Хүн бүр өөрийнхөөрөө хүртэн мэдэрч, хүлээст үзэлд баригдалгүй тайлбарладагт уран зургийн гайхамшигт чанар оршдог юм болов уу. Хэрвээ үнэхээр тийм бол сэтгэл гижигдэм нууц чанар, үл тайлагдах дүр дүрслэлийг бүтээдгээрээ зураачид оюун санааны өдөөн хатгагчид юм байна.
Өнгөрсөн амралтын өдөр “Цагаан дариум” галерейд дэлгэсэн үзэсгэлэнгийн үеэр ийм бодол төрөв. Монголын орчин үеийн дүрслэх урлагийн “акул” гэгддэг Төрийн шагналт зураач До.Болд, түүний гэргий, урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг нарын хамтарсан үзэсгэлэнд очсон минь тэр.
Тэд 2015 онд туурвисан бүтээлүүдээ хоёр оны зааг дээр тайлагнаж байгаа аж. Зураач До.Болд “Үзэсгэлэн гаргая гэж зорьж хийсэн бүтээлүүд биш ээ. Өдөр тутмын амьдрал, өвөл, зуны дүр зургаас эхлээд байгалийн түг түмэн өнгө, үзэгдлийг харуулсан бүтээлүүд дэлгэлээ.
Эдгээр нь хүнд тайван амгалан сэтгэгдэл төрүүлнэ. Бүтээлүүдээ зурахдаа судалгаа их хийсэн” гэв. Байгалийн гаргадаг өнгө, ааш авир бүхнийг бийрийн бичилт, өнгөний хослолоор илэрхийлсэн зохиомж зонхилно.
Харах бүрт уй гуниг, хөнгөн уйтгар төрүүлж орхидог, навчсаа гөвсөн “нүцгэн” моддын дүрслэл нь хүртэл сэтгэлд амар амгаланг эрэн мэндчилэх шиг санагдсан шүү.
Жаргал, зовлон, баяр гуниг хосолсон 30 гаруй жилийг тэд хамтдаа үджээ. Одоогоос хоёр жилийн өмнө зураач бүсгүй хорт хавдраар өвдсөн ч, ойр дотнынхных нь дэм тус, сэтгэлийн их хүч түүнд энэ бүхнийг даван туулах тэнхээ хайрлажээ.
Тэр цагаас хойш уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн нь энэ юм. Я.Оюунчимэг зураачийн ханийнх нь сэтгэлээс харин тэр аймшигт дурсамжууд одоо ч гардаггүй бололтой. Тэр үзэсгэлэнгийн нээлтэд энэ тухай хэлээд, нулимс дуслуулж байлаа.
Үзэсгэлэнд хоёр зураачийн анд нөхөд, төрөл төрөгсөд, үе үеийн шавь нар, дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчид иржээ. Мөн Япон болон Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шимизү Такэнори, Мурат Карагөз нарын хүндтэй зочид ч байв.
Урлаг судлаач О.Осор ”Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд сэтгэлгээний чиг хандлага руу ойртсон нь харагдана. Бодит байдлыг гэрэл зурагт тусгадаг.
Үйл явдлыг тодорхой дүрслэхийн оронд хүмүүсийн тэр бүр харж чаддаггүй сэтгэлийн догдлол, мэдрэмжийг өнгө хувирлаар гаргах гэсэн нь зөв эрэл болжээ.
Оюунаа багш зураасан зургийн мэргэжилтэй. Сүүлийн үед уран зурагт дурлах болж. Бүтээлүүд нь ихэвчлэн импрессионист өнгө аястай. Байгаль хоромхон зуурт гаргадаг тэр өнгөнүүдийг хүртэл харуулж чаддаг.
Байгальтай уралдаж тэр бүхнийг илэрхийлээд байгаа юм шиг санагддаг. Бүтээлийг нь ажиглавал хэдэн мянган өнгө харж болохоор. Харин До. Болдын хувьд энд буй бүтээлүүддээ эршүүд хүчтэй өнгө сонгосон нь анзаарагдаж байна” хэмээн онцолсон.
Уран бүтээлчдийн залгамж халаа болсон анхны шавь нарынх нь нэг зураач З.Уянга “Уран бүтээлч хүн байнга хөгжиж байдаг. Энэ үзэсгэлэн хоёр уран бүтээлчийг хэр хөдөлмөрч вэ гэдгийг харуулж байна” гэлээ.
Зочид их л сэтгэл өөдрөг буй нь мэдрэгдэнэ. Японы долоо дахь том хот Киотод байдаг алдарт “Алтан сүм”-ийг дүрсэлсэн бүтээл Шимизү Такэнорийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. Зураач Я.Оюунчимэгийн бүтээлд цэцэг зонхилно.
Сайн мэдэх нэг нь түүнийг цэцгийн ганц дэлбээг ч хөөрхөн хэмээн хайрлаж чаддаг, зөөлөн хүн гэж ярьсан. Түүнээс “Бүтээлээрээ юу шивнэхийг хүсэв” гэхэд “Бид байгаль дэлхийн хүчээр л амьдарч байгаа шүү дээ.
Тийм учраас хүний олж хараагүй, байгалийн нарийн нандин шинж чанарыг харуулахыг зорьсон” хэмээв. Хоёр зураачийн үзэсгэлэн энэ сарыг дуустал гарах тул та “Цагаан дариум”-ыг зориорой.
Ж.СУВДМАА