Австралийн залуу найруулагч Бенж Бинкс 2004 онд Монголд ирэхдээ талаар нэг давхилдсан морьтон эрс, хээр хөдөө, дээл өмссөн хүүхдүүд гүйлдэхийг харна хэмээн төсөөлж байсан гэнэ.
Харин түүнийг орчин үеийн барилгууд, хөгжилтэй хөл нийлүүлэхээр зүтгэж буй улс угтсан нь гайхашруулсан гэдэг. Түүнийг гайхуулсан бас нэг зүйл бол реп, хип хоп уран бүтээлчид байлаа.
1990-ээд оноос Монголын залуус гадаадын хамтлагуудыг даган дуурайж, тэдний хэв маягаар хувцаслаж, тэр ч бүү хэл уг урсгалаар уран бүтээл хийж эхэлсэн. Тэдгээрийн анхдагч нь яах аргагүй “Хар сарнай” хамтлаг.
Монголын эстрад буюу рок поп урлагт шинэ өнгө нэмэн мэндэлсэн уг хамтлаг 1992 онд байгуулагджээ.
“НАЙРАМДАЛ”-Д ТАНИЛЦАВ
Хүүхэд бүрийн амрах дуртай “Найрамдал” зусланд 1991 онд “Хар сарнай” хамтлагийн гишүүд танилцжээ. Бас ч үгүй гадаадын хүүхдүүд амардаг олон улсын ээлжээр гэнэ шүү. Тухайн үедээ урлаг, спортын авьяастай, манлайлагч хүүхдүүд л амардаг байсан тэр ээлжинд С.Амармандах, Б.Баяржаргал нар хамт явж таарчээ.
Дөнгөж аравдугаар анги төгсөөд байх тэр үеийнхээ тухай Б.Баяржаргал “Найрамдал” зуслан руу явахад найзууд маань гаргаж өгсөн юм. Нэлээд олуулаа очсон доо. Цаана бас хэсэг хүүхэд нэгийгээ гаргаж өгөх гэж байгаа бололтой цугласан байлаа.
Автобус хөдлөхөд тэдэн дундаас Амараа л суусан юм. Бид замдаа танилцаж, зусланд очоод нэг бүлэгт хуваарилагдаж билээ. Авч очсон шүтдэг хамтлаг, дуучдынхаа зургийг хуваарилагдсан өрөөндөө ороод орныхоо хажууд хадчихлаа. Амараа ч бас тэгж байна.
“New kids on the block”, “East 17”, “MC Hammer”, “Vanilla eyes” хамтлаг жинхэнэ хит болж байлаа. Бидний сонирхол яг адилхан байж таарсан” гэж дурссан.
Бас хамтлагийн хоёр нэг оны, нэг сард, нэгнээсээ наймхан хоногийн зайтай төрсөн аж. Эндээс тэдний нөхөрлөл, ирээдүйн “Хар сарнай” хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан аж.
ООНЫН ЭВЭР ШИГ ХОЁУЛАА
Урлагт нэгэнт дурлачихсан, урлагийн гэр бүлд өссөн тэд бүжиг, дуу хосолсон хамтлаг байгуулах талаар ярилцаж эхэлжээ. Ингээд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Цаг хугацаа, амьдралын эрхээр хоёулхнаа үлдэж. “Хар сарнай” хамтлагийн анхны дуу “Тийм биз дээ”.
Анхны дууныхаа фонограмыг “Хөх тэнгэр” хамтлагийн бэлтгэлийн байранд, тус хамтлагийн дуучин Б.Дашдондогоор хийлгэсэн гэнэ. Эхний дуунаасаа урам авсан тэд дараа дараагийнхаа дуунуудыг зохиох их хүсэлд автжээ.
Яг энэ үед С.Амармандахын ээж хүүдээ “Casio” даралтат хөгжим бэлэглэсэн нь маш их дэм болж, улам ч хөглөсөн гэдэг. Мөн Соёлын төв өргөөний дууны техникч Майдараар нэлээд олон дууны бичлэг хийлгэжээ.
“Тухайн үеийн студиуд одоогийнх шиг байгаагүй шүү дээ. Дуулж байгаад түр зогсоно, эффект өгнө гэж байхгүй. Нэг л дуулж эхэлсэн бол алдаж болохгүй. Алдвал дахиад л эхэлнэ. Дамранд бичүүлсэн дуунуудаа хуурцагт хуулж аваад бөөн баяр болдог байж билээ” гэж С.Амармандах дурссан.
Анхны дуунуудаа хүмүүст сонсгоход их цочир, гайхан хүлээж авчээ. Гэвч тэд шантраагүй. “Бүтээнэ, сөнөөнө”, “Миний нутаг”, “Шувууд”, “Шөнийн охин”, “Аз жаргал хүсье” гээд “Хар сарнай”-н хит дууг тоочоод байвал дуусахгүй.
Тэдний дуунууд эрч хүчтэй шигээ нийгэмд хандсан үгтэй байснаараа эргэлт хийсэн. Удалгүй МҮОНТ-ийн “Хит” нэвтрүүлэгт зочноор оролцож, “Чиний зураг”, “Супер” сэтгүүлд ярилцлага нь нийтлэгдэж эхэлсэн юм.
“БҮТЭЭНЭ, СӨНӨӨНӨ”
“Хар сарнай” хамтлаг “Бүтээнэ, сөнөөнө” хэмээх анхны тоглолтоо Ардын дуу бүжгийн чуулгад хийв. “Цагаан даавуун дээр зуруулсан сурталчилгаагаа өлгөж, гудамжинд зурагт хуудас наагаад л.
“Сарны титэм”-ийн урд хуурцаг худалддаг ТҮЦ-т хуурцгаа өгч, дуугаа явуулдаг байсан даа. Өөрсдөө захаас материал авч, хувцасаа хийлгэсэн. Харин тоног, чимэглэлийг нь өөрсдөө хийсэн шүү. Ингэж л цацагтай өмд, мөрдэстэй хантааз, араб алчууртай болж байлаа” гэж тэд хуучилсан.
Дуу зохиохдоо бүжгээ зэрэг дэглэдэг байсан нь “Хар сарнай”-н онцлог. Ингэж байж үзэгчдэд цогц уран бүтээл хүргэнэ гэж боддог байсан аж. Эхний тоглолтын дараа “Хар сарнай”-г зөвхөн аав ээжүүд нь биш, үзэгчид сонирхож эхэлжээ. Шинэ, содон, этгээд гэсэн урмын үгийг ч сонсох болсон байна.
Үүний хажуугаар “Шүлэг, дуу нь мэдэгдэхгүй сонин юм хийлээ” гэсэн хатуу үгсийг ч ахмадуудаас сонсож байжээ. Тэд улам хурцлагдаж хамтлагаа хүмүүст таниулах, чанартай уран бүтээл хийхийн тулд хамтдаа XIII хороололд амьдарч эхлэв.
Тун удалгүй “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан тэднийг анхны рок попын томоохон хэмжээний тоглолтод оролцуулжээ. Ингээд “Хар сарнай” Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд реп техно урсгалын төлөөлөгч болон цойлж эхэлсэн юм.
Тэдний бас нэг доргио тоглолт нь “Хас” цомгийн баяр байсан. Тэд хамгийн сүүлд 2010 онд Төв талбайд “Бид эх орондоо хайртай” тоглолт хийсэн билээ. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард долоон хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолтод нэгдэн, өөрсдийн дуу хоолойг өргөсөн юм.
ХАМГИЙН ИХ БОРЛОГДСОН ЦОМГИЙН ЭЗЭД
1996 онд Монголд дуу бичлэгийн анхны студи “Сонор” нэртэйгээр байгуулагдав. Энэ студийн хөгжмийн найруулагч нь Н.Халиун байлаа. “Сонор” студийнхэн хамгийн анх “Хар сарнай” хамтлагийн цомгийн бичлэгийг хийсэн гэдэг.
Тэр бол “Бүтээнэ, сөнөөнө”. Хамгийн их борлуулалтай цомгоор “Бүтээнэ, сөнөөнө” шалгарч байв. Б.Баяржаргал “Сонгуулийн үеэр орон нутгаар аялан тоглолтоор явдаг байлаа.
“Никитон”, “Камертон” хамтлагтай их санаа нийлж, хамт явдаг байсан даа. Өөрсдийгөө ХАНИКА гээд нэрлэчихнэ. Нэг үгээр реп техно, а-капелла буюу дөрвөл, софт рок урсгалын анхдагчид хамт тоглодог байсан гэсэн үг.
“Сонор” студи байгуулагдсан даруйдаа манай гурван хамтлагийн цомгийн бичлэгийг хийсэн дээ” гэсэн. “Бүтээнэ, сөнөөнө” хуурцгийг ч худалдаанд гаргажээ. С.Амармандах “Тухайн үед Германаас машин оруулж ирдэг наймаачид цөөнгүй байсан. Тэдний хамгийн их авдаг хуурцаг нь манайх байсан гэдэг.
Дандаа эрч хүчтэй, хэмнэлтэй дуутай болохоор тэр байх. Тэр хуурцагт “Шувууд” гэж уянгын дуу бий. Тэрийг алгасаад л бусдыг нь сонсож явсаар нутагтаа ирдэг байсан гэлцдэг” гэж ярьсан юм.
“Хар сарнай” хамтлаг “Бүтээнэ, сөнөөнө” цомгоос хойш “Дайтна ч, мөргөнө ч”, “Зүгээр л сонс”, хоёр гишүүний тус тусдаа гаргасан цомгуудтай нийлээд найман цомог “эх барьжээ”.
ОДДЫН ӨВЧИН ТУССАН НЬ
Хамтлагийн хоёр нэг хэсэг тус тусын мөрийг хөөв. Энэ тухайгаа тэд “Бид залуу байлаа. Нэг үгээр “оддын өвчин” туссан. Бас бидний дундуур “яс хаясан” хүн олон бий. Нэгэнд нь очиж нөгөөг нь муу хэлдэг, хоёр бие рүү нь эсрэгцүүлчихсэн. Залуу насны ааг омог, хор шарандаа хоёр биедээ тунирхаж хамтлагаа бутаргасан үе бий.
Гэхдээ бид одоо хамт байгаа нь чухал. Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлдсэн” гэсэн юм. Энэ хэсэг хугацаанд Б.Баяржаргал дүү Б.Баярмагнай, “Хар тас” хамтлагийн гишүүн Марка буюу Бадмаараг нарын хамт МХМ хамтлаг байгуулж, дөрвөн жилийг үджээ.
Харин С.Амармандах хамтлагийнхаа бүжигчидтэй уран бүтээлээ үргэлжлүүлж байсан юм. “Урлагт нэг л орчихсон бол гарч чаддаггүй юм билээ. Хамтлаг бутарсан тэр хэсэг хугацаанд боливол больчихоор шүү дээ. Гэтэл бид чадаагүй” гэж Б.Баяржаргал одоо ч ярьдаг. “Next star” продакшнаа байгуулсныхаа дараа “Хар сарнай” эргэн нэгджээ.
Энэ студиэс “Next” хамтлаг, дуучин Ану, A cool нарын олон дуучны уран бүтээлүүд төржээ. Түүнчлэн дүрс бичлэгийн студи, бүжгийн болон хөгжмийн сургалт хичээллүүлж эхэлсэн байна. “Тайзан дээр зүгээр нэг зогсоод дуулчихдаггүй, бүх дуундаа зориулж бүжиг дэглэдэг болохоор амаргүй л дээ.
Заавал эрч хүчтэй, цоглог байхаас аргагүй. Манай хамтлагийн сонсогчид ч биднээс ийм зүйл хүлээдэг болчихсон. Сүүлийн үед тайзан дээр бүжиглэж байгаад бэртэх вий гэж эмээдэг болоод байна.
Гэхдээ л яагаад ч юм тайзан дээр гарангуут бие хөнгөрөөд, сэтгэл гэгэлзчихдэг. Бид хоёр хэзээ ч зүгээр зогсоод дуулж чадахгүй байх” гэж тэд ярьсан.
25 ЖИЛИЙН ДАРАА Ч ХАМТ
Монголын хүүхдийн ордны “Цэцэг” хамтлагийн бөмбөрчин Маадай, Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангийн сурагч Амараа нарын нөхөрлөлөөс эхэлсэн “Хар сарнай” хамтлаг ирэх онд 25 нас хүрэх нь. Тэд 1992 онд “Агшин” уран сайхны кинонд тоглосон.
Энэ киноноос хамтлагийн түүх, тухайн үеийн залуусын стиль, сонирхлыг харж болно. Харин 2009 онд тус хамтлагийн гишүүн Б.Баяржаргал “9009” уран сайхны киноны зохиолыг бичиж, продьюсерээр ажилласан юм.
Энэхүү кинонд 1990 болон 2009 оны залуусын хайр дурлал, нөхөрлөл, амьдралын тухай харьцуулан үзүүлдэг билээ. Харин одоо нар, сар, гал, хас тэмдгийг бэлгэдлээрээ сонгосон тус хамтлаг 25 жилийн ойгоо угтсан олон ажил төлөвлөжээ.
Тухайлбал, хит дуунуудаасаа шилж цомог гарган, тоглолт зохион байгуулах гэнэ. Түүнчлэн шинэ дуунуудаа ч цомог болгох аж. Ховор, нандин гэдгээр нь бэлгэдэж хамтлагтаа “Хар сарнай” нэрийг сонгосон тэд одоо ч Монголын орчин үеийн хөгжмийн урлагт үнэ цэнэтэй хэвээр.
А.ХАЛИУН