Америкийн сэтгүүлч Барбара Гростарк 1980 оны аравдугаар сард “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноноос ярилцлага авсныг Английн зохиолч, сэтгүүлч, радиогийн хөтлөгч Хантер Дэвис “Битлз”-ийн итгэмжлэгдсэн намтар” номдоо оруулсан байдаг.
Ж.Ленноны хувьд энэ нь хэвлэлийнхэнд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлага байжээ. Ливерпулийн дөрвөл, домогт “Битлз” хамтлагийнхан олон орны сонин, сэтгүүл, телевиз, радиод өгсөн ярилцлага, бичлэг зэрэг баримтуудыг нэгтгэн, эмхтгэж хэвлүүлснээрээ энэ ном намтарчилсан бусад бүтээлээс онцлогтой гэж үздэг юм билээ. Домогт хүн Жон Ленноны сүүлчийн ярилцлагыг товчлон хүргэе.
“Мөрөөдөл дууссан” гэж Жон бидэнд сануулсан юм. Бодит амьдрал руу буцах цаг хэдийнэ болжээ. Үнэндээ бол тэрбээр АНУ-д амьдрах эрхийнхээ төлөөх урт удаан хугацааны тэмцлээ 1975 онд хүү Шоныгоо мэндлэхээс өмнөхөн дуусгаснаар олон нийтийн анхаарал, хараанаас гадуур байх болсон билээ.
Нөгөөх алдартай “Битлз”, Жон Леннон “зүүдэнд” л үлдэж, эрт урьдын цагт гэдэг шиг домог болсон. Одоо бол “Леннон таван орон сууц нэгтгэсэн хорин найман өрөөтэй гэртээ мотоцикльтойгоо давхиж, “Битлз”-ийнхээ пянзыг сонсонгоо буурал үсээ тоолоод суудаг болсон” гэх сураг, элдэв яриа л хааяахан сонсогдох болжээ.
Тэр ч байтугай, нэг сурвалжлагчийн бичсэнээр бол тэрбээр нэгэн рок клубт нэр алдраа сахин хамгаалах “бэлгэ тэмдэг” болон суудаг ажилтай, өөр нэгнийх нь ярьснаар үнээний фермтэй “болсон” ч гэх цуу үг явж л байдаг. Үнэхээр тийм гэж үү? Тэр хүн чухам хаагуур, юу хийгээд яваа юм бол?
...Би Жон, Йоко хоёртой “Double fantasy” (Ленноны сүүлчийн цомог) цомгийн бичлэгийн үеэр уулзсан юм. Ж.Леннон надтай ливерпуль маягаар мэндчилж, хошигноод Йоко руу харж нүдээ ирмэхэд Сираногийнх (Э.Ростаны “Сирано де Бержерак” жүжгийн зохиолын дүр) шиг урт, унжгар хамар нь үл ялиг хөдөллөө.
-Яагаад бүтэн таван жил сураггүй алга болчихов оо?
-Яагаад гэхээр би хүүгээ таван нас хүртэл нь үргэлж хамт байхыг хүссэн. Түүнд таван жилийг бүтэн, гүйцэд зориулахыг хүссэн юм. Одоо би дөч, Шон минь таван нас хүрчихлээ. Анхны хүү Жулианыгаа хэрхэн өсөж, торниж, том болж байгааг би харж, мэдэрч чадаагүй.
Тэр одоо 17 настай, том эр болчихсон, над руу утасдаад мотоциклийн л тухай ярих болж шүү дээ. Түүний хүүхэд насанд би ямар ч оролцоогүй байлаа. Байгаагүйтэй л адил. Байнга л аялан тоглолтоор явчихна.
Харин миний бага нас их өөр өнгөрсөн... Энэ бүхэнд ямар үнэ төлөх ёстойг би мэдэхгүй юм. Бас энэ механизм яаж ажиллах ёстойг ч мэдэхгүй байна. Гэхдээ хүүхдийг анхаарал халамжаар дутаасныхаа төлөөсийг амсдаг гэдгийг би баттай мэдэж байна.
Тав хүртэлх насанд нь тавьж чадаагүй анхаарал халамжийг 16-20 насанд нь нөхөх боломжгүйг би ойлгосон. Тиймээс Шоны бага балчир насанд хамт байхыг хүссэн. Энэ бол миний үүрэг. Хүүхдэдээ өөрийгөө зориулах нь амьдралын хууль.
-Та хөгжмийн ертөнцөөс холдохыг хүссэн юм уу, эсвэл Жон Леннонтой тулгарсан асуудлаас зугтахыг хүссэн юм уу?
-Түүнээс ч, үүнээс ч, бас өөр зүйлүүдээс ч холдохыг хүссэн… Таны харж байгаачлан би гарын үсгээ зурчихсан 22 жилийн гэрээний дагуу бүх асуудалд ямар нэгэн байдлаар холбогдоод, хариуцлага үүрээд явж байна.
Баасан гариг бүрт 100 дуу бичих ёстой. Бямба гаригт цомог гаргах үүрэгтэй, бас ингэх ёстой..., тэгэх ёстой...ёстой... Хүүхэд байхдаа би “Заавал уран бүтээлч болоод эрх чөлөөтэй, дураараа байна” гэсэн бодлоор өөрийгөө “нүддэг” байлаа. Гэтэл гэнэт бүх зүйл зүгээр л эсрэгээрээ болчихсон.
Би дуу бичлэгийн студид ямар нэгэн зүйл заавал өгөх ёстой, хэвлэлийнхэнтэй уулзах ёстой, олон нийтийн дунд байх ёстой, Америкийн Цагаачлалын албанд очих ёстой, өдөр бүр шүүхэд дуудагдах ёстой болчихсон.
Ингээд нэг удаа гудамжинд явж байтал нэгэн өөдгүй амьтан над руу дайрахад нь би өөртөө ингэж хэлсэн. “Энэ чинь ямар гээчийн там бэ. Үүнийг ямар эрх чөлөө гэх юм бэ” гэж.
Хэрэв нэр чинь хов живтэй мэдээнд гарахгүй бол, шилдгүүдийн, эсвэл Мик Жаггер, Энди Уорхолын үдэшлэгийн жагсаалтад ороогүй бол чи огт байхгүйтэй адил гэсэн үг. Нэр алдартай хөгжимчин, дуучин, уран бүтээлчид үүнээс үхтлээ айдаг. Хөгжмийн ертөнцөд хүртэл ингэхээр чинь яах юм бэ?
Олон зүйл хийж чадахаа, чадвартай байгаагаа мэдэрч буй хэрнээ юу ч хийхгүй суугаадаа би эхэндээ нэлээд бухимдаж, хэцүү байсан. Хамгийн гол нь “Чи заавал хийх ёстой” гэж намайг ямар нэгэн өртэй мэт харж, тооцож, харилцаж, үүрэг, гэрээний дагуу л явах ёстой юм шиг байсан.
Яг л тэтгэвэрт гарах үедээ хүмүүс тийм зүйл мэдэрдэг байх. Тиймээс би бүтээл туурвихыг хүсээгүй юм. Ингээд хэсэг хугацааны дараа би гэрийн ажилдаа дасаж, бүх анхаарлаа хүүдээ хандуулах болсон доо.
-Таныг дуу, хөгжим сонсохоо ч больсон гэх юм. Үнэхээр тийм гэж үү?
-Би ихэвчлэн сонгодог, эсвэл хөгжилтэй хөнгөн хөгжим сонсдог болсон. Хамтрагчдын минь бүтээл болон бусад хөгжим, дуу надад сонин биш. Бас би хэзээ ч рок клуб, цэнгээний газруудаар хэсэхгүй. Би тодорхой нэр хүндтэй хүн юм шүү.
“Soho news”-д намайг Жерри Ли Льюисийг харахаар “Риц”-д очсон гэж бичсэн байсан. Үнэнийг хэлэхэд би тэнд очоогүй л байхгүй юу. Тухайн хүнээс өөрөөс нь үл хамаарч энэ мэтээр энд тэнд “явж” л байдаг нь хөгийн юм.
-Гэхдээ та ямар нэгэн зүйл гээчихсэн, эсвэл алдчихсан юм шигээр мэдрээгүй гэж үү?
-(Бага зэрэг уцаарлав). Энэ чинь Пикассогоос музей үзэв үү гэж асууснаас ялгаагүй юм. Пикассо хэзээ ч бусдын бүтээлийг харах гэж музейд очдоггүй байсан. Тэрбээр өөрийн гэрт амьдарч, туурвиж, харин түүнийг харах гэж, бүтээлийг нь сонирхохоор хүмүүс тэднийхийг зорьдог байсан юм.
Би ч гэсэн тийм журмаар ажилладаг. Тэр “өрсөлдөгчид” миний сонирхлыг огтхон ч татдаггүй, хэрэв ямар нэгэн ер бусын зүйл л хийгээгүй бол шүү дээ.
Дашрамд хэлэхэд, концертыг нь үзсэн дуучид бүгд сэтгэлд минь хүрээгүйд урам хугарсан. Харин цомгууд нь арай дээр байсан.
-Та 23 настайдаа “Эмэгтэй хүн дөлгөөхөн, бас жаахан зөрүүд байх ёстой” гэж бичиж байжээ. Йокотой танилцсанаар таны тэр хандлага өөрчлөгдсөн үү?
-Тийм шүү, Йоко миний үзэл санааг өөрчилсөн. Танилцсан эхний өдрөөсөө л тэрбээр надтай тэгш эрхтэй байхыг хүсэж, шаардсан. Би өөрийн дураар хийсэж, тэгээд ямар нэгэн хачин зүйл хүлээж, хүсэж байсан тэр үед Йоко миний амьдралд орж ирсэн юм.
Яг над шиг тийм нөхцөл байдалд орсон учраас Элвис Пресли болон өөр олон хүн амиа алдсан гэж боддог. Хааны амийг дайснууд биш, хааны ордныхон нь бүрэлгэдэг гэсэн үг бий. Цатгалдсан, хэт хангалуун хаан ширээ өөрийг нь устгадаг гэсэн үг.
Тийм нөхцөлд орсон хүмүүс ихэнхдээ хамраа сөхөж, бие махбодиороо ч, оюун ухаанаараа ч үхэж эхэлдэг юм. Тийм үед Йоко намайг ялзрахаас хамгаалж, эмэгтэй хүнийг хүндлэх ухаанд сургасан.
Миний хувьд “Битлз”-ийн түүх ингэж дууссан. Йоко биднийг хагаралдуулаагүй, тэрбээр зүгээр л надад мэдрүүлсэн. Би “Элвис Битл” болчихсон байсныг, зөвхөн хүссэнээ олж хардаг, нүд хуурсан, сэтгэл хангалуун, үхлийг зөгнөсөн нөхцөл байдлынхаа боол болсныг минь тэрбээр мэдрүүлсэн юм.
-Тэгээд л та “Битлз”-ийг орхихоор шийдсэн үү?
-Би бүр 1966 оноос л “Битлз”-ийг орхих шалтгаан хайж эхэлсэн. Гэсэн ч тэгж зүрхлэхгүй л яваад байсан юм. Яагаад гэхээр тэднээс холдсоны дараа юу хийж, яах учраа би мэдэхгүй байлаа.
Нэг удаа “Бурхан минь, “Битлз” үгүй бол чамд юу үлдэх вэ. Хамтлаггүйгээр амьдрал байхгүй шүү дээ” гэж бодоход надад нэг л аймаар байсан.
Тэр бодол миний сэтгэлд “Хамтлаг тарахыг хүлээх биш, тэрнээс урьтаж өөрийгөө олох ёстой. Эс бөгөөс энэ ордноос гарч чадахгүй. Би “Битлз”-гүйгээр өөрийгөө олно” гэсэн үрийг суулгаж өгсөн.
-Хамтлагийн бусад гишүүн тантай адил бодолтой байсан болов уу?
-Бусад маань тийм юм огт бодож байгаагүй, үнэн шүү, надад итгэж болно. Тиймээс л тэд маань шоконд орсон, одоо хүртэл тэр цочролоосоо гарч чадахгүй байна.
-Жон, Йоко хоёрын хамтарсан уран бүтээл “Битлз”-ийнх шиг нөлөөтэй байж чадна гэж надад нэг л төсөөлөгдөхгүй л байна...
-Бид өөрсдийгөө “Битлз”-тэй харьцуулахгүй. Бид хоёрыг Ливерпулийн дөрвөлтэй жиших нь буруу юм. Пол ч гэсэн рок хамтлагтай болсон. “Уингз”, “Битлз” хоёрыг зэрэгцүүлэх, харьцуулах зүйл хайх нь ч утгагүй.
-Та хоёр дүр төрхөө яаж бүрдүүлж, олон нийтэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Зүгээр л Жон, Йоко хоёр ямар нэгэн зүйл үзүүлнэ. Таалагдвал сонс, үгүй бол сонсохгүй байхад л болно.
Йоко: -Сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг урьдчилан таамаглах боломжгүй шүү дээ...
Жон: -Аливаа зүйлийг тусгайлан бодвол үнэ цэнэтэй юу ч хийж чадахгүйд хүргэнэ. Би нэг зүйлийг эртнээс ажиглаж, мэдсэн юм. Юу гэхээр, дуулахаасаа өмнө нэг юм төлөвлөөд л, эсвэл ямар нэг зүйл олж авахыг хүсээд л эхэлбэл тэгээд өнгөрнө, гарцаагүй хуурамч болдог юм.
-Та хоёр хамтын ажиллагааныхаа давуу болон сул талыг харж байна уу?
Йоко: -Миний бодлоор бид хамтдаа маш хүчирхэг. Би л лав ямар ч сул тал харахгүй байгаа.
Жон: -Анх эхэлж байснаа бодвол одоо хамтран ажиллахад хамаагүй амар болсон шүү. Яагаад гэвэл, өнгөрсөн хугацаанд би “Битлз”-ийн “сүнсийг” сэтгэлдээ тээж, орхиж чадахгүй байсан юм.
-Та 1973 онд Йоког орхисон. Яагаад?
-Үнэн хэрэгтээ бол энэ хүн намайг хаалганы гадна үлдээсэн учраас бид салсан. Тэгэхээр хаягдсан хүн нь би байсан (инээв). Ингэж хэсэг салсан нь сайн хэрэг болсон юм. Би өөрийгөө хянах чадвараа аль эрт алдсан байсан.
Тэр үед Браиан Эпстейн (хамтлагийн менежер), эсвэл Пол надад хамгийн сэтгэл догдлом тусламж үзүүлдэг байлаа. Тэднийг үүнд буруутгах нь сайн зүйл биш гэдгийг мэдэж байна л даа.
-Йоко яагаад таныг хөөж явуулсан юм бэ?
-Би бүр араатан байсан юм. Халамжгүй, дутуу дулимаг амьтан. Тэгээд л “Надтай биш, өөртэйгөө амьдар” гээд явуулсан хэрэг. Түүнээс хойш “Хүрээд ир, чамайг харж үзье” гэж хэлэхийг нь хангалттай удаан хүлээсэн дээ.
-Та Шондоо анхаарал халамж тавин өсгөж буй нь аав тань гэр бүлээ орхин явсантай ямар нэгэн холбоотой гэж боддог уу?
-(Инээв). Үгүй дээ. Хэрэв тэр үед хажууд нь байх боломж байсан бол Жулианыгаа ч гэсэн халамжлах л байсан. Гэхдээ энэ нь арай өөр шалтгаантай. Жулиан намайг 23 настай байхад төрсөн.
Тэр үед “Битлз” амжилтын оргилд гарч байсан юм. Би үнэхээр жулдрай амьтан байж. Хорвоод ирсэн шинэ хүний өмнө ямар ч хариуцлага, мэдрэмжгүй, ёстой л бацаан байжээ.
-Шоны амьдралд хөгжим чухал байр суурь эзлээсэй гэж хүсдэг үү?
-Тийм амбийц, шунал надад байхгүй. Хүү минь эрүүл энх л байгаасай л гэж хүсдэг. Ямар мэргэжилтэй болох нь түүний л хэрэг.
-Уран бүтээлийн талаарх яриандаа эргэн оръё. Та заавал Йокотой хамтрах ёстой юм уу. Ганцаараа уран бүтээл хийж болно шүү дээ?
-Ганцаараа бол там шиг уйтгартай. “Битлз”-ээс салаад би бүтэн цомог гаргахаар уран бүтээл хийсэн. Сайхан санагдсан. Удалгүй ямар уйтгартай зүйл болохыг мэдэрсэн.
-Та гэр бүлийн бизнес эрхлэх талаар бодож байгаагүй гэж үү?
-Би тийм зүйлд зориулагдсан хүн биш.
-Та ер нь үе үе бүх антеннаа хураагаад, өөрийгөө тусгаарлаж, “алга” болчихдог талтай шүү...?
-Үе үе тэгэх хэрэгтэй. Би олон удаа алга болж байлаа. Нэг удаа Полтой хамт Гималайд алга болчихсон. Хэвлэлийнхэн элдэвлэж байсан ч би гурван сар ууланд амар амгалан амьдарсан. Бас нэг удаа бид Гамбургээс дөнгөж ирээд байлаа.
Үнэндээ бол биднийг тэндээс хөөчихсөн юм л даа. Тэгээд бусадтайгаа холбоо ч барилгүй бүтэн сар таг болж, тэдний уурыг барсан. Тэд ажил хэцүүдлээ гээд л. Гэтэл би байдаггүй ээ.
19 жил бага хугацаа биш. Алга болсон хугацаандаа “Явж байсан замаараа цааш урагшлах уу, үгүй юү” гэдэг талаар л тунгааж байсан.
-Та Полын сүүлийн цомгийн талаар ямар бодолтой байна вэ?
-Би хоосон гэж бодож байна, зөвхөн төөрөгдөл, уйтгар гунигийг харуулж байна. Үүнээс илүүг би олж хараагүй. Уйтгартай.
-Таны амьдралд ямар нэгэн төөрөгдөл, зөрчил байгаагүй гэж үү?
-Амьдрал өөрөө тэр чигтээ зөрчил. Зураач, уран бүтээлчдийн үүрэг бол үүнийг нь уран бүтээлчээр илэрхийлэх явдал. Үүнд ч би сэтгэлээ чилээдэг.
-“Битлз” эргэн нэгдэхийг та яагаад эсэргүүцсэн юм бэ?
-Би энэ тухай ярих дургүй. Ринго үүнийг анзаарсан байдаг юм. Тиймээс нэг удаа тэрбээр “Хэзээ ч үгүй” гэж хэлэх нь муу болгож харагдуулах талтай. Цаашид юу болохыг бидний хэн нь ч мэдэхгүй шүү дээ.
Тиймээс бүгдээрээ “Хэзээ ч үгүй” гэж биш, “Магадгүй” гэж хэлбэл яасан юм бэ. Би ч үнэндээ эргэж нийлэхийг эсэргүүцдэг” гэж байсан.
-Хүмүүс хуучны сайхан цаг хугацаагаа үгүйлэн, санадаг...
-Энэ бол утгагүй юм. Яах юм бэ?
-Та Полтой холбоотой байдаг уу?
-Би хамтлагийнхаа хэнтэй нь ч холбогдоогүй өдий хүрсэн байна.
-Йоко таныг Полтой уулзсан гэж хэлсэн дээ...
-Хоёр, гурван жилийн өмнө байх аа, тэрбээр манай үүдэн дээр ирсэн байна. Би түүнд “Ирэхээсээ өмнө ядаж утасдаад мэдэгдэх хэрэгтэй. Би хүүхэд хараад үнэхээр ядарсан байна. Гэтэл чи гитараа хүртэл авчирсан байх юм” гэсэн.
-Та түүнд гомдож, хорссон хэрэг үү?
-Юуных нь хорсол байх вэ дээ. Би Полын тухай эцэс төгсгөлгүй ярьж чадна. Түүнийг нэвт шувт мэдэх учраас тэр. Тэгсэн хэрнээ ярих зүйл юу ч алга.
-Пол яагаад танайд ирсэн юм бол?
-Түүнд уйтгартай, гунигтай байсан биз. Пол хүсэж, мөрөөдсөн бүхэндээ хангалттай хүрсэн. Тэгээд л тэрбээр уйдаж эхэлсэн байх.
-Ганцаараа байх танд таалагддаг уу?
-Бүр маш их таалагддаг. Би ганцаараа байхдаа өсвөр насандаа очсон мэт тэр үеийн мэдрэмжийг олж авдаг.
Э.ХАНА