Аливаа дуу шинээр төрөхөд яруу найрагч, ая зохиогч, дуучнаас гадна хөгжмийн найруулагчийн ажил чухал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Ая зохиогчийн зохиосон аяыг илүү уянгалаг, бичлэгийн хувьд чанартай гүйцэтгэх ажлыг тэд л хариуцдаг.
Ахлах ангийн сурагч байхаасаа л дуу, хөгжмийн найруулгыг сонирхож, одоо нэр хүндтэй дуучдын сонгон ажилладаг уран бүтээлч болсон Б.Нацагдоржтой ярилцлаа.
-Таныг уншигчид “Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг гэдгээр санаж буй байх.
Харин Монголын хөгжмийн ертөнцөд хит болсон хамтлаг, дуучдын цомгийн бичлэг, дууны найруулгыг хийдэг гэдгийг мэдэхгүй байх?
-“Ocean grey” студийн ая зохиогч, хөгжмийн найруулагчаар ажиллаж байгаа. Студиэ байгуулаад гурван жил болж байна. Анх “Prosound” студийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байлаа.
Өнгөрсөн жилээс тусдаа ажиллаж байна. Дэлхийн жишигт дүйцэхүйц дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргах зорилготой ажиллаж байна даа.
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт хэчнээн дуучны уран бүтээл дээр ажилласан бэ. Жагсаалт гаргаж үзэв үү?
-Тоо гаргаж үзээгүй юм байна. Дуучин Х.Отгончимэгийн “Chill out”, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “One moment”, Д.Уламбаярын “11/06” зэрэг цомог гээд багцаалаад үзвэл 20 гаруй хамтлаг, дуучдын 100 гаруй уран бүтээлд хамтран ажиллажээ.
-Одоо ямар уран бүтээлчийн цомог гаргахаар ажиллаж байна вэ?
-Энэ оны эхний улиралд багтааж таван цомог гаргах төлөвлөгөөтэй байна. Хэдхэн хоногийн өмнө дуучин Г.Мэнд-Амарын “Чамд хэлье” цомог бэлэн болж, худалдаанд гарсан.
Одоо “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд Л.Ган-Эрдэнийн цомгийн бичлэгийг хийж байна. Мөн “Гурван охин”, дуучин М.Нарантуяагийн цомгийн бичлэгийг хийнэ.
-Ямар мэргэжилтэй юм бэ. Хөгжим бүжгийн коллежид сурч байсан гэсэн?
-Би одоо төгсөх дамжааны оюутан. СУИС-д хөгжмийн найруулагч мэргэжлээр сурдаг.
-Яагаад өөрийнхөө уран бүтээлийг хийхгүй байгаа юм бэ?
-Хүмүүс тэгж асуудаг л юм. Гэхдээ ор мөргүй хаячихсан юм биш л дээ. Өөрийгөө бэлтгэж, боловсруулж байна.
Өдөр тутам хийдэг дасгал, бэлтгэлээ хийсээр л байгаа. Уран бүтээлийн шинэ, содон санаанууд ч бий. Одоогоор төлөвлөөд л явж байна.
-“Ocean grey”-ийнхэн хэд хэдэн томоохон тайз, дэлгэцийн уран бүтээлийн хөгжмийн найруулгын ажлыг хариуцан ажилласан байх аа?
-“Франц үнсэлт”, “Давхар цохилт” зэрэг дэлгэцийн уран бүтээлд ажилласан. Мөн УДЭТ-ын бүтээл “Норовын намтар” хүүхдийн жүжгийн дууны найруулгыг хийсэн. Анхны хүүхдийн хөгжимт жүжиг шүү дээ.
-Студийнхээ дэргэд залуу уран бүтээлчдийг бэлтгэж, продюсерийн ажил давхар хийх гэж байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Зориглоод үзэх гэж байна. Шалгаруулалт явуулсны үндсэн дээр гурван уран бүтээлчийг шалгаруулж авсан. Х.Бат-Амгалан, Донна, Лаура гээд шинэлэг өнгө төрх, өвөрмөц хоолойтой уран бүтээлч байгаа.
А.ХАЛИУН