Дуулах сонирхолтой охид нэгдэн, хамтлаг байгуулсан нь одоогийн “Sweetymotion”. Охидын нөхөрлөл тэднийг Хөгжим бүжгийн коллежид элссэн үеэс буюу долоон настайгаас эхэлсэн гэдэг.
Тэд ирээдүйн зорилгоо Монголын эстрадад тодорхой байр суурь, өөрсдийн хүрээг бий болгох гэж тодорхойлж байж. Ц.Сарнай, Э.Ганболор нар төгөлдөр хуур, Г.Сүндэрмаа хийл хөгжимд шамдан суралцаж, багаасаа сонсож өссөн рок, поп оддын адил алдартай дуучин болохыг үргэлж мөрөөддөг байжээ.
Хичээлийнхээ дараа, амралтын өдрүүдээр цуглаж дуулах, орчин үеийн гадаадын хамтлаг дуучдын шинэ дуу хөгжим, хөгжмийн ертөнц дэх шинэ сонин, мэдээ мэдээллүүдийг сонирхон судлах нь тэдний хийх дуртай зүйлс байв. “Энэ бол бидний нөхөрлөлийн “алтан үе” бөгөөд хамтлагийн маань эхлэл байсан” гэж тэд дурсан ярьдаг.
1995 оны дөрөвдүгээр сарын 22-нд Э.Ганболор, Г.Сүндэрмаа, Ц.Сарнай, С.Сэрчмаа нар Монголын залуучуудын соёлын төв, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-наас зохион байгуулдаг “Англи дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд оролцож, тэргүүн байр буюу гран при шагнал хүртсэн байна.
Тэр тэмцээнд оролцож байх үед нь “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат тэдний авьяасыг олж харжээ.
Тэмцээн дууссаны дараагаас Б.Чинбат тэдний продюсерээр ажиллаж, албан ёсоор Монголын хоёр дахь охидын хамтлаг “Emotion” нэртэйгээр байгуулагдав.
Хамтлаг байгуулсны дараахан С.Сэрчмаа хувийн шалтгаанаар хамтлагаа орхиж, түүний оронд Т.Солонго оржээ. Т.Солонго тус хамтлагт 2009 он хүртэл уран бүтээлээ туурвиж, мөн л хувийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан байна.
Тэд “Бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай, гунигтай үе ээлжилж байлаа. Тэр үед бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан.
Хэцүү үед бие биенээ түшиж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь биднийг улам ихээр дотносоход нөлөөлсөн. Бидний үерхэл нөхөрлөл байгаа цагт бид хамтдаа юуг ч даван туулна” гэж дуу нэгтэй хэлдэг.
2000 онд “Emotion” хамтлагийнхан “Анхны бороо шөнө ордог” анхны цомгоо өлгийдөн авлаа. Тус цомгоороо Монголын рок, поп хөгжмийн шагнал гардуулах дээд ёслол болох “Пентатоник” наадмаас “Шилдэг сингл” шагнал хүртжээ.
2001 онд “Яагаад” хоёр дахь бие даасан цомгоо гаргав. Уг цомгийн таван дуу нь шилдэг дууны жагсаалтыг дараалан тэргүүлж, тэр онд цомгоо “Why” нэртэйгээр англи хэл дээр гаргасан байна.
“Why” цомог Монголын рок, поп хөгжмийн түүхэнд англи хэл дээрх анхны цомог гэдгээрээ тэмдэглэгдэн үлдсэн юм. Тус хамтлагийн “Никитон” хамтлагтай хамтран дуулсан “Санахуй”, гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтран дуулсан “Бүжгэнд уриач” гэсэн хоёр дуу нь тухайн үед хит болж байв.
2001 онд тус хамтлагийнхан ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулсан “Цагаан сар” уралдаанд оролцон, гран при шагнал хүртэж, БНСУ-ын Сөүл, Японы Токио хотод болсон Төрийн шагналт Н.Норовбанзад агсны нэрэмжит хүндэтгэлийн тоглолтод оролцжээ.
Мөн 2003 онд БНХАУ-ын Шанхай хотод жил бүр зохион байгуулдаг Азийн наадамд оролцож, “Хамгийн ирээдүйтэй хамтлаг”-аар шалгарав. Тэд илүү том зах зээл, амжилт, олон улсын хөгжмийн ертөнцөд танигдахыг хүсэн 2003 онд АНУ-ыг зорьжээ.
Хүний нутагт долоон жил ажиллаж, амьдарсан тэд 2010 онд эх орондоо буцаж ирлээ. Тэнд байсан тухайгаа “Үерхэл нөхөрлөл, бие биедээ итгэх итгэлцэл, хайр хүндлэл биднийг нэгэн гэр бүл шиг болгосон гэхэд хилсдэхгүй. Бие биенээсээ эрч хүч авч, нэгэн цогц болж чадсанаараа өдий хүртэл хамт яваа байх.
Мэдээж амьдрал юм чинь, өөр зүйлээс эрч хүч авалгүй яах вэ. Гэхдээ л бид гурав аз жаргал, зовлон гунигаа хамгийн түрүүнд бие биетэйгээ хуваалцаж ойр дотно байдаг” гэж хамтлагийн бүсгүйчүүд дурсдаг.
Ингээд 2010 оны аравдугаар сарын 19, 20-нд “Number one” шоу тоглолтоо хийж, фэнүүддээ бэлэг барив. Ингэхдээ хамтлагийн нэрээ “Sweetymotion” болгон өөрчилсөн юм.
Тэр ондоо “Emotion” цомгоо гаргасан нь “Hi-Fi рекордс”-оос шалгаруулдаг хамгийн их борлуулалттай шилдэг цомгоор тодров. Тэд 2012 онд 15 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэсэн. Уг “Celebration” тоглолтод хамтлагийн анхны гишүүд болох дуучин С.Сэрчмаа, Т.Солонго нар ирж ая дуугаа өргөсөн юм.
Өнгөрсөн онд “Sweetymotion” хамтлаг 1950-60-аад оны, тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй уран бүтээлүүдийг сэргээж, цомог гаргасан. “Алтан намар”, “Буянт гол”, “Дэнжийн ногоо” зэрэг 11 дууг “Зүрхэн аялгуу” цомогтоо оруулжээ.
Энэхүү цомог нь Буриад, Монгол дуунуудаас бүтсэнээрээ онцлогтой гэнэ. Түүнчлэн энэхүү цомогт багтсан дуунуудаар “Зүрхэн аялгуу” баримтат кино концерт бүтээсэн нь үзэгчдэд хүрсэн билээ.
А.ХАЛИУН