Дөнгөж өчигдөр л даваа гариг байсан мэт мэдрэмж төрнө. Гэтэл аль хэдийнэ амралтын өдөр ирчихэж. Цаг хугацаа уралдааны морь шиг шуугиад өнгөрөх мэт мэдрэмж төрж байна уу?
Мэдээж ертөнц хэмнэлээ алдаагүй, дэлхийн бөмбөрцөг сэнсэртэл эргэж, өдөр, шөнө хоромхон зуурт ээлжлээгүй. Харин амьдралын хэмнэл үерийн ус сад тавих мэт зүсэн зүйлийн үйл явдлаар цатгалдан, садран урсдаг болжээ.
Тэр хэмнэлд зохицох гэж адгахдаа цаг хугацааны мэдрэмжээ алдсан бололтой, би. Нөхөдтэйгөө уулзахаа хойш тавьж, унтах нойроо хумслаад ч долоо хоногийн эхэнд төлөвлөсөн ажлынхаа хагасыг л амжуулав.
Магадгүй байнга “гэрийн даалгавар”-тай явдаг болохоор сэтгүүлч хүнд ийм сэтгэгдэл төрдөг юм болов уу. 30 настны амьдралын хэмнэл ингэж хурдасдаг юм болов уу. Ай, мэдэхгүй ээ.
Уншихаар зэхсэн ном, уулзах ёстой хүн, үзэх кино, хийх ажил, тавьж амжаагүй асуулт өч төчнөөн байна. Хүсэл далай мэт арвин ч түүнд би дарвуул ч үгүй, сэлүүр ч үгүй завьтай хөвж яваа мэт санагдана.
Мэдээллийн технологийн өндөр хөгжил амьдралын хэмнэлийг хурдасгадаг ч байж мэднэ. Фэйсбүүк, твиттэр, цахим хуудаснаас тархи руу цацсан үй түмэн мэдээллийг боловсруулах мэдлэг дутаж, түүндээ түүртэхдээ цаг хугацааг анзаарахаа больжээ гэж эцэст нь дүгнэлээ.
Амьдралын хэмнэл биднээс хурд шаардаж байна. Хойшид ч залхуурах, назгайрах, хөшүүн зангаа гээж, дайчин шаламгай байхыг биднээс илүүтэй шаардах биз.
Зуны амралтаараа төрж өссөн нүүдэлчин ахуйгаа зорилоо. Тэнд цаг хугацааг удаашруулчихсан мэт сэтгэгдэл төрнө.
Яарахгүй, адгахгүй, уурлахгүй, бугуйн цагаа ч харах шаардлага алга. Шувуу нисэх нь хүртэл удаашруулсан дүрс бичлэг мэт санагдана. Гарч, орж, байж суух газраа олохоо больсон би төрсөн ахуйгаасаа төсөөрснөө ой тойндоо ортол мэдрэв.
Нүүдэлчин ахуйн амьдралын хэмнэл алмайрал мэт. Олон зууныг дамнан хөвөрсөн их алмайрал биднийг бусдаас хожимдуулсан юм биш үү?
Хурд, хөгжил хоёр хамсаатан аж. Мэдэх, чадах, сэтгэх, мэдээлэл боловсруулах, хариу үйлдэл үзүүлэх хурд эцэстээ хөгжил болдог юм байна.
Хүссэн мөрөөдсөн хөгжилдөө хүрэхэд монгол хүнд хурд хэрэгтэй, тийм үү. Эргэцүүлж нэг бодоорой. Бодох нь ээ, дөнгөж саяхан л шинэ жилээ тэмдэглэж байсан ч юм шиг.
Т.ЭНХБАТ