Насны бурхан хэмээгддэг Цагаан дарь эхийг нэг өдрийн дотор бүтээж, засал хийдэг уламжлал бий. Өндөр гэгээн Г.Занабазарын тигээр бурхан бүтээхийн зэрэгцээ хаврын тэргүүн сарын шинийн 8-нд монголчуудынхаа буян заяаг тэгшлэн, биет бус соёлын өвийг сурталчлах зорилгоор Богд хааны ордон музейн хамт олон “Нэг өдрийн цагаан дарь эх бүтээх үйл ажиллагаа”-г дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй.
Өмнөх жилүүдэд бүтээсэн Цагаан дарь эхийн хөрөг болон тус музейн сан хөмрөгт хадгалагддаг олон янзын Цагаан дарь эхийг энэ өдөр үзэх боломжтой. Хоёрдугаар сарын 17-нд энэ арга хэмжээ болох бөгөөд бүтэн өдрийн турш бурхан бүтээхийг харж амжихгүй ч ядаж л бурхан бүтээх тиг ямар байдаг, монгол урчууд хэрхэн хөдөлмөрлөдгийг үзэх боломжтой.
Энэ удаа урлаач Т.Жамъянсүрэн болон Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн оюутнууд хамтран мухар тохойн чинээ буюу 30х40 см хэмжээтэй Цагаан дарь эхийг хоёр нарны хооронд бүтээх юм.