Жижиг бөмбөрийн цоглог хэмнэлд удирдаач бүжнэ. Угтаа бол удирдаач бөмбөрийн цохиврыг “бүжиглүүлж” байгаа л даа. Удирдаачийн онцгой “бүжиг”, хөгжмийн түргэн хэмнэлд алга ташихгүй байхын аргагүй.
Сэтгэл хөдөлгөсөн тэр тоглолтод “ховсдуулаагүй” ганц хүн нь багш. Тэрбээр шавь нар нь бүх зүйлийг зөв хийж буй эсэхийг анхааралтай ажиглаж байв. Эхлэлээсээ төгсгөл хүртэл үзэгчдийг огшоосон энэ хөгжим А.Хачатуряны “Лезинка” байлаа.
Түүнийг амилуулсан нь тус сургуулийн III курсийн оюутан Т.Юндэн (удирдаач), н.Дуулал (гоцлооч) нар юм.
Харахад хөнгөхөн амархан мэт боловч удирдаач, хөгжимчдөөс их ур чадвар шаарддаг уг бүтээлийг шавь нар нь шаггүй сайн тоглосныг тэдний багш, ХБК-ийн уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат онцолсон.
“Мөнгөн өвөл” тоглолтын сэтгэл хөглөж, үзэгчдийг бишрүүлсэн үзүүлбэр ганцхан энэ биш. Тоглолтод толилуулсан том бүтээлүүдийн нэг нь П.И.Чайковскийн төгөлдөр хуурын концертын нэгдүгээр хэсэг байв.
III курсийн оюутан Ж.Доржсүрэн удирдаж, I курсийн Ч.Есөнханд гоцлон тоглосон юм. Ж.Доржсүрэн виолончель хөгжмөөр мэргэшиж буй. Жилийн өмнөөс оркестр удирдах бэлтгэл хийжээ.
Тэрбээр “Анх удаа оркестр удирдаж тоглууллаа. Том бүтээл болохоор их айж байсан. Хөгжим тоглоход бусдыг сонсож, өөрийн тоглох хэсгийн ноот болон удирдаачийн гарыг харахад л хангалттай. Харин хөгжим удирдахад бүх хөгжмийн ноотыг уншихаас эхлээд их хэцүү. Гэхдээ сонирхолтой” хэмээсэн.
Мөн тоглолтын хамгийн бяцхан хөгжимчин Т.Найраг И.Гайдны төгөлдөр хуурын концертын хэсгээс тоглож, биедээ багтамгүй их авьяасаа үзэгчдэд харуулсан.
Түүнийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд “Энэ алдартай бүтээлийг хүссэн хүн бүр тоглож чаддаггүй. Би найм, есдүгээр ангид байхдаа л анх тоглож сурсан. Гэтэл сая тавдугаар ангийн хүүхэд тоглолоо. Нэлээд чадварлаг байна шүү” хэмээн магтсан.
Оркестрын арын эгнээнд байрлаж, аргил бүдүүнээр “пөн пөн” дуугарч, хөгжмийн үндсэн өнгийг гаргадаг контрабасаар гоцлон тоглож байхыг үзсэн үү. Би лав энэ өдөр анх үзсэн.
Төдийлөн гоцлоод байдаггүй энэ хөгжим ямар өвөрмөц, хэрэндээ уянгалаг дуугардгийг хоёрдугаар курсийн оюутан Г.Ичинхорол харуулсан.
Тэрбээр энэ тоглолтод сонордуулсан К.Дитердорфын контрабаст зориулсан концертын I ангиар Чех улсад болсон олон улсын насанд хүрэгчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн юм.
Олон сонгодог хөгжим дундаас морин хуурын гоцлол содон байв. III курсийн оюутан Б.Мөнх-Эрдэнийн тоглосон морин хуурт зориулсан аялгууг Б.Ваншигдорж (III курсийн оюутан) зохиож, өөрөө удирдсан.
Хийл, альтаас гадна вальторн, гобой, флейт, фагот зэрэг үлээвэр хөгжмийн гоцлолууд ч дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлж, үзэгчдийг уйдаагаагүй.
Тоглолтыг ХБК-ийн уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат болон тус сургуулийн оюутан Т.Юндэн, Б.Ваншигдорж, Ж.Доржсүрэн, Э.Баяннамар нар удирдсан юм.
Сонгодог хөгжмийн аялгуугаар дамжуулан хуучныг сэргээж, шинийг таниулж, ихийг хийх урам бэлэглэсэн “Мөнгөн өвөл” тоглолт нижигнэсэн алга ташилт, нүүр дүүрэн мишээл, талархлын үгс, баглаа цэцгийн анхилам үнэртэй өндөрлөв.
Тоглолтын дараа зарим хүний сэтгэгдлийг сонслоо. ХБК-ийн уран сайхны удирдагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат “Өнөөдрийн тоглолт ХБК-ийн түүхэнд анх удаа тохиож байна.
Оркестрын тоглолт хийх мөрөөдөл минь биеллээ. Манай оркестр 70 орчим хүнтэй. Тоглолт сайхан боллоо. Урмын үг их сонслоо. Энэ л байхад хангалттай. Хоёр, гурван сарын ядаргаа ганцхан алга ташилт, талархлын үгээр тайлагдаж байна. Урлагийн хүнд урмын үг чухал амин дэм болдог юм.
Тоглолтын бэлтгэл оюутан, сурагчдад том сургалт болж, ур чадвар нь тодорхой хэмжээгээр дээшилсэн. Мэдээж жижиг алдаанууд гарч байна. Цаашдаа илүү чадвартай болно. Тоглолтын нэг онцлог нь оюутнууд оркестр удирдсан.
Манай сургуульд удирдаачийн анги байхгүй. Гэхдээ бид удирдаач бэлтгэх боломжтой гэдгийг эндээс харсан байх. Энэ тоглолтыг цаашид жил бүр хийнэ” хэмээсэн. Мөн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Мөнхболд “Тоглосон бүтээл бүрийг сонсоход сайхан байлаа.
Хүүхдүүд чадвартай байна. Удирдаач цөөн болсон энэ үед оюутан үеэсээ эхэлж оркестр удирдаж байгаа нь сайшаалтай. Сүүлийн үед төдийлөн гоцолж тоглохгүй байгаа альт, вальторн зэргийг тоглолоо. Энэ бол том амжилт” хэмээн ярьсан.
П.ТУНГАЛАГ