айсуй баяр мэтээр хүлээж авдаг хүмүүс байдаг гэж бодохоор өвдөх ч сайхан гэх Антон Чеховын хэлсэн үгийг санаандаа ургуулсаар театраас гарлаа. Харин тэд хоёрхон хоногийн дараа үзэгчдэд тайлангаа тавих учир (маргааш) зүрхэндээ догдлолтой бэлтгэлээ базаасаар хоцорсон. Энэ шөнө (өчигдөр) тэд гэртээ ч очиж амжихгүй байж магад.