Улаан сандал, шилэн шигтгэмэл алаг ширээ, хөх өнгө зонхилсон эрчилсэн хуй салхи шиг зураг. Урлангийн хойморт байраа эзэлсэн энэ зураг “Дүүрэн сартай шөнө” нэртэй. Гэхдээ энэ нэр хэдэнтээ солигдсоныг энгийн үзэгч ч эс мэднэ.
Угаас сайхан нэр бодож олоод түүндээ тохируулж зурах нь үгүй. Харин сэтгэлээс ундарсан бүтээлээ бодит болгочихоод оносон нэр өгөх гэж орсон, гарсантай ч хэлэлцдэг гэсэн.
Арваад азарга адууг ар, урдуураа “давхиулчихаад”, арван тавны сарыг бүтээлдээ аргамжиж, өрөөндөө дүнхийлгэсэн энэ бүсгүйг Дашдондогийн Бадам гэдэг.
Бараг 40 жил зураг зурж байгаа хэлчихвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй байх. 1981 онд Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэж, монгол зургаар мэргэшсэн энэ хатагтайн нэр дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын анхаарлыг татдаг.
Дүүрэн сартай шөнө
Бүтээлийг нь заавал авах ёстой зураач нарын нэрс дунд ч “мадам” Бадам дээгүүр “давхина”.
Хамгийн сонирхолтой нь, алдарт Эрмитажийн танхимд заларсан Монголын цор ганц бүтээл түүнийх.
“Цагаан суваргын зун” зураг нь 2010 онд Монголын урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлээр тодорч, тэр жилдээ Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд бэлэг болон Эрмитажид хүргэгджээ.
Харин одоо хатагтай Д.Бадам ирэх зун Германд, арванхоёрдугаар сард МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гаргах үзэсгэлэндээ бэлдэж сууна.
ГАЛЕРЕЙ, МУЗЕЙД ХАДГАЛАГДАЖ БУЙ БҮТЭЭЛ
“Мадам” Бадам ОХУ-ын Халимаг, Курган муж, Францын Лилль, Рубрук, Японы Токио, Нидерландын Мээрло, Роттердам, Энххаузин, Шхорл, БНСУ-ын Чежү хот, Хапчон муж, БНХАУ-ын Чан Чун, Энэтхэгийн Дармасалад бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж байжээ. Тэр дундаа дараах улсын галерей, музейд түүний бүтээл хадгалагддаг.
- МУЭХ-ны Орчин үеийн уран зургийн галерейд “Агсал”, “Тэнгэрийн зарлиг” бүтээлүүд
- ОХУ-ын Курган хотын музейд “Орхоны хүрхрээ”, “Адуучин”
- ОХУ-ын Халимагт “Говийн айл”,
- Нидерландын “Евагийн алим” галерейд 20 зураг
- Францын Парис хотын “Флак” галерейд 15 зураг
- Санкт-Петербургийн Эрмитажид “Цагаан суваргын зун” бүтээл
- Солонгосын Муран (Moran) музейд “Дүүрэн сартай шөнө” бүтээл
- Монголын “Элбэг” арт галерейд “Миний сайхан Алтай”, “Нүүдэл“
Д.БАДАМ: ЭНЭ МИНИЙ ҮҮРЭГ БАЙХ
Таван настайгаасаа хурдан морь унасан хүүхдээс “Миний дүү хэдэн жил морь унаж байна вэ” гэж асуухад “Насаараа л уналаа л” гэж хариулсан гэдэг. Яг л түүнтэй адил зураач Д.Бадамаас ингэж асуух нь илүүц болно.
Шинэ уран бүтээл төрөх агшинд, будаг нь хатаж амжаагүй зургуудын дэргэд тухалж ярилцсан учраас бидний яриа уран бүтээлийн сэдвээс халиагүй юм.
-Үзэсгэлэн гаргахад хамгийн багадаа хэдэн зурагтай байх хэрэгтэй вэ?
-Дангаараа бол 15-20 байх хэрэгтэй. Хамтарвал цөөрнө дөө.
-“Цагаан суваргын зун” хэрхэн Эрмитажид очсон юм бэ?
-2010 онд Ерөнхий сайд Сү.Батболд ОХУ-д айлчлах болж, түүний гадаад руу авч явах бэлэг сэлтийг бэлддэг ажилтнууд урланд ирсэн. “Намар” үзэсгэлэнгийн шилдгээр шалгарсан болохоор миний бүтээл анхаарлыг нь татаж авсан юм.
Зургийнхаа намтар, түүхийг нь бичиж өгөөрэй гэж хэлсэн боловч хэнэггүй зангаасаа болоод би бичиж өгөөгүй. Ямартай ч зургийг маань Ерөнхий сайд аваад явлаа.
Тэгтэл хэсэг хугацааны дараа Эрмитажаас манай найз зохиолч бүсгүйд захидал ирсэн. Миний бүтээлийн тухай бичээд, эзнийг нь олох хэрэгтэй байна гэсэн байж л дээ.
Сан хөмрөгтөө энэ бүтээлийг оруулахын тулд товч танилцуулга нь хэрэгтэй гэсэн байна. Ингээд би хэдэн хуудас юм бичиж явуулсан.
-Та их даруухан юм. Эрмитажид зураг нь байгаа зураач жаахан онгирмоор юм даа.
-Тийм ээ (Инээв). Лувр, Эрмитаж, Дрезденд хэн дуртай нь зургаа өгч чадахгүй. Аваач гэж гуйсан ч авахгүй. Зөвлөл нь хэлэлцэж, шалгуур тавьж байж л сонгодог. Тэгэхээр миний зургийг хэрэгтэй гэж үзээд л авсан байж таарна.
-Монгол зургийн гол онцлог, бусдаас ялгарах амин судал нь юу юм бол?
-Соёл, түүх, уламжлал маань тусгаар Монголын оршин тогтнох үндэс. Нэг төлөөлөл нь монгол зураг. Олон оронд үзэсгэлэн гаргаж байлаа.
Тэр болгонд уран зураг сонирхдог, дүрслэх урлагийн түүхийг арван хуруу шигээ мэддэг хүмүүстэй таарч байлаа.
Тэнд л монгол зургийн гол онцлог товойж харагддаг. Үзэгчид ч гайхширдаг. Энэ бол монгол ахуй, уламжлал.
-Таны зургаас эрчилсэн хуй салхи шиг дугуй дүрслэл харагдаж байна. Бас энэ нь олон юмыг нэг дор багтаах давуу тал болох юм аа.
-Би зориуд дугуй хэлбэртэй зуръя гэж зурдаггүй. Эрч хүч, энерги, хурд хүч яг л ийм замаар бий болдог юм шиг санагддаг. Зүгээр л сайхан өнгө тавьчихаад, контурлаад суугаад байвал уйтгартай.
Би зурагтаа байгалийн тансаг сайхан өнгө, хурд, хөдөлгөөнийг шингээмээр байна шүү дээ. Намайг хүмүүс уран зургийн өнгийг монгол зурагт ашигладаг гэдэг юм.
-Дүрслэх урлагийн жинхэнэ үзэгч нь хэн юм бэ. Та хэнд зориулж зурдаг вэ. Таны зургийг хэрхэн мэдрээсэй гэж хүсдэг вэ?
-Би дээд тэнгэрээс л зураг зурах үүрэг даалгавартай ирсэн байх. Өөрийн мэдэлгүй л бийр барьдаг. Хэн нэгэнд сайхан харагдах гэж биш зүгээр л зурдаг.
Хүнд таалагдах гэж хичээх ч хэрэггүй. Надад өгөгдөл бий. Тархинд байгаагаа 100 хувьд дөхүүлээд л илэрхийлээд гаргах нь чухал. Тэгсэн цагт хүн үзнэ, сонирхоно.
Залуус орчин үеийн урлаг сонирхож байна гэж тийшээ хэлбийхгүй, реалист зураг харчихаад адилхан зурна гэж дуурайхгүй. Өөрийнхөөрөө л байхад хангалттай.
“ЦАГААН СУВАРГЫН ЗУН”
Дундговь аймгийн Өлзийт сумын төв Рашаантаас баруун урагш 85 километрт, баруун талаасаа буюу Онхын улаан тойром хавиас хөшиглөн дүнхийсэн том цагаан зоо харагддаг.
Хэдэн сая жилийн турш нар хур, салхи шуурга, ус бороо болон байгалийн үзэгдлийн нөлөөгөөр эвдэрсэн мөргөцөг, ёроол нь харанхуйлсан өндөр шавар баганууд, тэдгээрийн завсрын ангал, хонгил нь зураач бүсгүйд ямар нэгэн амьтны ам шиг харагдсан гэдэг.
Зугтаж явсан гамингуудыг замчлах нэрийдлээр тэр мөргөцөгт аваачиж унагасан түүх монголчуудад бий. Бас эртний үлэг гүрвэлийн яс, өндгийг Эльбрус эндээс олж байсан. Одоо тэр дурсгалаас мэр сэр бий.
Ийм л түүхтэй, үзэсгэлэнтэй Цагаан суваргын сайхан тогтцыг зураач бүсгүй хараа, оюундаа буулгаж дүрсэлсэн нь энэ. Гэхдээ өвөл эхлээд, намар хүргэж дууссан, олон цагийн хөдөлмөрөө зориулсан онцгой бүтээлийн нэг нь “Цагаан суваргын зун”.
Зотон дээр темпр гуаш, акрилкаар зурсан бөгөөд монгол зургийн уламжлалт арга буюу Б.Шаравын сургуулийг баримталжээ. Энэ бүтээл Эрмитажийн Дорно дахины танхимд бий.
Энэ удаагийн зочин маань нээлттэй яриатай, аливааг зүйрлэн ярихдаа гаргууд нэгэн байсан учраас түүний хэлсэн сонирхолтой өгүүлбэрийг онцлон хүргэе.
- Авьяасыг хэр зэрэг зүлгэхээс л чиний хэн болох нь хамаарна. Худалдааны зураг зурахад ч авьяас хэрэгтэй. Тэр хэмжээнд хүргээд өөрийнхөө авьяасыг зогсооё гэвэл чиний л сонголт мэднэ. Өөрийнхөө шанагаар хэр зэрэг хутгаж аваад юу бүтээхээ чи өөрөө л шийднэ.
- Би эмэгтэй гэдгээ мартсан. Гэрийн эзэгтэй, сайн ээж байхыг мартаж байж л зураач болсон. Зурагт элий, балай болтлоо дурласан.
- Уран бүтээлч хүн чонын амьдралаар амьдардаг. Олигтойхон харайж, хол сунах тусмаа л сайн.
- Багшлахад авьяас хэрэгтэй. Би чадаагүй. Суналзсан хөөрхөн охид хичээлийн цагаасаа 20 минут хоцорч орж ирээд, хэн нэгнээр зуруулсан зургаа өмнө минь тавьж намайг хуурах нь таалагдаагүй.
- Том зураг зурах л сайхан санагддаг. Гэхдээ тээвэрлэх, агуулах нь амаргүй болохоор дандаа томоор зурж чадахгүй л дээ.
- Энергийн урсгалд би итгэдэг. Өөрийгөө чөлөөтэй, энергиэ бүтнээр нь байлгаж, илүү олон жил хэдэн сайн зураг зурахсан. Болих цаг нь дөхөж байна шүү дээ.
Ж.СОЛОНГО